Гамшиг далласан Д.Ганхуяг

527-1389666981a14Ам.доллар пуужиндаж, төгрөг сул байв. Төрийн ордны төв цэгт цэнхэр туг намирсан тэр өдрөөс энэхүү үйл явцын эхлэл тавигдсан. Оны өмнө үл ялиг тал зассан ногоон чөтгөр энэ удаад зүсээ хувиргахаар шийдэв бололтой. Cap шинийн баярын өмнө төгрөг цаас болж, ам.долларт шахагдана гэх эдийн засагчдын таамаглал ч бий.

Юутай ч Монгол Улсыг ийм байдалд хөтөлж, хөрөнгө оруулалтыг хялайж харах болсон тэр нөхрийг энэ удаад буландлаа. Монгол Улсын 2013 оны төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасарч, гадаадын хөрөнгө оруулалт 50 хувиар буурав. Гадаад худалдаа 2013 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 1.8 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ.

Сүүлийн арван сарын дотор гадаад худалдааны алдагдал 1.33 тэрбум ам.долларт хүрч, улмаар төлбөрийн тэнцлийн хөрөнгө санхүүгийн дансны ашиг 3.3 дахин буурсан мэдээг Үндэсний статистикийн хорооноос өгөх болов. Юун нөгөө гайхуулж, алмайруулж байсан 17 хувийн эдийн засгийн өсөлт.

Хэдийнэ дашийн шог болж. Ам.долларт улс даяараа эрүүдүүлж байгаа энэ зовлонг Уул уурхайн сайд Д.Ганхуягаас салгаж ойлгох аргагүй. Хөрөнгө оруулалт буурсан нь яах аргагүй мань эрийн алдаатай бодлогын үр шим. Н.Алтанхуягийн баярын ширээн дээрх бялууны цэцэгтэй хэсгийг Д.Ганхуягт жил гаруйн өмнө таваглаж билээ.

Байнгын ажиллагаатай парламентад гурав дахиа улиран сонгогдсон түүнд энэ хэмжээний шан харамж байлгүй яахав гэх магтаалын үг чихний хажуугаар хийсч байв Гэхдээ тэр энэ салбарыг гуйж биш гуядаж авсан нэгэн. З.Энхболд, С.Эрдэнэ нартай гар барьж “Шонхор” фракцид харьяалагдах болсон тэрбээр өмнөх Засгийн газрын үед Н.Алтанхуягийг аргагүй байдалд олон оруулсан.

Бас намын удирдлагуудынхаа эсрэг том дуугардаг тул албан тушаал амтлуулж амыг нь таглахаас өөр арга Н.Алтанхуягт үнэндээ үлдээгүй. Тиймээс “Шонхор”-ынхон цөм хоолтой болсон. Харамсалтай нь, тэр хариуд нь хөрөнгө оруулалтыг үргээв. Хөрөнгө оруулалтын тухай хууль нэг л биш, бас Монгол Улсын эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ганц энэ хууль хангалтгүй гэж үглэсээр шинэчлэв.

Дагуулан урт нэртэй хууль гэхчлэн хэд хэдэн хуулийг ч өөрчилж орхисон. Гэвч нуухыг нь авах гээд нүдийг нь сохолдог үлгэр биелэлээ олсон доо. Үр дүнг ганц зүйлээр жишихэд, Монголбанкинд тушаах алтны хэмжээ жилд 20-25 тоноор яригддаг байсан бол 2-3 тонн болтлоо буурсан. Бусад нь бүгд буруу замаар…

Мөн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиас болж манай улсад орох хөрөнгө оруулалтын хэмжээ 50 хувиар буурч, гадаад өр талийв. Чингис, Самурай гэхчлэн сайхан нэртэй үнэт цаасууд ирээдүйн их өрийн эхлэл. Хэрэв иргэн бүр Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг ядаж юунд зарцуулж байгааг мэддэг бол…

Харамсалтай нь, эрх баригчид өөрсдөө ч үүнийг мэдэхгүй. Юутай ч Чингис бондын хүүнд өдөрт 300 сая буюу өдөрт нэг цэцэрлэг, гурван өдөрт нэг сургууль барих хөрөнгийг өгч буй гэх сөрөг хүчнийхний барин тавин өгсөн мэдээлэл л бий. Гэхдээ энэ мөнгийг Монгол Улсын иргэн бүр төлж барагдуулах нь туйлын ганц үнэн.

