Газар өмчлөх хүсэлтэй иргэдийг дөрөвдүгээр сараас эхлэн онлайнаар бүртгэнэ

9b9b7d63ea3bed17bigНийслэлд энэ жилээс эхлэн гэр бүлийн зориулалтаар 52 байршилд  шинээр газар өмчлүүлэхээр болсон.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард иргэдэд өмчлүүлэх дээрх газруудын байршил зүйн зураг гаргах ажил хийгдэж дууссан.

Өнөөдрийн байдлаар хэсэгчилсэн зураг төсөл буюу төлөвлөлтийн  ажил хийгдэж байгаа аж.

Энэхүү ажил хийгдсэний дараа нийт хэдэн хүнд хэчнээн га газар өмчлүүлэх нь тодорхой болох юм байна.

Үүнтэй холбоотойгоор газар өмчлөх хүсэлтэй эх орондоо амьдарч байгаа болон гадаадад байдаг иргэд тодорхой байршлуудад газар өмчлөх бүрэн боломжтой болжээ.

Өөрөөр хэлбэл газар өмчлөхийг хүссэн иргэдийн өргөдлийг онлайнаар хүлээн авах болох гэж байгаа бөгөөд одоогоор программыг нь боловсруулж байгаа аж.

Иргэдийг бүртгэх ажил төлөвлөгөөний дагуу ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх юм байна.

Дээрх 52 байршилд газар өмчлөх хүсэлтэй иргэд ямар материал бүрдүүлэх шаардлагатай талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга Б.Батчимэгээс тодруулсан юм.

-Газар өмчлөх болон эзэмшихийг хүссэн иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?

-Газар өмчлүүлэх ажлыг нийслэл хотын хэмжээнд бүрэн зогсоосон байгаа. Төлөвлөгөөний дагуу ирэх дөрөвдүгээр сараас эхлэн газар өмчлөх иргэдийн хүсэлтийг хүлээж авахаар ажиллаж байна. Одоогоор нарийвчилсан төлөвлөгөө болон бүртгэлийн программ хийгдэж дуусаагүй байгаа. Бүртгэж эхэлсэн тохиолдолд газар өмчлөх эрх нь үүссэн буюу бүртгэлийн код ирсэн иргэд л газар өмчлөх материалаа бүрдүүлэх шаардлагатай.

-Анх удаа газар өмчлөх эрхтэй хүмүүст тухайн код нь олгогдох уу?
-Үгүй. Жишээлбэл Баянзүрх дүүргийн нэг байршилд нийт 5000 иргэнийг бүртгэсэн бол программын оноолтын системээр 3000 иргэнд л газар өмчлөх эрх үүснэ гэсэн үг. Эрх үүссэн иргэдийн утсанд код ирнэ. Тэрхүү кодоо өөрийн харьяа дүүрэгт хүлээлгэж өгснөөр бүрдүүлэх материал нь тодорхой болно.

-Өмнө нь эхлээд газар эзэмших гэрчилгээ авдаг байсан. Тэгэхээр шинээр өмчлүүлж байгаа 52 байршилд эзэмшлийн гэрчилгээ гаргуулах шаардлагагүй гэсэн үг үү?
-Тийм, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинээр өмчлүүлж байгаа 52 байршлыг шууд өмчлүүлнэ гэж заасан байгаа.

-Нийслэлийн нутаг, дэвсгэрт газар эзэмшихийг хүссэн иргэн, ААН ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Газар эзэмших хүсэлтээ гаргана. Хамгийн гол нь тухайн аж, ахуй нэгж болон иргэний эзэмшихийг хүссэн газар нь тухайн жилийнхээ газрын төлөвлөгөөнд багтсан байх ёстой. Хэрвээ багтсан бол газар эзэмших иргэний цахим үнэмлэхний хуулбар, эзэмшихийг хүссэн газрын тойм зураг, тухайн газрыг ямар зориулалтаар ашиглах гэж байгаа талаарх тайлбар шаардлагатай.

-Өнөөдрийн байдлаар шинээр өмчлүүлэх 52 байршил хэчнээн хүнд өмчлүүлнэ гэсэн албан ёсны тоо гараагүй байгаа гэсэн үг үү?
-Одоогоор гараагүй байгаа. Анх нийт га газрынхаа хэмжээг 0.07 хуваагаад л ерөнхий тоо гаргасан. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөнийхөн хүн амьдарч болохоор газрыг судалж үзээд нарийвчилсан тоог гаргана. Тэгэхээр одоогоор нэг дүүрэгт хэдэн хүн бүртгэнэ гэсэн тоо байхгүй байгаа.


URL:

Сэтгэгдэл бичих