Бадарч тахараас Х.Тэмүүжиний тахарууд хүртэл…
“…Энэ хүнийг Бадарч гэдэг. Арван долоон наснаасаа Луу гүний тамгын тахар хийсэн бөгөөд одоо гуч хүрчээ. Хэрэгтэнд хатуу харгис, бас тэгээд чадал хүч ихтэй долоон хошууны заан цолтой хүн. Тахар хийснээс хойш хээл хахууль авч овоо хөрөнгөтэй болоод сүүлийн үед хүнийг “Муу гуйлгачин…” гэж дайрах нь улам олон болж байгаа билээ…”
Ч.Лодойдамба гуайн “Тунгалаг тамир” романд тахар хэмээх албан тушаалтныг ийн дүрсэлжээ. Тахарыг мэддэг настнууд ч иймэрхүү түүх ярьдаг байв.
Тэр үеийн тахарын албанд гартаа бүлтэй, өгсөн үүргийг үг дуугүй биелүүлдэг, нэг тиймэрхүү бүдүүн тоймын нөхдийг авдаг байсан шиг байгаа юм. Тахарууд Хошуу тамгын газраас шийтгэлтэй, оргож зайлсан хүмүүсийг хөөж барьдаг үндсэн үүрэгтэй байсныг сурвалжуудаас харж болно.
Шинжлэх ухааны академиас 2008 онд гаргасан “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д “Тахар гэдэг нь Хошуу тамгын газрын зарлага…” хэмээн тайлбарлажээ. Бас нэг эх сурвалжид “Тахар гэж зарах, зарлага, одоогоор бол томилох, илгээх гэсэн утгатай манж үг. Манжийн үед Хошууны тамгын газрын зарлаганд явдаг байсан хүний албан тушаалын нэр…” гэсэн байх юм.
Харин Я.Цэвэлийн “ногоон” тольд Тахарыг тайлбарлаагүй байна. Өмнөх эх сурвалжийн хэлсэнчлэн монгол үг биш бол Я.Цэвэл гуай тайлбарлах шаардлага үгүй билээ.
Юутай ч тэр үеийн тахарт эрх мэдлээ ашиглан хүнийг харгисаар шийтгэх, одоогийнхоор авлига авах боломж нь нээлттэй байжээ. Өөрөөр хэлбэл, Монголд өмнө нь нэг иймэрхүү л тахарууд байсан бололтой юм.
Лав зуу, түүнээс дээш жилийн өмнөх энэ нэршил өнөөдөр дахин гарч ирэв. Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний боловсруулсан Маршалын хуулийн төсөл 2013 долдугаар сарын 5-нд УИХ-аар батлагдаад гарахдаа Тахарын хууль хэмээх шинэ нэртэй болов. Ирэх дөрөвдүгээр сарын 1 гэхэд бүтэц орон тоо, бүх юмыг нь бэлэн болгоод ажиллаж эхлэхээр төлөвлөж энэ хуулийг баталжээ.
Хуульд тодорхойлсноор бол тахар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдээс арай өөр. Тэд шүүхийн үйл ажиллагааг тогтмол явуулах, шүүхэд ирэхгүй хүнийг албадан авчрах, аюулгүй байдлыг хангах, гэрч хохирогчийг хамгаалах үүрэгтэй.
Гэхдээ энэ албаны “гэрч, хохирогчийг хамгаалах үндсэн чиг үүрэг”-ийг дэвэргэн PR-дсаар “Тахарын алба гэдэг чинь аятайхан юм” гэсэн сэтгэгдлийг олон нийтэд төрүүлж чадсан.
Тахарын хуулийг хэрэглэхийн тулд хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулжээ. Жаахан дэлгэрүүлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд байсан ялтан шилжүүлэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах ажлыг Тахарын албанд шилжүүлэх, Хилийн тухай хуульд Тахарууд нь шүүн таслах ажиллагаа болон хорих анги, цагдан хорих байрнаас оргон зайлж улсын хил нэвтрэхийг завдсан, эсхүл хил нэвтэрсэн яллагдагч, ялтны талаарх мэдээллийг авах, хилийн бүс орчимд эрэн сурвалжлах, баривчлах ажиллагаанд Хил хамгаалах байгууллагаас хүн хүч, автомашин, техник хэрэгслийг дайчлах эрхтэй гэж нэмжээ. Мөн Шүүхийн тухай хуульд Тахарын алба нь шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, яллагдагч, ялтныг ирүүлэх, оргон зайлсан бол эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгэх, басхүү Байгаль орчныг хамгаалах тухай, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Батлан хамгаалах тухай, Иргэний болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай зэрэг олон хуульд өөрчлөлт оруулан тахаруудын эрх үүргийг зохицуулжээ. Түүнчлэн тахарууд энэ үүргээ гүйцэтгэхийг тулд гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг хуульчилсан байна. Гүйцэтгэх ажиллагаа явуулна гэдэг нь шууд утгаараа мөшгиж мөрдөнө, тагнаж чагнана, хорино цагдана… .
Энгийн утгаараа Х.Тэмүүжин сайдын тахарууд Бадарч тахартай бараг адилхан ажил хийнэ гэсэн үг юм.
Зуун жилийн ялгаа гэдэг хэлбэрийн хувьд маш их ажээ. Гэсэн ч агуулга нь хадгалагдсаар үлддэг байна. “Тунгалаг тамир” романд “…Бадарч өнгөрсөн жил Төмөрийг усанд хөвж явахад нь бариад тамган дээр аваачин өөрөө банздан ширлэжээ. Тахар хийсэн үедээ олон хүнийг ширлэсэн бөгөөд тэд нараас оргож байсан хүн үгүй…” гэсэн нь өнөөгийн тахаруудын эрж хайж баривчлаад удаан хугацаагаар хорьж цагдах эрхтэй ижил. Мөн “…”Энэ лав намайг Төмөр гуайтай уулзсаныг мэдэж байх шиг. Би хэлэхгvй. Хөнгөлсөн ч хэлэхгvй. Ишиг шиг чарлахгүй, хурга шиг дуугvй байж байгаад л босоод явчихна. Эр хүн, эр хүндээ хайртай” гэж бодов.
- Чи муу хөнгөл дөө. Би ёо гэхгүй гэж Хонгорын хашгирахад нүдэнд нь доголон нулимс тунарав.
- Бэлтэй хүний ганц хүү гэсэндээ шөрмөстэй байна гээд Бадарч нүдээ жартайлган инээв….”, бас “…Мөн бурдаг эр ээ” гэснээ гэнэт инээхээ больж хөмсгөө зангидан “Гуйлгачин минь чам шиг юманд баригдах эр биш. Будааныхаа савтай хоцорсноо их аз гэж мэд. Засагт ханы цахиур Төмөрт морио алдсанаа мэдэж байна уу. Барина гэнэ шүү” гэж дахин инээв. Жил гаруй сургийг нь сонсоогүй ганц дүүгээ амьд мэнд явааг гэнэт сонсоод Эрдэнийн царай хувиран баярын туяа тодров. Эрдэнийн энэ байдлыг хашир Бадарч ажиж амжив…” гэсэн нь гар утсыг нь чагнах, мөшгиж мөрдөх гүйцэтгэх ажиллагаа явуулж буйтай агаар нэг ажээ.
Уг нь мань Х.Тэмүүжин сайд анх Маршалын буюу Тахарын хуулийг АНУ, Европын орнуудын туршлагаас “хуулсан” байна. Тэдгээр улсад энэ чиг үүргийг тусгай мэргэшсэн алба гүйцэтгэдэг. Тиймээс Х.Тэмүүжин сайдын Тахарын албаны төсөөлөл нь тэрхүү тусгай мэргэшсэн алба болж таарч байгаа. Харин шинээр бүрэлдэх Тахарын алба Х.Тэмүүжин сайдын мөрөөдсөн тусгай алба болж чадах уу.
Үүнээс гадна энэ хуулийг чуулганаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүд хуулийн сайн ойлголгүй л баталчих шиг болсон. Ямар сайндаа л Д.Лүндээжанцан гишүүн “Бадарч тахар гэж нэг роман дээр муугаар гарч, энэ үгийг тэр талаас нь ойлгоод байдаг болчихсон юм. Түүнээс биш маршал гэдэг үгийн оноосон нэр нь тахар юм шүү дээ…” гээд учирлаж суухав дээ. УИХ-ын гишүүд байтугай хуулийнхан өөрсдөө ч энэ нэр томъёо хийгээд хуулийг ойлгохгүй будилж суугаа гэх. Тахарын хууль батлагдах сургаар /тэр үед нь Маршалын хууль нэртэй төсөл явж байв. Б.Д/ хууль, хүчний байгууллагын боловсон хүчин бэлтгэдэг нэгэн их сургуулийнхан Тахарын албаны танхим байгуулахаар болжээ. Гэтэл багш оюутнууд нь нийлчихсэн маршал Х.Чойбалсангийн зургийг танхимын хананд өлгөөд зогсч байсан гэж байгаа. Хамгийн түрүүнд хуулиа ойлгох ёстой улс нь шүү дээ. Тэгэхээр Х.Тэмүүжин сайдаас бусад нь энэ хуулийг өнөө хэр нь төдийлэн сайн ойлгоогүй байх магадлал өндөр байгаа юм. Манж нэртэй, америк сурталтай, монгол уламжлалтай… Нэг иймэрхүү л хууль төрөв.
Улсаас хангалттай төсөв гарган, 700 гаруй хүний бие бүрэлдэхүүнтэй байх энэ алба тойргийн шүүхүүдийг дагаад аймаг, дүүрэг бүрт байгуулагдана. Боловсон хүчнээ 35-аас доош настай, хууль сахиулах буюу батлан хамгаалахын салбарт гурваас доошгүй жил ажилласан байх… шалгуураар ажилд авахаар зар тараачихаад байгаа.
Цагдаа, тагнуул, хил хамгаалах, шүүхийн шийдвэрийнхний зарим эрх, үүргийг цуглуулан босч буй Тахарын албыг бусад нь алга ташихаас илүүтэй ад үзсэн маягтай угтаж байна. Учир нь тагнах, чагнах эрх бүхий гүйцэтгэх ажиллагаа явуулдаг бас нэг алба байгуулагдсанд байгаа юм. Өмнө нь ажил үүргээ арайхийн хуваарилж тогтоогоод байсан тагнуул, цагдаа дээр нэмэгдээд АТГ гэж хэмжээгүй эрхт газар гарч ирсэн. Учраа олж амжаагүй байтал нь цагдаа нь тарсан ч биш, бутарсан ч биш болж, Тахарын алба гэдэг газар УИХ, Засгийн газраар “ногоон гэрэл”-ээр дэмжүүлэн, хүч түрэн зүтгэсээр байгуулагдаж байна.
Яг үнэндээ гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байгууллага ингэж нэмэгдэхэд “өрсөлдөгч” хууль, хүчний байгууллагынхан гэхээсээ ажлаа, бизнесээ хийгээд бор зүрхээрээ зүтгэж буй олон нийтийн эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэх вий гэх болгоомжлол нийгэмд байгаа нь нууц биш. Бас л нэг эрх мэдэл, түрэмгийлэл… Орчин үеийн Бадарч тахарууд ч төрж магадгүй гэх яриа бас байна. Учир нь Монголд авлига авах, эрх мэдлээ хэтрүүлэх боломж нээлттэй хэвээр байгаа билээ.
Б.ДАМДИН-ОЧИР
zuuniimedee.mn
URL: