МАЛ өссөн ч МАХ үнэтэй
2013 оны мал тооллогоор манай улс 45 сая гаруй малтай боллоо. Мал өсөх сайн ч бэлчээр хомсдох, талхлах гээд бас сөрөг үр дагавартай. Хүн ам маань ч гурван саяд ойртлоо. Хүн нэмэгдвэл хүнсээ ч нэмэх учиртай. “Атрын III” аянаар эхэлсэн үр тарианы үйлдвэрлэл өнгөрсөн онд саарсан таагүй мэдээ бас тархав.
Саарал, сайхан мэдээ сүлэлдсэн өнгөрсөн жилээ баяр хөөртэй үдсэн монголчууд удахгүй сар шинэтэйгээ золгоно. Шинэ оныг угтаж, баярлаж цэнгэхээр байдгаа шавхан ууж идэж дуусаагүй байхад сар шинэтэй ийн золгох нь. Хэтэвч нимгэн тэтгэврийнхэн болон дээд дунд төвшнийхөн цагаан сарын мах шүүс, бэлэг сэлтэд санаашран зах дэлгүүр хоршоо хэсч, хямд төсөр эд юмс эрэлхийлээд эхэлжээ. Эрснээ олж авахаар түрийвчээ тэмтрэхэд бүх юмны үнэ хэд хэдэн хувиар нэмэгдсэн нь тэдний сэтгэлийг зовооно. Ядахад ам.долларын ханш ахиад 1700 төгрөг давчихлаа. Ногоон мөнгөний ханш өсч, төгрөгийн худалдан авах чадвар доройтохоор тэтгэврийнхэнд дунд доод төвшнийхөнд хүнд цохилт ирдэг бичиж, зохицуулж чаддаггүй хууль манайд үйлчилдэг. Гадаадаас ногоон мөнгөөр авчирдаг эд барааны үнэ нэмэгддэг юм гэхэд мал махных буудаггүйг гайхаж гайхширсаар суутал байдал бүр дордох төлөвтэй. Мал өссөн юм чинь махны үнэ буурах болов уу гэтэл ер үгүй.
Харин ч сар шинийн өмнөх энэ өдрүүдэд хонины ууц, үхрийн өвчүү, сүүл, цул махны үнэ өнгөрсөн жилийнхээс нэмэгдэж, ядарч, зүдэрсэн хүмүүс үнийн дарамтад өртөн сөхөрч эхэллээ. Ашгийн хойноос хөөцөлдөх худалдаачдын махны үнэ ханшийг тогтворжуулахад төр засгийн зүгээс авах ганцхан арга байдаг. Тэр нь нөөцийн махыг худалдаанд гаргах. Гэтэл нөөцийн мах амьдралд дэм болсонгүй. Малаар баян монголчууд махны үнэд дарлуулахгүй байх цаг хэдийд ирэх бол. Идээ ундаа. идэж уух, өмсөх зүүхээр элбэг дэлбэг ирэх оноо угтах бэлгэ ерөөлийг бодон сар шинэдээ хэр хэмжээндээ тааруулан бэлтгэх л үлдэж дээ.
URL: