Материаллаг нийгэмд амьдарч буй оюунлаг хүмүүс хөөрхий

 Community-Contributor-photo2

 

Бүх зүйлийг гэрэл гэгээтэй хардаг залуу насны ааг омгоор гадны хөгжилтэй оронд сургууль төгсөөд сурсан мэдсэнээ хэрэгжүүлж, ихийг хийж бүтээн, эх орондоо хэрэгтэй нэгэн байх гэсэн дэврүүн сэтгэлээр эх орондоо буцаж ирсэн.

Хэдийгээр мэргэжлээрээ ажиллах алтан боломж надад олдож энэ хүсэл мөрөөдлөө биелүүлэх хүсэл байсан ч төд удалгүй нийгмийн байдал энэ бүхнийг хийж бүтээхэд боломжгүй ч юм шиг сааралдуу өнгийг харж эхэлсэн юм.

Хийж бүтээхгүй байж болох ч хийсэн, хийж байгаа, хийхээр зүтгэж буй нэгнээ дэмжих төрийн бодлого байхгүйгээс үүдэн ялангуяа боловсролыг дэмждэг, биднээс хэдэн 10 жилээр илүү алхаж яваа нийгмийн зөв бодлогыг нутагшуулж, хөгжлийн түлхүүр болсон боловсролыг дээдэлдэг системийг монголд нэвтрүүлэхээр чадлынхаа хэрээр тэмцэж буй хувийн хэвшлийн байгууллага, хамт олныг дэмжих нь бүү хэл хаалгаараа ч шагайлгадаггүй, бүүр тодруулбал өрсөлдөгчөө болгож хардаг төрийн бодлогыг гуйвуулсан албан тушаалтнууд олонх байдаг нь нууц биш юм. Энэ бүхэнтэй нүүр тулах ямар ч хувийн байгууллага, хамт олон, тэр тусмаа залуу хүмүүсийн хүсэл эрмэлзэл нь мохож, өнөөх хуучин хэв загварт баригдсан нийгмийн нэг хэсэг болохоо хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болдог нь харамсалтай.

Харин хөгжилтэй орнуудад байдал ямар байдаг вэ? Боловсролын салбарт хүчин зүтгэж байгаа хувийн байгууллагуудын үйл ажиллагааг төрөөс дэмжсэн хууль батлан хэрэгжүүлж, мөн тэднийг нэгтгэн, хамтын хүчээр хөгжиж байна. Жишээ дурдахад:.

ХБНГУ-ын төрийн хэлний зөвлөлийн гишүүнтэй уулзаж бидний өнөөгийн өдөр тутмын амьдралд асуудал болоод байгаа Зөвбичихзүйн дүрмийн талаар, ялангуяа толь бичиг боловсруулан бүтээгч бидний хувьд нэн тэргүүний бөгөөд зайлшгүй гарц олох шаардлагатай болсон хэлний хөгжилтэй холбоотой асуудлаар санал бодлоо солилцож тэднийг энэ бүгдтэй мөн тулгарч байсан эсэх, эдгээрийг яаж давж гарсан туршлагыг судалж үзлээ. Тэрээр хэлэхдээ:

            “Манай улсад мөн адил ийм асуудал тулгарч байсан. Гэхдээ Төрийн хэлний зөвлөл нь энэ нөр их ажлыг хийж бүтээхэд хувь нэмэр оруулж чадах хувийн байгууллага хийгээд хувь хүн бүрийг урин нэгтгэж төрийн санхүүжилтээр энэ асуудлыг шийдвэрлэж чадсан” Ийм ажлын нэг хүн биш, нэг хувийн байгууллага биш, тухайн мэргэжлээр мэргэшсэн мэргэжилтэнгүүд нийлж байж бүтээдэг хамтын хөдөлмөр байх ёстой хэмээсэн юм.

Гэтэл манай улсад боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, нийгэмд гэрэл гэгээ оруулахад өөрийн хувь нэмрээ оруулахаар зүтгэж буй хувийн хэвшлийн байгууллагыг урьж залдаггүй юмаа гэхэд хийж бүтээе гэсэн санал шийдлийг нь сонсох, хамтран ажиллах боломжтэр бүр нээлттэй байдаггүйг энэ товчхон яриа надад сануулах шиг болсон.

Нийгмийн зөв тогтолцоог бүрдүүлж, хөгжлийг бий болгох гол хүч нь иргэдийн боловсрол. Гэтэл манай нийгэмдэхь эд зүйлсийгшүтсэн материаллаг хандлага, боловсролын хэт доогуур үнэлэмж зэрэг нь залуу хүмүүсийг өөртөө итгэлгүй, эмгэнэлтэй байдалд түлхэх хөшүүрэг болж байна. Үүний нэг тод жишээ нь гэвэл:

Хоёр жилийн өмнө Монсудар ХХК-аас уламжлал болгон жил бүхэн зохион байгуулдаг “Соён Гэгээрлийн өдрүүд“ үйл ажиллагааны хүрээнд „Мэргэжлийн тайлбар толь бүтээх“ ажлыг эхлүүлээд байгаа тухайгаа албан ёсоор зарлаж Боловсролын Яам болоод эрдэмтэн мэргэдийг хамтран ажиллахыг уриалсан боловч өдийг хүртэл энэ ажлыг хийж бүтээхэд хувь нэмрээ оруулах сураг алга байна. Энэ нь хөгжилтэй орнуудын төрийн бодлоготой манай орны төрийн бодлогыг нэг жинлүүр дээр тавьж харьцуулан харвал хувийн хэвшлийн байгууллага нь Төрийн байгууллагыг хамтран ажиллахад санал тавих буюу эсрэг тогтолцоо байгааг харуулж байна. Ингээд зогсоогүй огт дэмжээгүй нь бүүр харамсалтай.

Энэ бүхний талаар төрийн өндөрлөгт байгаа эрх мэдэлтэнгүүд нэгийг бодож хоёрыг тунгаагаасай.

Монсудар ХХК, Толь бичгийн редакцын эрхлэгч Ж.Оюунаа


URL:

Сэтгэгдэл бичих