Газрын дарга нар төрийн албаны шалгалт өгөөгүй гэж үү, Н.Удвал сайд аа

527-13897523832v1d7sfijjo0bj5jtparsrqestЭрүүл мэндийн салбарыг яаж ч гэгээлгээр харах гэсэн хар бараан мэдээллүүд ар араасаа гарч сүүдэртүүлээд байх юм. Эмч нарын бypyyгaac болж хүүхэд эндсэн, гэмтсэн бэртсэн хүмүүс эмнэлгийн хаалгаар шагайхаар дугаар ав гээд хэдэн өдрөөр хүлээлгэдэг, төрөх эмнэлгийн эмч нар нь өвдөөд очсон эхийг болоогүй байна гэж буцааснаас гэртээ төрсөн, дутуу төрөх гээд сандарч яваа эхийг ямар эм уусан болоод хүүхдээ зулбуулах гээд хэмээн доромжилдог гээд ийм эмч нараар өнөөдөр Монголын гурван сая иргэн эрүүл мэндээ мануулж байна.

 

Тэгвэл саяхан Увс аймагт хоёр нярайн цогцсыг ар гэрийнхэнд нь сольж өгсөн харамсалтай тохиолдол гарав. Энэ үйл явдал эрүүл мэндийн салбар ямар түвшинд үйл ажиллагаа явуулж байгааг харуулсан ноцтой явдал болсон төдийгүй Н.Удвал сайд “Би үүнд хамаагүй. Бид бодлого зангиддаг хүн” гэж мянга тайлбарлаад ч нэмэргүй гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.

 

Уг нь сүүлийн хэдэн жилээс эрүүл мэндийн салбар өөрчлөгдөж байгаа тухай манай дарга нар ам уралдан ярих болсон. Тийм ч нэртэй төсөл, ийм ч нэртэй хөтөлбөр гээд ам уралдан ярьцгааж үр дүнг нь шагшин магтаж байгаа. Харамсалтай нь, эрхэм дарга нарын яриад байгаа, эрүүл мэндийн салбарт өрнөөд байгаа тэр шинэчлэл нь жирийн иргэдэд бус албан тушаалын хаялга хүртсэн дарга нарт үйлчилдэг гэдгийг захын хүн хэлнэ.

 

Сүүлдээ энэ байдал хэрээс хэтэрч танил талгүй хүн эмнэлэгт үзүүлнэ гэдэг барагтай хүний давах даваа биш болж таарав. Энэ бол яах аргагүй эрүүл мэндийн салбарын гажуудал бас доройтол. Энэ ч утгаараа Эрүүл мэндийн яаманд бодлого зангидаад сууж байгаа хэдэн хүнд хамгийн их хамаатай асуудал болж байгаа юм.

 

Гэтэл хэдхэн хоногийн өмнө Төрийн албаны зөвлөлийн холбогдох албан тушаалтны амнаас хачин сонирхолтой мэдээлэл сонсов. Энэ нь Н.Удвалыг сайдаар томилогдсоноос хойш тус яаманд ажилд орсон албан хаагчдын тодруулбал, газар хэлтэс хариуцсан дарга нарын олонхи нь төрийн албаны шалгалт өгөөгүй гэсэн мэдээлэл юм.

 

Чухам яагаад гэсэн асуултад албаныхан мэдэхгүй гэсэн хариултыг өгч тэр ч бүү хэл Н.Удвал сайд өөрөө хууль зөрчин Төрийн нарийн бичгийн даргаа сонгосон шүү дээ гэж байна. Эндээс Н.Удвал сайд хууль тогтоох байгууллагад харьялагддаг атлаа хууль зөрчихдөө тун гаршаад байгаа нь анзаарагдаад байгаа юм.

 

Энэ тухай ганцхан баримт сийрүүлэхэд Н.Удвал улс төрийн албан тушаалтан. Тийм атал Төрийн албаны зөвлөлийн ажилд хөндлөнгөөс оролцож, Төрийн нарийн бичгийн даргаараа дур мэдэн А.Эрдэнэтуяаг гэгчийг томилчихсонд асуудлын гол нь байна. Уг нь хууль номоор ярьвал Н.Удвал дээрх томилгоог шууд хийх эрхгүй субьект бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл явуулах ёстой.

 

Гэтэл өнөөдөр байдал эсэргээрээ эргэчихсэн Н.Удвал төрийн сайд гэсэн нэрийг урдаа бариад Төрийн албаны зөвлөлийнхний өмнүүр орж шууд томилгоо хийгээд байгаа нь энэ салбар ямар хүнээр удирдуулсан, хэр замбараагүй болсон нь харагдаж байна. Хамгийн ноцтой нь дээдэс суудлаа олохгүй бол доодос гүйдлээ олохгүй гэдэг шиг бүх зүйл нь урвуугаар эргэсэн эрүүл мэндийн салбарт хийгдээд буй энэ мэт томилгооноос болоод бусад томилгоонууд нь хууль бус болчихоод байна.

