Ерөнхийлөгчийн зарлигаар Н.Энхбаярын байшин руу нүүх үү, үлдэх үү
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ оны өмнөхөн “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн уриа, хэллэг, шинэлэг имиж бүхий тодорхойлолтыг гаргав. Бараг л уулзсан хүн бүхэн “Монгол Улс том төрөөс ухаантай, цэцэн, энэрэнгүй төртэй болох цаг ирлээ” хэмээн баярлав. Нөгөөтэйгүүр бид “Том төртэй байсан” гэдгээ мэдэв.
Том гэдгийн цаана их, багын том уу, эсвэл бүтэц нь том уу, эдийн засаг хийгээд бодлогын хувьд том байсан yy гэдгийг харин хэн ч тайлбарласангүй. “Тайлбарлаад өгөөч” гэж хүссэн нь ч үгүй. Ямар ч л байсан нэг том юмны тухай яриад тэр нь харин тэнэг байсан, одоо л ухаантай болж байна гэдгийг мэдэцгээсэн.
Шинэ он гарангуут Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны анхны зарлигаа гаргав. Энэ нь “Том төрөөс ухаалаг төр рүү шилжихийн тулд төрийн бүх яам, агентлаг,албадыг хуучнаар жанжин Д.Сүхбаатарын, өдгөө Чингисийн талбайн өмнө, хойд талд бүгдийг нь хотынхоо төвд нэг дор шамбааралдуул сугай” гэсэн утгатай зарлиг юм, Хүн гэдэг анх сэдэж, зорьсон үйл хэргээ үйлдэл дээрээ эсрэгээр нь хийж байгаа нь урьд өмнө ярьдаг байснаа мартдаг, эсвэл ой тогтоолт муутай, мөн ярьж байгаагаасаа огт өөрийг бодож байдаг, эсвэл ямар ч тооцоогүй сэтгэлийн хөөрлөөр бүх зүйлд ханддаг сармагчин лугаа адил гэлтэй.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д номын дуу сонсч ирснийхээ дараа “Нүүх үү, үлдэх үү” гэдэг лекц уншиж, нийслэлээ Хархорин хот руу нүүлгэх санаачилга гарган ард түмнээ хошгируулж байсан. Түүнийг анх Ерөнхийлөгч болоход ч ард түмний хүсэн хүлээж байсан зүйлийн нэг нь Улаанбаатар хотыг Хархорин руу нүүлгэх шийд гаргах хүлээлт байсан.
Гэвч тэрбээр Ерөнхийлөгч болонгуутаа Минжийн хангай руу нисдэг тэргээр зугаалж, өтгөн утаан дундаас дулааны станцын хоёр яндан нь цухуйж харагдах нийслэлээ, энд амьдарч буй ард түмнийхээ ирээдүйг мартсан. Хувь хүнийхээ хувьд ч, Ерөнхийлөгчийнхөө хувьд ч мартсан зүйл Ц.Элбэгдоржид их бий. Хархорин руу нийслэлээ нүүлгэх тухай ярихаа больсон нь ч бас түүхтэй, Ард түмний ой санамж хэдэн зуун жил өнгөрсөн ч мартах ёсгүй зүйлээ хадгалсаар л байдаг.
Элбэгээ 2007 оны долдугаар сарын 10-нд Хархориноос Улаанбаатар хот руу явах замдаа осолд орсон. Үүнийг зориуд сануулах гэсэнгүй. Ерөнхийлөгчийн мартсаныг сануулах үүднээс дурдаж буй гэдгийг хэлье. Учир нь төрийн тэргүүн Ц.Элбэгдорж лам хард үзүүлсэн үү, эсвэл өөрт нь Хархорин хот таарч тохирохгүй гэж үзмэрч, мэргэд айлдсан уу тэр цагаас хойш Хархорин хотыг Монгол Улсын нийслэл болгох түүний уриалга, цогтой үгс дахин хэзээ ч сонсогдоогүй.
Гайтай тэр осол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нийслэлээ нүүлгэх мөрөөдлийг, цаашилбал Монгол Улсын нийслэл Хархоринд шилжих түүхийн гинжийг тасар татан хаясан нь харин үнэн билээ. Түүнд халтай учраас л тэр энэ санаагаа орхисон. Ард түмэнд мянга хэрэгтэй байгаад ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид л цөвтэй бол юуг ч хаяхаас, мартахаас буцахгүй гэдгээ тэрбээр энэхүү үйл явдлаар харуулсан билээ.
Ерөнхийлөгчийн 2014 оны нэгдүгээр сарын 2-нд үзэглэсэн зарлиг нь “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгын хүрээнд гэдгийг онцлов. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Төрийн тэргүүний зарлигийг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт гардуулан өгсөн бөгөөд Төрийн ордны зүүн талд байрлах Н.Энхбаярын эзэмшилд байдаг хэвлэх үйлдвэрийн суурин дээр Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яамнаас бусдыг нь оруулах талаар зарлигт дурдаж Засгийн газарт энэхүү ажлыг даалгажээ.
Харин нийслэлийн Засаг даргын Тамгын газар Сонгинохайрхан дүүрэг рүү нүүмэгц “Хангарьд” ордонд төрийн агентлагууд төвлөрнө. Улаанбаатар хотын төвд төрийн бүх үйлчилгээ төвлөрснөөр иргэд төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болж төр улам ухаалаг болох юм гэнэ.
Гэтэл иргэд төрийн бүхий л үйлчилгээ нэг дор төвлөрөх бус харин үйлчилгээний хүнд суртал, авлига, бичиг цаас бөглөх, гар харах асуудлыг шийдэж өгөхгүй удаах зэрэг төрийн хүнд суртлын эсрэг тэмцдэг, шүүмжилдэг. Харин түүнийг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлснээр шийднэ гэж үзээд байгаа бололтой.
Өөрөөр хэлбэл, байршлыг нь солиод бүгдийг нь нэг дор авчрахаар л асуудлыг шийдчих юм байх. Уг нь төрийн бүх үйлчилгээ түргэн шуурхай, хүнд сурталгүй, элдэв чирэгдэлгүй бол Дэнжийн мянгадаа байна уу, Долоон буудалдаа байна уу ер хамаагүй. Үнэндээ төрийн бүх үйлчилгээ нэг дор төвлөрснөөр шуурхай болох нь бүү хэл хүнд суртлын үүр уурхай болох үүд нээгдэнэ.
Баахан онгорхой цонх, цайндаа явсан, дотуур ажилтай, түр чөлөөтэй гэсэн түмэн пайзаа өлгөж, түүнийг нь харсан хүмүүс бухимдаж, нэг нь бухимдахаар нөгөөх нь дагаж стресст автаж, ухаалаг төрийн ухаан муутайг багагүй хараах биз. Дээр нь нийслэлийн төв зам ачааллаа дийлэхгүй байгаа.
Төрийн бүхий л үйлчилгээ нэг дор төвлөрөхөөр хотын төвд хамгийн багадаа 5000 машин нэг дор төвлөрнө гэсэн үг. Түүнээс гадна тэр олон хүнийг хооллох цайны газар, үйлчилгээний төвүүд нээгдэнэ. Энэ бол зах зээлийн хэрэгцээ дагаад бий болох дүр зураг. Тэр бүхний цаана бас л үйлчилгээ, автомашины хөдөлгөөн нэмэгдэнэ.
Гэтэл Чингисийн талбайн эргэн тойронд машин тавих ганц зогсоол, сул зай байхгүй. Өнөөдөр автомашины зогсоолгүй, автозамын нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг нь журамлаж, ачсанаас үүдэлтэй хэрүүл тасрахгүй байхад төвлөрчихвөл бүр “дайн” болох биз. Машины зогсоолгүй, түгжрэлтэй, дээр нь “Машинаа ачуулах вий” гэх айдас, шамбааралдсан барилга, дуу чимээ, ухаалаг төрийн зарлигийн улмаас хөндөгдөх үндэсний аюулгүй байдал гээд тулгамдсан олон асуудал нийгмийг бухимдуулахаас өөрөөр ард түмэнд гялайх юм эндээс ер харагдахгүй байна.
Түүнээс гадна төрийн албадын байрлаж байсан төрийн өмчит байруудын хувь заяаг хэн, хэрхэн шийдэх вэ гэдэг нь сонирхол татаж байна. “Төрийн байгууллагууд бүгд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулна” гэх үгийн цаана төрийн өмчит байршил сайтай, тохилог, хотын ашигтай байрлалд орших . байшин барилгыг өмч хувьчлал нэрийн дор бүгдийг нь эрх мэдэлтнүүд хуваан завших “Өмч хувьчлалын хоёр дахь” давалгаа өрнөхийн эхлэл энэхүү зарлиг биш биз гэх хардлага төрүүлээд байна.
Төр өмчгүй, түрээсийн байранд байснаар үйлчилгээ нь улам сайжирна гэх гаргалгаа нэг л но-той. Харин ч түрээсийн байранд байх тусам түрээсээ төлөхийн тулд үнэ нэмэх зайлшгүй шаардлагатай тулгарна. Нэг албан тодорхойлолт хийж өгөхийн тулд 500 төгрөг авдаг байсан бол түрээсийн байрны үнэ уг тодорхойлолтын үнэ дээр нэмэгдэж 1000 төгрөг болно уу гэхээс 250 төгрөг болж хямдрахгүй нь ойлгомжтой.
Төрийн бүхий л үйлчилгээ, албан газрууд, яам, тамгын газар нь нэг дор төвлөрснөөр үндэсний аюулгүй байдалд ямар хор уршигтай вэ гэдгийг ч дээрх зарлигийг гарахаас өмнө бодох цаг Ерөнхийлөгчид байгаагүй бололтой.
Үнэндээ өнөөдөр дэлхий дахинд үзэл бодлын зөрчлөө террорист хэлбэрээр илэрхийлэх үйл явц улам бүр нэмэгдэж байна. Манайд ч түрүүчээсээ гарч эхэлсэн. Гэтэл нэг террорист нөхөр хотын төвд халдлага үйлдлээ гэхэд Монголын төрийн “хар хайрцаг” үгүй болох аюул бий боллоо. Террорист энэ тэрээ больё гэхэд Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог.
Нэг өдөр таван баллын хүчтэй газар хөдлөлт боллоо гэхэд бүгд хотын төв, аюулын бүсээс хэдэн цагийн дотор нүүж зугтаж чадах вэ. Чанаргүй хэдэн барилга аль хүртэл нурж сүйд хийх, аюулын үед таван хүн ороод багтах хоргодох газар байгаа юу гээд ирэхээр Ерөнхийлөгчийн зарлигтай төвлөрөл нэг л “дайсагнасан зарлиг” болж харагдаад болдоггүй.
Уг нь төрийн бүхий л албан газрыг нэгтгэх, нэг дор төвлөрүүлэх бус нийслэлээ Хархорин руу нүүлгэн шилжүүлж, шинэ, орчин үеийн, дэлхий дахинаа гайхагдсан нийслэлтэй больё хэмээн анхны зарлигаа гаргасан бол гоё байх байлаа. Ард түмэн ч алга таших байв. Ухаалаг төрийн ухаангүй зарлигт хариу барьж ямар үйлдэл үзүүлэхээ мэдэхээ байсан ард түмэн эргэлзээ, шоконоосоо салж чадахгүй, “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юу хэлчихэв ээ, ямар зарлиг гаргачихав аа” хэмээн гайхсаар сууна. Энэ асуултыг би ч бас асуумаар байна.
Д.Лхагва-Очир
Эх сурвалж:
URL: