Д.Ядамдорж аль ч намын үед даргална
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Ядамдоржийн түүх тун даруухан. Толгой өндийх завгүй ажиллахаас биш олон нийтэд төдийлөн танигдаагүй гэж салбарынхан нь онцолдог юм. Энэ нь түүний карьер хөөж, өөрийгөө PR-даж явдаггүйтэй холбоотой гэх.
Хамгийн гол нь тэр аль ч засаглалын үед дарга явдаг нэгэн. МАН-ын Засгийн газрын үед хэлтсийн дарга, АН-ын үед газрын даргаар ажиллаж байна. Засгийн газрыг аль нам авахаас шалтгаалан харъяа агентлагийнх нь удирдах баг тэр намынх байдаг нь нууц биш. Харин Д.Ядамдорж даргад намын харъяалал биш ажлын дадлага туршлага, удирдах ур ухаанаараа аль ч намын үед удирдагч байдаг уу, эсвэл бусдын арга эвийг олж өөрийгөө товойлгож чаддаг уу гэдэгт учир байна. Мэдээж тэр шүүхийн шийдвэр албандаа бол цоо шинэ хүн. Гэвч энэ газрын дарга болсноос хойш түүнтэй холбоотой саар мэдээ дуулдахгүй байгааг бодоход зохицож ажиллаж чаддагийн илрэл байх. Д.Ядамдорж орос боловсролтой.
Ажлын гараагаа Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас эхэлжээ. Анх хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад хожим эдийн засгийн ахлах төлөөлөгч болжээ. Үүний дараа Булган аймгийн Цагдаагийн хэлтсийн дэд дарга, Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, Дорнод аймгийн цагдаагийн газрын дарга, Нийгмийн хэв журам хамгаалах газрын дарга, Замын цагдаагийн газрын дарга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллажээ. Хэдийгээр түүний намтарт муу үнэлгээ байдаггүй ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынх нь үйл ажиллагаа, албан хаагчдынх нь зан харилцааны тухай яривал бишгүй “но” олдоно. Албан хаагчдынх нь хариуцлагагүй, хэнэггүй байдлаас болж хүмүүжигч Ш.Батбаяр өөрийгөө шатаасан гээд хэвлэлийн хуудаснаа энэ албатай холбоотой бараан мэдээлэл гарах нь түгээмэл. Албаны хариуцлагагүй байдлыг халж, хууль, эрх зүйн салбарт өрнөж буй шинэчлэлийн түүчээ нь болж ажиллах үүрэг даалгавар Д.Ядамдоржид очсон байдаг юм.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: