Ш.Цогтбаяр : Тархи /Өгүүллэг/

brain-11 … Жуковын автобусны буудал дээр зогсож байтал хэн нэг нь ханцуйнаас татлаа. Эргээд хартал ноднин жил Өндөрхаан хотын уламжлалт эмнэлэгт хамт хэвтэж байсан Пунцал гэх хүү байлаа. Тэр ихэд баярласан бололтой инээмсэглэж
-           Цогоо ахаа та, хэзээ хотод ир…  ирээ вэ? гэж үл яриг ээрэнгүй хэлэв.
-           Ах нь нь удаагүй байнаа, нөгөөдөрөөс сумруугаа буцна. Чи хэнтэй цуг хотод ирэв, хаа хүрээд явж байгаа юм? гэвэл
-                       Би “Гялс” төвд,  тархины бичлэг хий…  хийлгээд явж байна. Ээжтэй цуг яваа. Миний тархинд хоёр… хоёр  нугалаас нэмэгдсэн байна гэсэн шүү гэж тасалдуулан  ярьсанаа мөн л инээмсэглэв. Түүний ард ээж нь зогсож буйг нь сая л олж харлаа. Ээжтэй нь мэндэлж, Пунцалын толгойг нь илж чихэр авах хэдэн төгрөг өгөөд байтал автобус ч ирж Пунцал эргэн эргэн харсаар урьдын адил инээмсэглэн автобусанд суугаад цонхоор гараа даллан явж одов. Түүний араас мөн л баяртай гэж гараа далласнаа өөрийн өрхгүй хөнгөн гуниг сэтгэлд амтагдаж, цээж хөндүүрлээд ирэв.

….Ноднин жил сумын сургуулийн есдүгээр ангид суралцаж байсан би хичээлийн завсарлагаанаар ангийнхаа хүүхдүүдтэй барилддаг баатар болж ноцолдож байгаад  ялихгүй юмнаас ямааны гарзтай гэгчээр ангийнхаа хамгийн бүдүүн Болдоог давхар шуудагны барьцнаас шахаж өргөөд хавирдаг мундаг хүн болох гээд нуруундаа юм хавчуулчихсан юм. Уул нь нэг иймэрхүү юм болсон юм л даа. Их завсарлагаанаар ноцолдож ноололдох дуртай хэдэн хүүхдүүд ангийнхаа хойд талын ширээг урагш шахаж зай гаргаад хоорондоо барилдахгүй юу. Би ч хэд хэдэн хүүхдийг хаячихсан маадгар амьтан Болдоотой “үзүүр түрүүнд” үлдлээ. Намайг хүүхдүүд “Энэ Цогоо шуундаа их бяртай юм байна шүү, гар нь бахь гүүвц л гэсэн үг” гээд цаасан малгай өмсгөөд. Тэрэнд нь би их л онгирсон юмдаг.

Тэгээд л өөрөөсөө тохой илүү өндөр лагс биетэй Болдоотой барилдах болж би суган доогуур нь сэжиж ард нь гарах гэтэл амжилгүй хав дөрвөлжин барьцтай болоод шуундаа бяртайгаа харуулдаг хүн болох гээд шахаж татан өргөсөн юм. Уул нь Болдоогийн хөлийг газраас хөндийрүүлсэн л дээ.  Яг тэр үед бид хоёрын барилдааныг манай ангийнхан бүгд үзээд ёстой улсын наадамд үзүүр түрүүнд үлдээд байгаа юм шиг л  сэтэл догдлуулсан  юм болж байлаа. Манай ангийн охидууд хүртэл намайг дэмжиж “Цогоо чи хичээгээрэй үү үүү үүү үүүүүү” гэж орилолдоод л… Гэхдээ энэ явдал нэг их удаан үргэлжлээгүй нь тоогүй. Болдоо биеийнхээ хамаг жинг над дээр “үүрүүлээд”,  харин  гэдийхээрээ гэдийгээд өргөж байсан миний бие түүнийг дийлэлгүй хөл салгалаад арай чамай тогтож байтал нуруунд нэг юм нуд хийгээд л би тас гэдрэгээ өнөөх Болдоогийнхоо доор ороод унчихсан… Хэдий айхавтар унасан ч ичсэн нүүрэндээ хурдан босох гэтэл нуруу нэг л биш. Түүнээс хойш л хааяа жаахан удаан тонгойхоор л нуруу хөшиж өвдөн яваандаа зүүн талын гуя даган өвдөж мэдрэлийн судас дарагдсан оноштой татлага эмчилгээ, бариа засал хийлгэхээр аймгийн төв орж уламжлалт эмнэлэгт арван дөрөв хоног эмчлүүлсэн юм.
Эмнэлэгт хэвтээд удаагүй байтал хажуугийн эзгүй ор эзэнтэй болж  арван  орчим настай нэгэн хүү ээжийн хамт ирж хэвтэв. Тэр хүүг Пунцал гэнэ. Анхандаа Пунцал үг дуу цөөнтэй хааяа нэг ярихдаа их л ээрч муурч ярьдаг  байлаа. Гэсэн хэдий ч эмнэлэгт уйдах тул хаяа бид хоёр ойр зуурын юм ярьдаг болов. Ээж нь байнга сахих авч хаяа  эгч нь хичээлийнхээ бус цагаар иржтүүнийг сахина. Пунцал өдөрт нэг удаа зүү тавиулдаг байлаа. Түүний зүүн хөлийн шагайнаас хүзүү хүртэл хажуу талаар ньбитүү өдий төдий олон зүү нэг дор тавина. Энэ үед Пунцал орилж ихэд уйлах бөгөөд тийчилж зүүгээ хугалж хаячих гээд эмч нар, ээжийгээ зовооно. Бусад хүүхдүүд зүү тавиулахдаа яах ч үгүй байхад Пунцагаа яагаад ингэдгийг би ойлгодгүй байв.
Эмнэлэгт их л уйдах тул хамаатныхаа айлаас захиж чихэвчний хөгжим авчруулж  түүнийгээ өдөржин сонсож цагийг арай хөгжилтэй өнгөрөөж боллоо. Нэг удаа Пунцал нүдээ бүлтэлзүүлэн ээрэн байж надаас “Та… та  чихэндээ хийгээд бай… бай… байгаа юмаа наадад… надад нэг сонсогчих тэгэх үү?” гэж гуйв. Би дотроо жаахан харамлаад “Чамд өгөхгүй ээ. Энэ чинь хүний юм. Эвдчихвэл яршиг яршиг” гэвэл тэр нүдээ учиргүй том болгоод “Үгүй ээ, үгүй, би ёстой эвд эвд эвдэхгүй. Үнэн шүү. Эвдэхгүй та өг… өг… өгчихөл дөө” гэв. Би тоглоом хиймээр санагдаад “Хэрвээ чи зүү тавиулахдаа өнөө орой огт уйлахгүй л байх юм бол би чамд маргааш бүтэн өдөржин  хөгжмөө өгч сонсуулана шүү, Ганц ч үг дуугархгүй л байх юм бол би хэлсэндээ хүрэн дээ” гэхэд минь түүний нүдэнд инээмсэглэл тодорч “За агаа та хэл… хэл… хэлсэн шүү.

Хэлсэндээ хүр… хүр… хүр… хүрээрэй” гэж билээ. Би дотроо инээд хүч “Өдөр болгон л ёстой алуулах гэж байгаа юм шиг орилон тийчлээд   эмч сувилагч нарынхаа үйлийг үздэж дайн дажин үүсгэдэг хүүхэд юу гэж өнөө орой ганц ч га гэхгүй дуугүй загас шиг байхав, хөгжимөө сонсуулахгүй байх гоё арга сэдлээ” гээд их маадгар амьтан байж байлаа… Гэтэл орой нь….Орой зүү тавиулахдаа Пунцал ер уйлсангүй. Тэр гарынхаа алганд хумсаа шигдтэл байдгаараа атгасан байх бөгөөд нулимс мэлтэрсэн өнөөх том нүд  нь өнөөх миний харамлаад байсан хөгжим дээр тогтчихсон байлаа. Тоглоом наадам хийж байсан миний дотор сонин болж хоолой зангираад түүнийг ажвал уруулаа тас жимийн огт чимээгүй хэвтсээр байх авай…Энэ орой  ганц сувилагч хүчирхэдэгүй улмаас хоёр гурвуулаа орж ирсэн сувилагч нар дэмий л  бие биенрүүгээ харцгаан мөрөө хавчиж гайхаж байхад би өөрөө ёстой уйлахаа шахан байж билээ…
Нэг өдөр ээж нь гадуур явах ажилтай болж надтай аминчлан уулзав. Өнөө шөнө ирж амжихгүй чухал ажилтай болчихлоо, чамд найдаж үлдээе, хүүг минь сайн харж байгаарай, тархиндаа хүнд гэмтэл аваад ухаан нь орон гаран болчихсон юмаа, ийшээ тийшээ гараад явчихвий гэж захив. Ээжийг нь явсны дараа түүнийг ихэд өрөвдлөө. Пунцал бумбагар цагаан царайтай том нүдтэй хөөрхөн хүүхэд. Яаж яваад ийм болчихдог байнаа…
…Орой унтах гээд хэвтэж байхадаа түүний  орлуу харвал тэр ч бас унтаагүй байгаа бололтой гараа хөнжлөөсөө цухуйлгаад хуруугаараа оролдож хэвтэв. Өнөөдөр Пунцагаа ээжийгээ байхгүйд ихэд томоотой байсан билээ. Би түүнээс яагаад эмнэлэгт хэвтэх болсныг асуувал тэр ээрч түгдчин байж ярьлаа.  Пунцал хөдөө төрж өсөөд бусдын адил сумын төвд сургуульд оржээ. Гэтэл тавдугаар анги төгссөн өнгөрсөн зун наадмаар авга ахынхаа хурдны морь унаж байгаад уралдааны үед үлийн нүх цөмөр ч морьтойгоо ойчихдоо толгойдоо хүнд бэртэл авсан гэнэ. Ухаангүй аймаг хүргэгдэж хэд хоногийн дараа ухаан орсон ч урьдын адил сэргэлэн цовоо хүүхэд байхаа нэгэнт больж үг дууч үгүй, ээрч гацаж ярьдаг, мартамхай, хааяа ухаан нь орон гаран болдог ер нь огт  өөр хүүхэд  болсон байж. Түүнээс хойш эмнэлэгээс салахаа байжээ. Хэдэн сар болоод л бие нь муудаж эмнэлэгт хэвтэнэ. Иймэрхүү л байдалтай шар нар, бор хоногийг өнгөрөөж яваа нь тэр байж. Миний нойрч хүрсэнгүй. Элдвийг эрэгцүүлэн бодоод унталгүй хэсэг чимээгүй хэвтэв. “Амьд явбал улсын наадам үзнэ гэдэг. Энэ өдрийг хөгшин залуугүй л хоног тоолон хүлээж дэнж дүүрэн сайхан  нааддаг. Хүн болгон хөөр баяраар дүүрэн өнгөрдөг энэ баярын өдөр хүнд ийм их  гай зовлон яахаараа авч ирдэг байнаа. Энэ хүүхэд хөндий дүүрэн гийнгоолж хурдан морины нуруун дээр дарцаглаж явсан шигээ эргээд сэргэлэн цовоо өхөөрдөм жаал болохгүй юм гэж үү дээ. Даанч дээ.  Энэ хорвоо тэгэхлээр хатуу юмаа даа”… Миний бодлыг таслаж Пунцал гэнэт мэгшив.
-           Ахын дүү яагаад уйлав. Бие нь өвдөөд байна уу? гэж өндийвөл
-                       Зү.. зү… зүгээр л… гэчихээд бүр ихээр мэгшив. Би бүр балмагдаж “Ээж нь сахиж хонох үед шөнө орой ер ингэдэгүй юмсан. Бие нь гэнэт өвдөөд муудвал яанаа. Ядаж байхад ээж нь надад сайн харж хандахыг захиад явсан ганц шөнө нь ингэхдээ ч яахав дээ. Бүр болохоо байвал сувилагч жижүүрийг дууддаг юм билүү” гэж бодоод түүний дэргэд очиж нулимсыг нь арчиж өгөн тайвшруулахыг оролдов. Миний гарнаас атгасанаа гэнэт мэгшиж уйлсан шигээ чив чимээгүй болчихов.
-                       Ахын дүү яаж байна. Ах нь чамд хөгжим сонсгох уу? Гоё дуу тавьж өгөх юмуу? Бие нь зүгээр биз? гэвэл тэр уртаар санаа алдсанаа “зүгээрээ” гээд бас л хэсэг зуур чимээгүй болсноо надаас
-                       Өдөр ир.. ир…рээд таныг эр… эр…эргээд явсан эгч та… та…таны найз охин мөн үү? гэв.
-                       Тиймээ. Нарангарав гэдэг юм. Манай суманд сурч байгаад аймгийн төврүү шилжээд ирчихсэн байгаа юм. Хөөрхөн охин байгаа биз? гэхэд
-                       Тийм… гэчихээд бас л чимээгүй болчихлоо. Би яасан юм бол гэж гайхаад юу ч асуухаа мэдэхгүй алмайрч байснаа түүнийг чимээгүй хэвтээд байхаар нь унтлаа гэж санаад босох гэтэл миний гарыг улам чанга атггаад
-                       Агаа би… би… би…тэнэг, мэд… мэдрэл муутай хүүхэд юм уу гэж гэнэт асуув. Ингэж асууна чинээ огт санаагүй байсан би ихэд сандарч юу гэж хэлэхээ мэдэхгүй байснаа
-                       Юу гэж дээ, ахын дүү чинь сайн жаал шүү дээ. Том болоод бүр ч мундаг сайн хүн болно гэвэл
-                       Ма… манай хөрш айлын охин над… надтай чацуу. Би түүнтэй их тоглодог бай… байсан. Харин мориноос ун… унаж бэртсэнснээсээ хой… хойш ердөө ганцхан уулзсан. Эм… эмнэлгээс гар…гар…гараад удаагүй байсан. Тэр найзтайгаа тог… тог…тоглож байтал ээж нь ир… ирээд түүнийг дагуул…аад хашааруугаа ор..сон. Хашааны завсраар хар… харсан чинь ээж нь “Мэдрэл муу…тай тэнэг балай юмтай тоглож ба… байж мод чулуугаар тар… тархиа хага цохиулвал хэн… хэнч хариуцлага хүлээхгүй” гэж их олон үг… үгээр манай най…найзыг загинасан. Таны найз охиныг хар…. хараад түүнийг ихээр санаж тог… тогломоор санагдаад байна. Би… би… би… мэдрэл муутай биш биз дээ гэснээ ахиад л уйлчихлаа. Шөнөжин түүнийг аргадаж тайвшируулж хонолоо. Удалгүй миний эмнэлэгт хэвтэх хугацаа дуусаж Пунцалтай ах дүүс шиг ойр дотно болсноо тэгэхэд л мэдэрч салах ёс хийж тасгаасаа тортой хувцасаа бариад гарахад тэр нүдэндээ дүүрэн нулимстай үлдэж билээ.
Тэр өдрөөс хойш уулзалгүй байж байгаад хотод тааралдсан минь энэ. Сургуулийн арван дөрөв хоногийн амралтыг далимдуулан хотод ирсэн надад  яагаад ч юм  энэ их  хотын бужигнан хөлхөлдөх үй түмэн  хүмүүс  тархины олон эд эс шиг санагдав. Сайн ч… муу ч энэ л олон хүмүүс…


URL:

Сэтгэгдэл бичих