“АПУ”-г Г.Батхүүд алдсан Х.Баттулгын өс хэзээ дуусах вэ
Цагтаа цалгиж явсан эрсийн нэг бол яах аргагүй С.Жамъянсүрэн. Монголын толгой үйлдвэр удирдаж, бас босгож, залуухан эхнэр авч, оросын мафитай хэл амаа ололцох гээд хөлтэй явсан энэ өнөөдөр эгэл нэгэн иргэн шиг амьдарч явна. Энэ тухайгаа ч тэрээр дэлгэрэнгүй ярьжээ. Тэрээр хувьцаагаа хулхидуулж хохирсон нэгэн гэдгийг уншигч бүхэн мэдэх байх. Үүнийг нийлж хулхидсан хүмүүс нь өдгөөгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын гишүүн Г.Батхүү нар гэдгийг тэр хэвлэлээр удаа дараа дэлгэж байсан. Саяхны ярилцлагдаа бүр ч дэлгэрэнгүй хэлсэн байна лээ.
Тэрээр “АПУ” компанийн 41 хувийг эзэмшдэг байгаад сүүлдээ хувьцаагүй үлдэх, дээрээ тулж, Сергей Громовтой уулзаж байсан тухайгаа дэлгэрэнгүй өгүүлжээ. С.Жамъянсүрэн “…манай экс эхнэр Алтан бид гурав уулзсан. Тэр үед Громов “Ээ. Би 20 гаруй сая доллароо зээлүүлээд авч чадахгүй болж байгаа шүү” гэж хэлж байсан. Тэр үед 13 сая ам долларыг нь Г.Батхүү зээлж авсан байсан” хэмээсэн. 2000 онд “АПУ” компанийг хувьчлах шийдвэр гарч, үүний дагуу хувьчлах дуудлага худалдаа явагджээ. Үүнд Х.Баттулга, Г.Батхүү, С.Жамъянсүрэн нар оролцож, нийтдээ 4.8 тэрбум төгрөгөөр Г.Батхүү тус үйлдвэрийг авсан байдаг. Гэхдээ “Туул интернэшнл” хэмээх зохиомол компани гарган ирж, С.Громовоос 13 сая ам.доллар зээлж дуудлага худалдаанд орсон байдаг. Тухайн үед Г.Батхүү, Х.Баттулга нарын дунд ширүүхэн өрсөлдөөн болж, Г.Батхүү мафийн мөнгөөр шахам “АПУ”-г авсан юм билээ. Үүнээс үүдсэн хонзогнол өдгөө ч хоёр эрхмийн дунд үргэлжилж байдгийг бид мэдэх билээ.
Харин энэ үед С.Жамъянсүрэн арга буюу хувьцаагаа Х.Баттулгад зарсан аж. Хамгийн гол нь тэрээр С.Громов нартай хэл амаа ололцоогүй гэдэг. Учир нь тэд мафийн хэлээр яриад байсан учраас ойлгохгүйдээ тулж мафитай хэл амаа ололцдогоор нь Х.Баттулгад хувьцаагаа зарсан хэмээв. Тэгэхээр Х.Баттулга гэгч энэ эрхэм мафитай хэл амаа ололцдог бололтой юм. Харин тэр өдгөө Х.Баттулгын эзэмшдэг “Талх чихэр”-ийн В корпус дээр нь хэдэн ам.доллар аваад заржээ. Тиймээс энэ газартаа “САПУ” нэртэй үйлдвэр байгуулсан ч төд удалгүй чимээ намдаасан. Харин өөрөө тайлбарлахдаа “САПУ”-г “АПУ”-д зарсан байна лээ, тоног төхөөрөмжийг нь “Арвай” нэртэй архины үйлдвэрт зарсан дуулдсан гэжээ. С.Жамъянсүрэн хэлэхэдээ “Женко чинь Мах импекс дотор спиртын үйлдвэртэй байсан юм. Энэ үйлдвэрийн спирт Спирт бал бурмын спиртнээс чанарын хувьд муу ч гэсэн үнийн хувьд бага, сайн технологи хэрэгжүүлж чадвал боломжийн спирт байсан” гэж ярилцлагдаа дурдсан.
Гэтэл Х.Баттулга өөрөө спирт үйлдвэрлэж, архи зарж байгаагүй юм шиг архи тамхи үйлдвэрчлэгчдийг УИХ-аас шахах тухай хуулийн төсөл өргөн барьж, Г.Батхүүгээ сандаргаа биз дээ. “АПУ”-г Г.Батхүүд алдсан өс өнөөдөр хүртэл Х.Баттулгын цээжний мухарт байдаг гэдгийг энэхүү ярилцлагаас харж болно.
URL: