Энэтхэгийн Монголчууд
Монгол, Энэтхэг Оюун санааны хөршүүд “Гуравдагч хөрш”, Түншүүд
1980-д оны үед БНЭУ-ын төрийн сайд Доктор Каран Сингх Монголд айлчилсан түүхтэй.Тэрээр Энэтхэгийн Жамму Кашмирын гаралтай хүн тул Хүннүчүүд Кашмирыг хэрхэн эзэлж, суурьшин ууссан түүх, Бурханы шашины урсгал, Монголчууд 5-7 зуны үед Энэтхэгийн Наландагийн их сургуульд суралцаж байсан болон Энэтхэгийн Трипатика зохиол Ганжуур Данжуур нэрээр Монголд нэвтрэн тархсан зэргийг сайн мэддэг Кашмирын Вангийн үе залгамжлагч билээ.
Тэр хүнийг Монголд айлчлуулах гэж Нью Делид суугаа Элчин сайдын Яамны хамт олон бид тэрүүхэндээ нэлээд хөдлөөд авсан юм даг. Тэрээр Монголд айлчлахын өмнө Монголтой холбоотой Энэтхэгийн түүх, соёлын зүйлийг эргэн харсан нь ойлгомжтой.
Монголд айлчилж байхдаа тэрээр ” Энэтхэг, Монгол оюун санааны хөршүүд юм – India-Mongolia are spiritual neighbours” гэдэг үгээ айлдсан юм. Тухайн үед энэ үгийг зөвхөн Бурханы шашинтай холбож үзэж байсан хүн байсан . Энэ үг бол хоёр орны эртний хэлхээ холбоо, таван ухааны ном судрын харилцан тархалт, нэртэй том мэргэд харилцан зочилдог байсан, Монголчууд Наландагийн их сургуульд очиж таван ухаанд төгс болоод ирдэг байсан зэргийг нэгтгэн дүгнэсэн хоёр орны харилцааны гүн гүнзгий тодорхойлолт байлаа.
Доктор Каран Сингх БНЭУ-аас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар хожим нь томилогдож “Миний богинохон аялал” гэдэг номоо бичсэн. Түүндээ дипломат миний сонсоогүй хоёр зүйлийг тэмдэглэсэн байсан. Тэрээр Вашингтонд элчин сайдаар ажиллахдаа Элчин сайдын Яамандаа 7 хоногт хоёр удаа очдог гэж бичсэн байсан.
Үүнийг уншаад эхний үед яасан сонин юм бэ гэдэг бодол над төрөөд цааш нь уншаад үзсэн чинь тэрээр АНУ-д Энэтхэгийг дэмждэг Лобби бий болгохын тулд өдөржин, оройжингоо ажилласан тухайгаа тэмдэглэсэн байсан. Лобби үүсгэх ажил Каран Сингхийн үндсэн үүрэг байсан тул Элчин сайдын Яамаараа 7 хоногт хоёрхон удаа очдог байсан учрыг ойлгож түүнийг нь энд онцлон тэмдэглэхийг хүссэн юм.
Түүний зэрэгцээ Энэтхэгийн Элчин сайдын Яаманд данстай боловч АНУ-д Лобби үүсгэх тусгай групп дипломатууд ажилладаг талаар тэмдэглэсэн байсан.Тэдгээр хүмүүс бол АНУ-ын Конгресс, Төрийн департамент, Ерөнхийлөгчийн аппаратананд ажиллаж байгаа хүмүүсд Энэтхэгийн бодлогыг тайлбарлан таниулах, буруу ташаа бодлогыг өөрчлөх үүргийг хүлээдэг талаар бас тэмдэглэсэн байсан.
Монголын бодлого зохиогчид, хэрэгжүүлэгч нар дээрх санааг нягтлан үзээд, ядахдаа манайд айлчлан ирж байгаа болон Элчин сайдын урилгаар ирж байгаа нэр төртэй, нөлөөтэй хүмүүстэй хэлхээ холбоо тогтоох, тэдэнтэй танилцах, хувийн хэлхээ холбоог бий болгох” Шинэлэг ажиллагаа”-г Улаанбаатарт эхлээд бий болгоосоо гэсэндээ үүнийг тэмдэглэж байгаа юм. Дэлхий даяар тархан суурьшсан еврейчүүдтэй ажилладаг Израйлийн туршлага ч бэлэн байна.
Энэтхэгчүүдийн зарим эрдэмтэн манай хоёр орны хэлхээ холбоог 10 000 жилийн түүхтэй гэж ярьдаг. Энэтхэгээс хүмүүс Монголд ирж суурьшаад тэд буцаж, Энэтхэгтээ эргэн очсон тэрхүү хүмүүсийн ургийн бичиг байгаа талаар баримт үзүүлдэг. Өөрөөр хэлбэл Хятадын нутгийг алслан бид эртнээс хоорондоо хэлхээ холбоотой байжээ.
Монголд байдаг Ганга нуурыг хүртэл Ганга мөрөнтэй холбон тайлбарладаг домог бас бий, Монголчууд яагаад Ганга голын рашааныг эрхэмлэн хүртдэг талаар ч бас олон зүйл түүхэнд үлдсэн байдаг. Нөгөөтэйгүүр 1857 онд Могулын эзэнт улсын сүүлчийн хаан Бахадур Шах Зафар Англичуудын эсрэг Энэтхэгийн бүх хүчийг босгон байлдаж хэдийгээр ялагдсан боловч түүнийг Энэтхэгийн түүхэнд өндрөөр үнэлж, Нью Дели хотын нэгэн гудамжийг түүний нэрэмжит болгосон байдаг.
Бахадур Шах Зафарыг Бирмийн нийслэл Рангунд цөлж тэндээ насан өөд болсон түүх бий. Түүний үр садтай би саяхан уулзаад Хөх толбо сонины 11 сарын дугаарт нийтлэл бичсэн. 1940-д оны үед Энэтхэгийн сэхээтэн залуус Англичуудын эсрэг тэмцэлд нэгдэж , цагаан арьстангуудад яахаараа бид чинь бөхийн сөгдөж амьдрах ёстой юм, тэднээс өөрсдийгеө чөлөөлөн гаргаж чадахгүй юм гэж үү зэрэг асуултыг гарган тавьсан байдаг.
Тэгэхдээ тэд Ази тивд цагаан арьстангуудыг болон дэлхий дахиныг сөгдүүлж явсан, Энэтхэгчүүдэд дууриал болохуйц, тэдний тэмцлийг сэргээж чадах улс үндэстэн байна уу гэдэг асуулт тэд тавиад хариуг нь “Монгол улс, Чингис хаан” гэж гарган ирж монголчуудаар, Чингис хаанаар өөрсдийн бахархалаа болгож, тэмцэлдээ үлгэр дууриал болгон авч тэмцсэн. гэдэг нэгэн түүх бий.
Тийм ч учраас НҮБ-ийн индэрээс БНЭУ-ын анхны Ерөнхий сайд Жавахарлал Неру өөрөө биеэр Монголыг НҮБ-д элсүүлэх шаардлага онцлогийг цохон тэмдэглэж байсан мартагдашгүй сайхан түүх байдаг билээ. Ийнхүү манай хүмүүс Монгол-Энэтхэгийн оюун санааны хөрш гэдэг ойлголтоос “Гуравдагч хөрш” -ийн санаагаа үүсгэн гаргасан түүхтэй талаар манай зарим эрдэмтэн, түүхчид тэмдэглэсэн байдгийг би лавшруулахыг хүсч байна.
Түүний зэрэгцээ Академич Ш.Бира Монголын Тэнгэрийн үзэл ба Тэнгэрчлэл, Тэнгэризм гэдэг үзэл санааг дэлхийчлэлтэй холбон гаргаж тавилаа. Тэрээр ” Мөнх Тэнгэрийй хүчин -дүр, Хааны суу залийн ивээл-дүр” эртний Монголын улс төрийн гүн ухааны гол тулгуур үзэл баримтлалын товчхон бөгөөд гүн утга төгөлдөр томьёолол мөн хэмээн үзэж болно” гэж Их Монгол Улсын түүх, үзэл суртлын зарим онцлог асуудлууд номондоо тэмдэглэжээ.
Энэ бол Монгол Улсын “Гуравдагч хөрш”ийн үзэл баримтлалын гүн ухааны үндэслэл байж болох талтай. Өнөөдөр Монгол Энэтхэг оюун санааны хөршүүд, Гуравдагч хөрш мөн бүх талын харилцаа, хамтын ажиллагаа явуулагч түнш орнууд болжээ.
“Гуравдагч хөрш”-ийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэгч хөрс шороо, бодит үндэслэл нь хаана байна вэ гэж асуудаг хүмүүс бас байдаг. Тэгвэл Монголчууд чинь дөрвөн эзэнт улсыг / Алтан орд, Могулын эзэнт улс, Ил хаант улс, Юанийн/ Хувилай хааны эзэнт улс/ зохицлон байгуулж тэнд олон сайхан барилга, орд харш, урлаг соёлыг үлдээхдээ Монгол хүмүүсээ нэгэн адил уусган орхисон билээ. Одоо тэдний тоо 100 сая орчимд хүрчээ.
Тухайлбал Энэтхэгт 30 сая, Балбад 10 сая, Афганистанд 6 сая, БНХАУ-д 5.8 сая, ОХУ-д өөрсдийгөө Монгол гэж бүртгүүлсэн бараг нэг сая орчим хүмүүс байхын зэрэгцээ Төв Ази, Азербейжан, Армян, Иран, Ирак, Европын холбооны улс орон, Япон, Солонгос, Индонезид болон Америк тивд Монгол гарал үүсэлтэй тэдний биед Чингисийн цус гүйж байгаа гэсэн олон мянган хүмүүс байгааг хүн бүр мэднэ.
Тэдгээр хүмүүс бол энэхүү Гуравдагч хөршийн онолын жинхэнэ бодит үндэс суурь нь болох юм. Тэд хэдийгээр Монгол хэлээ мартсан боловч Монгол зан заншил, соёл, ахуй амьдралтай үлдсэн байна. Түүнийг нь сэргэн хөгжүүлэх үүрэг ганцхан туурга тусгаар Монгол улсад байж хэмээн бидний цар хүрээ, хаялга, бодлого ирээдүйд өргөжин хөгжих юм. Түүнд Монголын соёлын төвүүдийг байгуулах, Монгол гарал үүсэлтэнгүүдийн үр хүүхдэд цалин олгож Улаанбаатарт сургах нь нэн тэргүүний ажил болно.
Монгол улс “Том төрөөс ухаалаг төр лүү” гэсэн том хөдөлгөөн гаргалаа. Тэр нь оюун санаа, ухаанаар дэлхийд Монголчуудыг гаргаж ирэх гэсэн санаа гэж би ойлгож хүлээн авсан. Хэдэн зуун жилийн дараа Монголчууд, монгол гарал үүсэлтэнгүүд хамтраад оюун санаагаараа дэлхийг ноёрхохыг үгүйсгэх аргаүй юм аа. Энэ бол бидний алс хэтийн ирээдүй болно.
Оюун санааны хөршийн бодлого, концепцийн талаар энд давтах нь илүүц гэж үзээд харин түүнийг хэрэгжүүлэх үндэс аргатай холбоотой нэгэн зүйлийг тэмдэглэе. Энэ зүйл анх удаа гарган тавьж байгаа учраас олон янзын санал бодолтой учрах нь туйлын зөв гэж үзэх болно.
“Гуравдагч хөрш” гэдгийг Монгол Улсын ардчилал шинэчлэл, хөгжил дэвшлийг тууштай талархан дэмжин хөгжүүлэгч, орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, улс орны аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулж чадахуйц нэн хөгжингүй орнуудыг нийт утгаар төвлөрүүлсэн хураангуй томьёолол гэж тайлбарлаж болох.
Доктор О.Нямдаваа
URL: