Э.Бүжинлхам : Жижигхэн саарал хотод … шүлэг

гнгнгнгнгн* * *
Жижигхэн саарал хотод
Цас бударнам
Жирийн л нэг арваннэгдүгээр сарын үдэш
Өсгийд минь гишгэгдсэн
Намрын энэ навч
Гуниггүй, инээмсэглэн нойрсож буйд итгэнэм
Хуучин гудамжны танил байшингууд
Худалдааны жижигхэн асар
Тамхи зардаг эмэгтэйн дулаахан гар
Танил залуугийн бүдэгхэн гуниг
Автобусны арын суудал дээр би
Бурханы хүүхдүүдийг ажнам
Ave Maria чихэнд минь үлгэр шивнэнэ…
Жижигхэн саарал хотод
Цас бударнам
Жирийн л нэг арваннэгдүгээр сарын үдэш

2011.11.11

* * *
Навчин нулимстай хотдоо одоо ч амьдарсаар байгаа
Намайг чи минь санаж байгаа юу?
Худал бүхнийг үнэн гэж цаг хугацаа руу би
Хоолойгоо сөөтөл хашгичин зогсоод л байгаа
Тэсээд л байгаа, тэр инээмсэглэлийг чинь төсөөлөн бодоод
Тэнгэрийг алгандаа багтаадаг хэвээрээ байгаа
Амьдрах хүсэл төрөхгүй, хов хоосны туйлтай нэгддэг
Амьдрах шунал өдөөх-аялгуут хорыг залгилсаар л байгаа
Урьдын юм бүхэн л хэвээрээ байгаа, урах дуртай
Урагдах дуртай, уйтгарлах дуртай ч хэвээрээ байгаа
Өд сөдөнд минь наалдсан өчигдрийг сэгсэрч унагаалгүй
Өөрийнхөөрөө шаналж, гунихдаа ч дурласаар л байгаа
Чиний хайрладаг эгшиглэнт бүрэнхийг энгэртээ хадгалсаар байгаа
Чиний минь зурж өгсөн далавчтай нүд л харин…

2012.07.24

* * *
Тэр зам дээр сүүдэр нь шувууны дүрстэй улиас байдагсан
Тэндээс гунигт жигүүртэн далавчаа зүсэн нисдэгсэн
Тэнгэр л өдийг эсгэж, газарт унагаж зүрхэлдэгсэн
Тэсэлгүй харанхуй хүртэл нүдээ тас аньдагсан…
Урт цувтай бүрх малгайтай, үнэнээ нуучихсан хүмүүс мэт
Учиргүй адилхан сүүдэртэй саглагар моддоос сүрхийн нисэх
Жигүүртэн бүрийн хоолой нарны хүмүүст дуугаа дуулдагсан
Жир бусын өнөөх улиас л сарны гэрлийг хүлээн суудагсан
Түүний цээжин дээр хэн нэгэн ганцаардал гэдэг үгийг
Гаргацгүй сийлж өгөөд хаа нэг тийшээ одсон гэдгийг
Тэр модны хуучин сорви үзгэнд минь шивнэчихээд
Тэгээд хаврыг хашгиран сэрээдэг байсан
Сүүдэр нь шувууны дүрстэй улиас байдагсан
Сүүлчийн гунигт жигүүртэн л далавчаа зүсэн нисдэгсэн

2012.09.12

Яруу найрагч Э.Бүжинлхамын 

“Намрыг мартагсад” шүлгийн ном. 37, 79, 98 дугаар талд буй.


URL:

Сэтгэгдэл бичих