Дубайд сураггүй болсон гурван монгол эмэгтэйн нэг нь жирэмсэн байж
Манай улсын иргэд гадаадад амиа алдсан тохиолдол цөөнгүй гарч байгаа талаар албаныхан мэдээлсээр байгаа билээ. Бүр тодруулбал он гарсанаас хойш 13 хүн гадаадад амиа алдсан гэх мэдээлэл байна. Тухайлбал саяхан БНХАУ-д хоёр иргэн нас барсны нэг нь Ганцмод боомтод бусдад зодуулж бусдын гарт амиа алдсан хэрэг гарсан бол ОХУ-д ажиллаж байсан монгол эмэгтэй осгож осолдсон байна.
Түүнчлэн Хөх хотод сурч байсан монгол охин оюутны байрныхаа цонхоор унаж амиа алдсан хэрэг гарсан. Талийгаач тус хотод гурван сарын хугацаагаар сурч байсан бөгөөд түүний амиа алдсан шалтгааныг гуравдугаар давхрын цонхоороо доош бууж байхад нь олс нь тасарсан, улмаар эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлж чадаагүй гэж үзсэн мэдэгдлийг манай улсын Консулын газарт ирүүлсэн байна.
Тэгвэл өнгөрсөн жилийн хоёрдугаар сард буюу одоогоос бараг жилийн өмнө гурван монгол иргэн Арабын нэгдсэн Эмират улсын хоёр дахь том хот болох Дубайг зориод ор сураггүй алга болсан талаарх мэдээллийг ар гэрийнхэн нь 11-11 төвд мэдээлжээ. Эдгээр гурван хүн нь бүгдээрээ эмэгтэй хүмүүс байсан бөгөөд нэг нь буюу Дуламжав гэгч нь хөл хүнд явсан байна. Тэрбээр хааяа нэг нөхөртэйгөө холбогддог бөгөөд тэнд төрсөн гэх мэдээллээс өөр мэдээлэл одоог хүртэл байхгүй байгаа аж. Уг нь Дуламжав нөхөр, хоёр хүүхэдтэй. Гэвч нөхөр нь эхнэрээ ямар байдалд байгаа, яагаад ирж чадахгүй байгааг нь мэдэхгүй байгаа юм байна.
Энэ талаар Засгийн газрын санал хүсэлтийн 11-11 төвд н.Дуламжавын хадам ээжийн эгч нь хандсан бөгөөд түүнтэй хамт явсан хоёр монгол иргэн бусдын гар цүнхийг хилээр авч гарсан бөгөөд үүнээс үүдэн тус улсад хоригдсон байж болох талтай гэх сураг сонсчээ. Гэхдээ тэр гар цүнхэнд хар тамхи байгаагүй ч тэрхүү гайтай тээшнээс болж ийнхүү бүтэн жилийн турш эх орондоо ирж чадахгүй байна уу хэмээн хардаж суугаа бололтой. Харин нөгөө хоёр эмэгтэйгийнх нь талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа юм байна.
URL: