Эмнэлгийн дарга танилтай болъё

SONY DSCМанайхан танилтай бол талын чинээ гэж ярьдаг.

Энэ бол яах аргагүй үнэн үг юм. Хэрвээ төрийн ямар нэгэн байгууллагад  танил талтай бол таны ажил сэтгэлчилэн бүтнэ. Тэр ч бүү хэл олон хоногоор дараалал болж байж авдаг эмнэлгийн тусламж эмчилгээг “арын хаалга”-даад л авчихна. Ёстой гайхалтай.

Эмч нарыг хүлээж хайран сайхан “алтан” цагаа үрэхгүй. Дээр нь эмчилгээний цогц үйлчилгээг авах боломжтой. Хэрвээ дүүргийн эмнэлэгт ч юм уу эсвэл үйлчлүүлэгч ихтэй байдаг Хавдар судлалын үндэсний төвд танил талгүй бол наад тал нь 14 хоног хүлээх шаардлагатай. Харин танил талтай бол аль болох завтай, чөлөөтэй үеэрээ ирээд л үзүүлчих боломжтой.

Тэгэхээр эмчид үзүүлэх цаг авна гэж байхаар эмнэлэгт ажилладаг танилтай болчих юм бол хамаагүй хурдан эмчилгээ, үйлчилгээ авч чадна. Өмнө чинь хоёр хүн байна уу, хорин хүн байна уу хамаагүй. Шууд л эмчийг нь дагаж ороод л үзүүлчихнэ. Тэгээд таньдаг хүн чинь эмнэлгийн дарга ч юм уу томоохон албан тушаалтай байвал бүр сайн. Бүх тасаг дээр очоод л танил талынхаа нэрийг нь хэлэхэд  бүх хаалга “нээлттэй”.

Ер нь яахав дээ чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг. Энэ үг хэтэрхий дээрэнгүй сонсогдож байгаа ч гэсэн энэ мэт дараалал ихтэй, хүнд сурталтай эмнэлгийн үйлчилгээг яаралтай авахын тулд танил талаараа дэмжуулаад авч байгаа хүмүүс харин ч их сэргэлэн.  Танил талаараа дамжуулаад өөрийнхөө цагийг хэмнээд хурдан шуурхай, сэтгэлд нийцсэн үйлчилгээ авч байгаа эдгээр хүмүүст ямар ч буруу байхгүй. Эмч нар ч гэсэн буруугүй.

Хэн ч гэсэн өөрийнхөө таньдаг болон танилынхаа таньдаг хүнийг үзэхийг л хичээнэ шүү дээ. Тиймээс  эмнэлэгт ажилладаг танил талгүй бид нарын л буруу. Одооноос facebook, twitter, yahoo messenger гээд бүхий л цахим хуудсаараа болон зар мэдээгээр дамжуулж эмнэлэгт ажилладаг танилтай болъё.

Н.Баасанжаргал

http://stat.gogo.mn/news/2010/6/15/uls%20turiin%20toim%20shine480x.jpg


URL:

Сэтгэгдэл бичих