Эс бөгөөс клон улсын боол болох тавилан тосох аж. Too бодож, тооцоо гаргахдаа мань хүнийг ингэж алдсан гэхэд итгэмгүй. Уг нь Уул уурхайн салбарыг Д.Ганхуяг аль эртнээс цээжиндээ зурсан. Тэр дан дээлтэй байхдаа эл салбарынхныг багагүй шүүмжилдэг, тэднээс эх оронч сэтгэл нэхдэг нэгэн байлаа.

Түүнчлэн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг олон ч удаа эрүүдэж, ёстой нэг үйл тамыг нь үзсэн дээ. Эрхэм сайдыг огцруулах бичигт гурван ч удаа гарын үсэг зурагсдын нэг гээд л бод. Гол шалтгаан нь Оюутолгойн гэрээг өөрчлөх бас шинэчлэх. Уул уурхайн сайдаар томилогдсон даруйдаа Д.Ганхуяг мөн л энэ зорилгоо онцолж байсан.

Тэр ч бүү хэл, Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулж чадахгүй бол албан тушаалаасаа огцрох тухай мэдэгдэл хэвлэлээр цацагдав. Гэвч сайд “Би гэрээг өөрчлөхгүй бол албан тушаалаасаа огцорно гэж хэлээгүй. Гэрээ ёсоор Монголын тал 34 хувийг эзэмшинэ. Анхны хөрөнгө оруулалт хийгдэнгүүт 50 хүртэл хувийг эзэмшинэ гэж байгаа.

Үүнийг л шаардсан” гэж бултав. Түүний энэхүү туйлбаргүй зангаас болоод “Рио Тинто” хөрөнгө оруулалтаа зогсоож ам.долларын ханш цойлж эхэлсэн юм. Төсвийн орлого ч тасалдав. Нүүрсний борлуулалт 50 хувиар унав. Мэдээж энэ бүх уналтыг Уул уурхайн сайд гадны зах зээлтэй холбон тайлбарладаг.

“Бридж”, “Бридж констракнш”, “БЭТ”, “МШТ”, “Сансар бридж”, “Жигүүр”, “Эвридей интернейшнл”, “Наран Эвридэй″, “АХИ”, “MGT”, “NIT”, “ЖАГ ДЕПО” зэрэг 12 компанийн хувьцаа эзэмшигч тэрбээр жилийн 19.9 сая төгрөгийн орлоготой тул орлого тасрах ямар хор уршигтайг сайтар мэднэ.

Төсвөөс цалинждаг байгууллагууд цалингаа тавьж чадахаа болино. Цалин тавигдахгүй бол иргэд өлсөнө. Мэдээж, 42 адуу, 345 үхэр, 694 хонь, 341 ямаатай салбарын сайдад тэр бүр мэдрэгдэхгүй байж мэднэ. Гэхдээ иргэдийн худалдан авалт багассан нь сүлжээ дэлгүүрийн тань орлогоос анзаарагдах биз ээ.

Уг нь Монгол моодонд орсныг ахин дахин сануулан, Уул уурхайн яамыг эрчим хүчнээс нь салган байж, Д.Ганхуягт хамгийн их мөнгө олох үүрэг даалгаварыг өгч, томоос том сейф тэврүүлээд тусад нь гаргаж билээ. Гэтэл бүтэц бүрэлдэхүүндээ нэмэлт хийснээс биш тэвэрч ирсэн сейфэндээ мөнгө хялайлгасангүй.

Харин ч энэ салбарын хөрөнгө оруулалт 32 хувиар буурсан төдийгүй гол нэрийн экспортын ашигт малтмалуудынх нь үнэ 13-40 хувиар унасан юм даг. Нийт хөрөнгө оруулалтын 85 хувийг цутгадаг энэ салбарын бодлого урвуугаа харсан мэт…

Өнөөдрийн байдлаар ам.доллар чангарч, өргөн хэрэглээний барааны үнэ, имфляцтайгаа тэврэлдэн “пуужинд” суучихлаа. Браво. Нэгэнт Болдоггүй бор өвгөний нисдэггүй бор морийг нь идчихсэн тэр нөхрийг мянга шүүгээд яах ч юм билээ. Бурхан өршөө түүнийг…
Д.Дорж

Эх сурвалж: “Нийгмийн шуудан” сонин


URL:

Сэтгэгдэл бичих