 

Энэ тухай бас нэг жишээ хүргэхэд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга төрийн жинхэнэ албан хаагч. Энэ ч утгаараа эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалтыг явуулж сонгох учиртай. Гэтэл өнөөдөр байдал урвуугаар эргэчихсэн, хууль бусаар томилогдсон төрийн нарийн нь хууль зөрчин ГССҮТ-ийн даргыг сонгосон харин хууль зөрчин сонгогдсон дарга нь эмнэлэгтээ баахан хууль бус томилгоо хийгээд самарч байгаа гэх мэдээлэл байна.

 

Зарим эх сурвалжийн мэдээлснээр ГССҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаяр Н.Удвал сайдын өгүүлснээр дараагийн дарга нь томилогдтол ямар нэг томилгоо хийх эрхгүй. Гэтэл тэрбээр өнгөрсөн долоо хоногт өөртэй нь тэрсэлдсэн гэдэг шалтгаанаар ГССҮТ-д харьяалагддаг, зөвлөх үүрэг гүйцэтгэдэг байсан долоон эмчийг ,буюу анагаах ухааны докторуудыг ажлаасаа гар гэсэн мэдэгдэх хуудас өгчихөөд байгаа гэнэ.

 

Мэдээж тэтгэвэрт гарах насанд хүрсэн бол хэн ч ажлаа хүлээлгэж өгөх учиртай. Гэхдээ эрүүл мэндийн салбарт нэг онцлог бий. Тэр нь эмч нарын гарт хүний алтан амь байдаг учраас дадлага туршлагатай эмч нар өөрийн мэддэг чаддаг зүйлээ дараагийнхаа хүмүүст хэлж зөвлөх, тэднийг дадлагажуулах үүрэгтэй.

 

Гэтэл Ц.Энхбаяр энэ үүргээ гүйцэтгэж байсан эмч нарыг “Та нар одоо хэрэггүй” гээд хаяж байгаа нь харамсалтай. Уг нь яг энэ асуудлаар Н.Удвал сайдын зөвлөх Ц.Жамбалжав “Эрүүл мэндийн салбар өөрийн гэсэн онцлогтой. Эмч нар дадлагажих ёстой Үүний тулд олон жил ажилласан хүмүүсийн толгойг ашиглах ёстой Тэр хүмүүс чинь Монголын баялаг шүү дээ” хэмээн ярьж байлаа.

 

Гэвч Н.Удвалд, Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, ГССҮТ-ийн дарга Ц.Энхбаяр нарт ийм зангараг, эмч хүний хол ч ухаан дутаад байгаа бололтой Өөрсдөд нь үнэнийг хэлсэн, өөрсдийнх нь болохгүй байгааг хэлсэн салбарынхаа хүмүүс рүү дайрч мөнхийн суудалд суусан мэт муухай авирлаж буй нь эмгэнэлтэй санагдаад байна.

 

Эцэст нь хэлэхэд Н.Удвал уг нь А.Эрдэнэтуяа. Ц.Энхбаяр нарыг бодвол бас ч гэж төрийн хүн болох шат дамжлагыг дамжсан хүн. Иймээс ч өнөөдөр сайдын суудалд сууж байгаа болов уу гэж Монголын ард түмэн, мянга мянган эмч нар итгэдэг байв. Харамсалтай нь, тэрбээр өнөөдөр энэ бүхнээ мартсан уу эсвэл сайдын суудал түүнд арай томдоод байна уу баахан болчимгүй зүйл хийж энэ мэт хачин авирлах боллоо.

 

Уг нь тэрбээр анхаасаа бүх зүйлийг хуулийн дагу эхлүүлж, хуулийн дагуу томилгоо хийж. газар хэлтсийнхээ дарга нарыг төрийн албаны шалгалт өгөөд тэнцүүлчихсэн бол эрүүл мэндийн салбар ингэж сандрахгүй бас үймэхгүй байх байлаа Ямартай ч эрхэм сайдын хууль зөрсөн яг энэ асуудлаар эмч нар нь Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм билээ.

 

Мөн МАН-ынхан ийм асуудал байж болохгүй хэмээн сайдад албан шаардлага өгсөн мэдээлэл ч байгаа бөгөөд бид энэ тухай нэхэн сурвалжлах болно.

 

Б.Халиунаа
Эх сурвалж: “Нийгмийн шуудан” сонин


URL:

Сэтгэгдэл бичих