Бидний клипийг улстөржсөн гээд гаргахыг хориглосон
“Өнө мөнх орон” хэмээх дуугаараа олонд танигдаж байгаа хамтлаг бол “Увертюра” хамтлаг. Тэд монгол поп опөра урсгалын дэлгэрүүлж байгаа залуус. Туc хамтлагийн гишүүн гишүүн Ж.Ганбаатарыг “Уран бүтээлж” булаандаа урьж ярилцлаа.
-”Увөртюра” хамтлаг байгуулагдаж байсан үөийг эргэн дурсвал?
-Бид дөрөв Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн ангид хамт суралцаж төгссөн. Нэг анги байсан болохоор энэ тэнд байнга дуулдаг байсан. Тухайн үөдээ хамтлаг байгуулах талаар огт боддоггүй байж. Манай хамтлаг анх таван гишүүнтэй байсан. Гэхдээ нэг гишүүн маань зайлшгүй гарах шаардлагатай болж дөрвүүлээ үлдсэн. Сэтгэл санаа нийлсэн хүмүүс байсан болохоор уран бүтээлээ хамтарч хийн хамтлаг байгуулахаар шийдэж санааг нь би гаргасан юм.
Нөгөө гурвыгаа дуудаад л хэдүүлээ олон жил хамтарч дууллаа хамтлаг байгуулж дуулвал ямар вэ гэсэн юм. Нөгөө гурав ч маш сайхан хүлээн авч хамтлаг болсон. Хамтлаг болоход маш их тэвчээр бас хөдөлмөр шаарддаг юм билээ. Бид өмнө нь олон жил хамт байсан болохоор нэгнийгээ ойлгож дэмжээд явж байгаа.
-Хамтлагийнхаа нэрний утгыг сонирхуулаач ер нь яагаад ийм нэр өгсөн юм бэ?
-Анх манай хамтлаг ийм нэртэй байгаагүй л дээ. Анхны уран бүтээлээ хийчихээд клип гаргах үедээ хамтлагтаа нэр өгөөгүйгээ мэдсэн. /инээв/ Ингээд л тавуулаа юм чинь гэж бодоод “I 5″ гэж нэрлэсэн. Харин дөрвүүлээ болчихоод нэрээ өөрчлөх гээд яруу найрагч, хөгжмийн зохиолч зэрэг олон хүнээс санаа оноо асуусан. Хамгийн гол нь монгол нэр л өгмөөр байна гэж бодсон. Тэгсэн нэг өдөр манай Хөгжим бүжгийн коллежийн багш, доктор Сүхээ биднийг дуудсан юм.
Толь бичиг харж байгаад 30 гаруй нэр биччихсэн аль нэгийг нь сонго гэсээр л биднийг угтав. Эхнээс нь уншаад цаад утгыг нь бодож явсаар байгаад энэ нэрэн дээр тогтсон. Томоохон хөгжмийн бүтээлийн өмнө удиртгал хөгжим гэж байдаг даа. Түүнийг хөгжмийн хэлээр “Увертюра” гэдэг юм билээ. Анхны болоод эхлэл гэдэг утгаар нь энэ нэрийг сонгосон. Мэргэжлийн ангийг төгссөн болохоор чихэнд ч сонсголонтой сонсогдож байсан.
-Танай хамтлагийн анхны уран бүтээл нь “Өнө мөнх орон”уу?
-Тиймээ. Бидний анхны уран бүтээл болох “Өнө мөнх орон” гэх дуу маань хүмүүсийн сэтгэлд их хүрсэн гэж бодож байгаа. Энэ дууны аяыг Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шарав бичсэн. Ая нь түүний “Сэтгэлийг эгшиг” хэмээх аялгуу шүү дээ. Харин шүлэг нь Өлзийтөгсийнх. Дууны ая нь байгаль, эх дэлхийн тухай өгүүлж байгаа мэт маш уянгалаг ухаарлын ая байсан. Өлзийтөгс эгч ч гэсэн аяанд нь таарсан гоё үг бичиж өгсөн шүү.
Анхны гэдэг утгаараа хоолойны бичлэг, клип хийлгэх гээд л хэцүү асуудал их байсан. Хэцүү бүхнийг давсаны дараа клипээ үзээд сууж байхад их сайхан байлаа. “Өнө мөнх орон” дууны утга санаа бол өнөөдөр Монгол Улсад тулгамдаж байгаа асуудлын нэг болох байгаль эх дэлхийгээ хайрлах, хүн байгаль хоёрын шүтэлцээ юм. Энэ дууны клипийг хийх гэж их юм болсон доо. Бид клипнийхээ зохиолыг уншаагүй, юуны тухай өгүүлэхийг нь мэдэхгүй Налайхын Городок хогийн цэг дээр нь очсон.
Клипнийхээ зургийг авахуулах гэж очиж байгаа нь тэр. Хогийг цэг дээр жинхэнэ амьдрал өрнөдөг юм билээ. Уул овоо мэт овоолсон хогийн цэг дээр хүүхдээ хөхүүлээд сууж байгаа ээж, хогоо түүж, хоолоо хийж байгаа хүмүүс гээд л. Биднийг зураг авалт хийж байхад тэд тоож байгаа ч юм алга. Хоорондоо зодолдоод л… Үнэхээр харамсмаар бас өрөвдөлтэй элэг эмтэрмээр. Тэр өдөр цаг агаар цаанаа л нэг зэврүүн салхи шуураад л… ер нь цагагаар бидний дууны утга агуулгатай яг таарч байсан гэх үү дээ.
Гэхдээ энэ дууны клипийг зурагтаар цацахыг хориглосон. Учир нь клипний дунд хэсэгт төрийн хоёр тэргүүн гарын үсэг зурж байгаа дүрс гардаг юм. Түүнийг нь хараад улстөржсөн клип гэж хориглосон. Гэхдээ бид шантрахгүйгээр Б.Шаравын ая Д.Сосорбарамын үг “Цагийн аяс” гэж хоёрдугаар ангийг нь хийж клипжүүлсэн. Энэ аяыг хүмүүс мэдэх байх. “Илүү сартай зун” уран сайхны кинон дээр эгшиглэдэг шүү дээ. Бид цаашид Монголын томоохон хөгжмийн зохиолчдын бүтээлээр уран бүтээлээ хийх болно. Бас монгол поп опөра урсгалаа тууштай хөгжүүлнэ гэж бодож байгаа.
-Анх тайзан дээр гарахдаа сандарч байв уу?
-Анхны гэдэг утгаараа бага зэргийн сандрал бол байсан. Гэхдээ үзэгчдийн алга ташилт биднийг хүлээж авах байдал гээд бүгд биднийг тайвшруулж байсан. Ер нь үзэгч сонсогчид гэдэг урлагийнхны бурхад юм. Үзэгчдээсээ маш их энерги, эрч хүч авдаг шүү.
-Шинэ залуу хамтлаг учраас бусдаас үлгэр дууриал авах зүйл зөндөө л байгаа байх?
-Мэдээж байлгүй яах вэ. “Voice” групп бол маш гайхалтай хамтлаг. Тэдний хийж байгаа шинэ уран бүтээлийг бид харж түүнээс үлгэр дууриал авахыг хичээдэг. Бас “Ньюанс”, “Классик жөм” хамтлагуудыг хүндэлдэг. Эдгээр хамтлагууд бүгд л бидний багш гэсэн үг.
-Монголын урлагийг ямар хэмжээнд яваа гэж боддог вэ?
-Бид ийм нийгэмд амьдарч байгаа азтай хүмүүс. Бүх зүйл нь элбэг. Тийм болохоор урлаг ч гэсэн үүнтэй ижилхэн хөгжиж байгаа. Бид бол Монголдоо урлагийг хөгжүүлж чадсан. Одоо дэлхийн тавцанд гарах л дутуу байна. Ардын үндэсний урлаг бол дэлхийн тавцанд гарчихсан шүү дээ. Харин дэлхийн хэмжээний урлаг болох сонгодог, поп гээд төрлүүдээр дэлхийн хэмжээнд гаргах л дутуу байна гэж боддог.
Г.Тогос
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: