Цалин тэтгэврийг нэмэх асуудал нууцын зэрэглэлд

4p9gptqqpn1o5s168cmhidkfav

Цагаан сараас урьтаж цалин тэтгэвэр нэмэгдэнэ гэсэн иргэдийн хүлээлт талаар болох нь бололтой.

Цалин тэтгэврийг гурван хувилбараар нэмэгдүүлнэ, 2013 оны инфляцийн төвшинтэй холбогдуулан нэмэхээс 20-30 хувиар нэмэхгүй нь гэдгээс илүү мэдээлэл хүргэж чадахгүй нь.

Учир нь, цалин тэтгэврийг нэмэх асуудал нууцын зэрэглэлд шилжүүлжээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайдад хандаж  иргэдийн цалин, тэтгэврийг хэдэн хувиар нэмэгдүүлэх, Монгол Улсын 2014 оны төсөвт тусгахдаа инфляцтай харьцуулсан тооцоо судалгаа, эмч, багш нарын цалинг олон улсын түвшинд хүргэхээр ямар бодлого боловсруулж байгаа талаар асуулга тавьсан.

Харамсалтай нь өчигдрийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар энэ асуултын хариултыг авч чадсангүй.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа байнгын хорооны хуралдааны эхэнд хэвлэл мэдээллийнхэнтэй бус хаалттайгаар хэлэлцье гэсэн санал гаргасан ч УИХ-ын гишүүд дийлэнх дэмжсэнгүй.

Хаалттай горимд шилжихгүй нь тодорхой болонгуут С.Одонтуяа хурлыг орхин гарч Ерөнхий сайдыг орлож мэдээлэл өгөх ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Би хариулт өгөх боломжгүй. Засгийн газраас цалин тэтгэврийг нэмэх асуудлыг хаалттай горимоор мэдээлэх чиглэл өгсөн” гээд гүрийчихэв.

Сангийн сайд Ч.Улаан ч хуралд байсангүйд гишүүд ч шүүмжлэлтэй хандав.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Надад албан бичгээр хариу ч ирсэн тодорхой зүйл юу ч алга. Бараа бүтээгдэхүүний үнэ, инфляци хөөрөгдөх вий гэдгээс үүдэн цалин тэтгэврийн нэмэгдүүлэх асуудалд болгоомжтой хандаж байгааг ойлгож байна.
Гэхдээ цалин тэтгэвэр нэмэхдээ ямар аргачлал, зохион байгуулалт хийж байгаа талаараа мэдээлэл өгөөч. Тэтгэвэр нэмэхдээ гол нь биш хамгийн гол нь бага тэтгэвэртэй хүмүүсийг хэрхэн ахиу нэмэх вэ. Цалингийн нэмэгдэл бүрт хойш суудаг хувийн хэвшлийнхнийг хэрхэн хамруулж гурван талт хэлэлцээр хийх вэ гээд надад олон хувилбар аргачлал байна” гэж учирлав.

Ё.Отгонбаяр гишүүн “2012 оны тавдугаар сард цалин, тэтгэвэр нэмснээс хойш өнөөг хүртэл өөрчлөгдсөнгүй. Цагаан сараас өмнө нэмээд өгчихсөн бол дээр байсан юм. Хамгийн гол нь 2012, 2013 оны инфляци, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг одоо нэмэх цалин тэтгэврийн нэмэгдэл нь нөхөж өгч чадах юм уу. Хэзээнээс эхлээд цалин, тэтгэврийн асуудал нууцын зэрэглэлд шилжчихсэн юм бэ” гэсэн асуултыг тавьсан.

С.Эрдэнэ сайдын хувьд 2013 оны инфляци 12,5 хувьтай гарсан. Инфляцийн төвшинтэй уялдуулан нэмнэ үү гэхээс 2012 оны инфляцитай нэгтгэж хамаад нэмнэ гэж ойлголт байхгүй. Засгийн газарт цалин тэтгэврийг гурван хувилбараар нэмэхээр санал дэвшүүлсэн хариултыг өгөөд мөн л хуралдааныг орхин гарлаа.

Тус байнгын хорооны дарга санал гаргаж ирэх долоо хоногт ХАХНХ-ын болон Сангийн сайдтай байлцуулан дахин энэ асуудлын талаар мэдээлэл авахаар хойшлуулав. Энэ хооронд салбар хариуцсан сайд нар Засгийн газраасаа мэдээлэл өгөх эсэхээ дахин асууж лавлая гэсэн юм байх.


URL:

Сэтгэгдэл бичих