Бие даагчдаас татгалзья

527-138983830720c1mbasimc56alkhdrps1dhjcУИХ-ын гишүүн асан З.Алтай “Бие даагчид надаар дуусч, би түүх болон үлдэнэ” гэж билээ. Яг зөв. Түүний энэ үг биелэлээ олсон бол аштай юу. Тэгсэн бол хууль тогтоох дээд байгууллага Улаан дэнлүүний гудамжны дүрмээр тоглохгүй байлаа. Бие даагч гэдэг нь аль нэг улс төрийн намд харьяалагддаггүй улстөрчийг хэлдэг.

 

Энгийнээр хэлбэл, сайн дурын уран сайханч. Хэн нэгнээс үл хамааралтайгаар уран бүтээлээ туурвина. Аль нэг улс төрийн намын бодлогыг дэмжих эсэх эрх өвөрт нь бий. Хэн ч түүний өмнөөс шийдвэр гаргах ёсгүй. Энэ утгаараа магадгүй тэр төвийг сахигч. Харамсалтай нь, ардчилсан парламенттай манай улсад ийм зарчим бараг үйлчилдэггүй.

 

Анх 1992 онд МАХН-ын гишүүн Г.Зуунай бие даан нэр дэвшин, сонгогдож байлаа. Дараагаар нь 2000 онд Л.Гүндалай, 2004 онд Р.Амаржаргал, Д.Одхүү, Я.Санжмятав, 2008 онд З.Алтай нар сонгогдсон бол 2012 оны сонгуулиар Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар парламентын босго алхав.

 

Тэдний олонхийг гомдогсод болон гологсдын тойргийнхон гэнэ. Д.Одхүү, Р.Амаржаргал нарын гурван гишүүн АН-даа гологдон бие даан нэр дэвшээд ялалт байгуулж байлаа. Ц.Даваасүрэн болоод Х.Болорчулууны хувьд хуучин МАХН-ын угшилтай нөхдүүд. Энэ бүхнээс харахад намын нэр дэвшүүлэлт суудал авчрах жинхэнэ лидерээ гаргах бус хувийн жижиг ашиг сонирхлоор хийгддэг гэж дүгнэж болохуйц.

 

Гэхдээ эргээд худалдагдчихдаг энгийн дүрэмтэйг яалтай. Хэрэггүй гээд хаясан хогоо эргүүлж тойруулсаар байгаад халаасалчихдаг арчаагүй арга байнгын ажиллагаатай парламентад амь бөхтэй оршсоор байна. Тэрчлэн бие даагчид парламентад байсны ашиг тусыг өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд харсан билүү, сонгогчид.

 

Ганц хүнээр жишээ татахад, Л.Гүндалай бие даан нэр дэвшиж, парламентад сонгогдсон ч АН-д “худалдагдав”. Тухайн үед түүнийг оролцуулаад хоёрхон суудалтай болоод байсан намын дуу хоолойг УИХ-ын танхимд хүргэж эхэлснээс биш ганц өөрт нь итгэл хүлээлгэсэн сонгогчдыг хоёрдугаарт тавьсан юм.

 

Тэр бүрэн эрхийнхээ эхний хугацаанд тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг гадаадын тагнуул гэх нууц бичиг баримтыг олсон хэмээн мэдэгдэж, урт хэл хүзүү орооно гэгчээр хүчнийхэнд саатуулагдсан намтартай. 2004 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсоноосоо хойш Эрүүл мэндийн сайд болох хүслээ ил тод илэрхийлж байсан ч эвслийн Засгийн газарт багаагаагүй.

 

Улмаар 2005 онд “Ард түмний нам” байгуулж байж М.Энхболдын Засгийн газарт хүссэн суудлаа авав. Гэвч төрийн мэдлийн эмнэлгүүдийн дарга нарыг өөрчилсөн түүний тушаалыг эсэргүүцэгчдийн тэмцэл жилийн дараа түүнийг сайдын албан тушаалаас нь огцруулахад хүргэсэн. Эцэст нь тэр хуучин буурин дээрээ эргэж ирсэн юм.

 

2008 оны дөрөвдүгээр сард АН-ын хаяаг бараадаж, амь аврагдсан гэлцдэг л юм. Нэг ёсондоо Л.Гүндалайгийн хувьд АН хорогдох байр болж хувирах нь тэр. Энэхүү хорогдох байранд өнөөгийн гурван бие даагч ч орогнол хүссэн бололтой юм. Тийм байхаас өөр аргагүй байдалд эрх баригчид ч оруулдаг юм хойно.

 

УИХ дахь намын бүлгүүдтэй барьцаж зөвлөл байгуулж байсан тэд шахаж, шаардаж байсан асуудлуудаа цөмийг нь шүүгээндээ хийгээд хав дарчихаж. “Засгийн газрыг чинь огцруулна шүү” гээд Н.Алтанхуягийн өөдөөс том дуугарч шаардах хуудсаар шавхуурдаж байсан тэд өнөөдөр ганц ч үг сөрж чадахаа больсноос нь харж болно.

 

Оюутолгойн асуудлаар эрүүднэ гэж байсан ч талаар боллоо. Бие даагчдын энэхүү мэдэгдэл ажил хэрэгч шаардлага уу, бие даасан улс төрийн тоглолт уу гэдгийг ялгаж салгах хэрэгтэй байж. Гол нь өөрсдөө нэр цэвэр, гар цэвэр, Ерөнхий сайдтай хувийн ямар нэгэн тохиролцоо энэ тэргүй байж л Засгийн газартай хариуцлага тооцвол уг нь хамгийн гоё.

 

Харамсалтай нь, тэд сайдын энтэй, эрх мэдэлтэй яваа мэдээлэл хэвлэлийн хуудаснаас салахаа болилоо. Баян айлын ууган хүү шиг аашилж компани бэлгэнд авчихсан аятай газар, агентлагт өөрсдиин ах дүү, амраг садангаа томилуулж байна гээд л…
Бүрэн эрхийн хугацаа талдаа орох гэж байхад бие даагч гурван гишүүнээс үр дүн гарсангүй. АН-д кнопоо худалдаж, албан тушаалд хүрснийг нь үр дүн гэж тооцохгүй л бол. Өчигдөрхөн гэхэд Ц.Даваасүрэн Төсвийн байнгын хорооны даргаараа улиран сонгогдлоо.

 

Багагүй хугацаанд гацааж, эрх баригчидтай эвцэлдэх саналыг тулгасан тухай яриа хөөрөө, бий. Юутай ч тэр албан тушаалдаа үлдлээ. Харин Х.Болорчулуун Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга, С.Ганбаатар Бие даагчдын зөвлөл гэж байгуулаад өөрөө даргаар нь сонгогдчихсон. Энэ бол ил албан тушаал.

 

Ард нь АН-тай тохироо хийж, ах дүүсээ хоолтой болгосон гэдэг. Тухайлбал, Ц.Дагжүрэн байнгын хорооны даргын суудал дээр нэмж ИНЕГ-ын нууц ноёнтон болсон гэх. Х.Болорчулуун Жижиг, дунд үйлдвэрийн дэд хорооны даргаас гадна Монгол-Оросын хамтар-сан “Монголросцветмет” нэгдлийг өвөртөлсөн гэх юм билээ.

 

Улмаар дүү нь захирлын албан тушаалыг хашиж буй. Харин С.Ганбаатар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд оролцох дархан эрх эдлэхээс өөр зүйлгүй хоцорсон гэж байгаа. Уг нь бие даагчид нам, эвслийн амбицад авталгүйгээр ард түмний дуу хоолой болсон бол нийгэмд дэндүү гоё харагдах байлаа.

 

Ийм хошин улс төрийн тоглолт хийгчдээс сонгогчид залхаж байна. Эргээд намдаа худалдагдчихна. Аль эсвэл биеэ үнэлж, ах дүүсээ хоолтой залгуулдаг арчаагүй байдлаас татгалзья. Байнгын ажиллагаатай парламентыг Улаан дэнлүүний гудамж шиг үзэж, цагаан захтнуудын биеэр наймаалцахаа зогсоох цаг болжээ, сонгогчид оо.

Л.Нинжсэмжид

Эх сурвалж: “Нийгмийн шуудан” сонин


URL:

Сэтгэгдэл бичих