Төрийн одонгийн тоог нэмэхийн хэрэг алга

odon_medal-middle-Ерөнхийлөгчийн дэргэдэх зөвлөл төрийн одон, медаль олгох журамд өөрчлөлт оруулж, тоог цөөлөх, урамшуулалтай болгох талаар ажиллаж эхэлжээ-

Хөвсгөл аймагт 20 гаруй жил худалдааны салбарт ажилласан нэгэн ахмад настан төрдөө нэгэн гомдол дайсан нь бараг л онигоо юм шиг санагдсаныг нуух юун.

Тэрбээр, 20 гаруй жил жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж, олон ч хүнийг ажлын байраар хангаж, орон нутгийн хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулж иржээ. Гэтэл 20 гаруй жилийнх нь хөдөлмөрийг төрөөс нэг ч удаа үнэлээгүй аж. Бүр салбар нь хүртэл үнэлээгүй, салбарын тэргүүний цол тэмдэгээ ч аваагүй гэнэ. Гэтэл түүний төрсөн дүү нь намд элсээд гурав, дөрвөн жил болжээ. Тэр хооронд салбарын тэргүүнээ ч авч, бүр “Алтан гадас” зүүчихсэн “тууж” яваа аж.

20 жил нам бус амьдарч хөдөлмөрлөсөн би, хоёр гуравхан жил намын төлөө ажилласан дүү бид хоёрын төрдөө үнэлүүлсэн тогтолцоо их сонин байгаа биз хэмээн эрхэм гишүүдэд хандан хэлсэн түүнийг үг ёстой л орой руу орох шиг болж, төрийнхөө өмнөөс “Алтангадас” одонг нь улайхгүй өгч байгаа эрх мэдэлтнүүдийн өмнөөс ичиж билээ.

Ингэж л шагналын үнэ цэнэ улам бүр доройтож, шалдаа бууж байгааг жирийн иргэдийн амьдралын энгийн жишээ харуулж байна.

Гэтэл төр нүдэн балай чихэн дүлий явж, шагналын үнэ цэнийг улам бүр бууруулж байгаа нь харамсалтай. Танил талтай, намд зүтгэсэн нь “Хөдөлмөрийн хүндэт”, “Алтан гадас”-аар энгэрээ мялааж, насаараа ажилдаа үнэнчээр зүтгэсэн нөгөөх нь Засгийн газрын жуух, сумын Засаг даргын өргөмжлөлөөс өөр гялтайх зүйлгүй байгааг одоо өөрчлөх цаг болж.

Өөрчлөх хэрэгтэй гэж мөн ч олон янзаар, олон удаа бичсэн дээ, хэвлэлийнхэн. Тэр бүхэн нь эрх баригчдын сонорт хүрдэг юм болов уу гэж гайхаж байтал харин ойрноос тун таатай мэдээлэл дуулдаж эхэллээ.

Шагналын тоог цөөрүүлнэ, шагналыг үнэ цэнэтэй болгоно хэмээн ам өгч сонгогдож байсан Ерөнхийлөгч маань төрийн шагналын журмыг өөрчлөх талаар яриа хэлэлцээ хийж, дэргэдээ зөвлөл хүртэл байгуулсан гэнэ.

Төрийн шагнал олгох журамд өөрчлөлт оруулах уг ажлын хэсэгт нам намын төлөөлөл багтсан гэх. Өөрөөр хэлбэл, эдгээр хүмүүс төрийн шагналын ямар журмаар хэрхэн олгох, ямар тодорхойлолтыг хангасан хүнд олгох, мөн төрийн шагнал хэд байх, хэдийг нь хасах, өөр ямар шагнал нэмж болох талаар ажиллаж байгаа юм байна. Тэдний санаа уг нь зөв. Гэхдээ шагнал ихэдлээ гэж ярьж байхад нэмэх талаар ярих нь арай л учир дутагдалтай сонсогдож байна.

Шагналын тоо мундахгүй их. Салбарын тэргүүнүүд, аймаг, сумын Засаг даргын жуух, өргөмжлөл, Засгийн газрын жуух, яамдын жуух гээд маш олон. Төрийн шагнал ч бараг адилхан. Төрийн одон, медаль салбарын гавьяатууд нэмэгдэхээр гурван сая хүрэхгүй бидэнд ямар олон цол гуншин нэмэгдэж байгаа нь тодорхой байгаа биз. Шагнал нүдээ олох нь чухал байдаг. Яг түүнтэй адилхан төрийн одон медаль ч цөөхөн байх тусмаа үнэ хүндтэй болно.

“Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Сүхбаатарын одон”, “Алдарт эх-I, II”, “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”, “Цэргийн гавьяаны одон” гэх эдгээр долоон одонгуудаас гадна “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Цэргийн хүндэт медаль”, “Шударга журам медаль”, Түүхт ойн медалиуд гээд долоон медаль нэмэгдэхээр төрийн шагнал ямар олон гэдгийг хэлээд өгч байгаа юм. Тэгэхээр энэ бүхнийг эмхэлж, тоог нь багасгах л чухал байна. Одон нэмэхийн шаардлага алга.

Хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн бол “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байгаа эхчүүддээ “Алдарт эхийн одон”-г нь гардуулдаг байхад болохгүй гэх газаргүй. Цэргийн өчнөөн олон медаль, цолууд байхад элдэв дээдийн үнэ хүндгүй шахам болчихсон одонгийн хэрэг байхгүй. Намын нэртэй “Сүхбаатарын одон”-г ч хасах хэрэгтэй байна.

Одон гэдэг бол төрийн шагнал. Гэтэл нам эвслүүд өөрсдийнхөө шагналыг одон хэмээн нэрийдэж, “Ардчиллын одон”, “Сүхбаатарын одон” хэмээн нэрлэж, намынхаа төлөө ажилласан нэгэнд төрийн одонг хуйгаар нь тарааж байгаа нь дээрх ахын ярьсан “эмгэнэлт” жишээг олон болгоод байгаа юм. Тэгэхээр нам эвслүүдийн энэ даварсан үйлдлийг нугачин дарж, одон гэх нэрийг нам эвсэл, төрийн болон төрийн бус байгууллага, иргэн аж ахуйн нэгж хэн ч ашиглах эрхгүй байхаар хуульд тусгаж өгөх хэрэгтэй.

Цаашлаад тоог нь нэмэхгүйгээр маш цөөхөн болгоод үүндээ урамшуулал өгөх хэрэгтэй байна. Төрийн одон, медаль урамшуулалтай байх талаар ч ярьж байгааг нь сонслоо. Саяхан манай сэтгүүлч “Цайны сүүний үнэ хүрэхгүй одон” гэх нийтлэл бичиж байсан юм.

Өөрөөр хэлбэл, төрөөс олгож байгаа одон медалиудын сайхан нэр л байхаас авсан эзэндээ ямар ч эдийн засгийн үр ашиггүй байгааг хөндөж бичсэн нийтлэл. Үнэхээр ч “Алдарт эх-I, II”, МУГЖ гэх төрийн шагналаас бусдыг нь авлаа гээд овойж товойсон зүйл байхгүй.

Алдарт эхчүүд жилдээ портер нүүрсний ч үнэ хүрэхгүй мөнгө авдаг бол гавьяатууд сар болгон хэдэн төгрөгийн нэмэгдэл авдаг сураг дуулддаг. Энэ асуудлыг анхаарлын гадна орхихгүй анхаарч байгаа Ерөнхийлөгчдөө баярлаж сууна. Төрийн шагналаа цөөхөн болгоод нэг удаад ч юм уу эсвэл сар бүр тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал өгөөд явдаг болчихвол төр ч хий дэмий мөнгө үрэхгүйгээр “татганаж”, тэр хэрээр төрийн шагнал маань үнэ хүндтэй болох гээд байна. Энэ бүхнийг хуулиар зохицуулж өгөх нь ээ, баярлахаас яахав.

Ер нь төрийн ч гэхгүй салбарын шагналуудаа ч хуулиараа журмаараа зохицуулахгүй бол СТА цол тэмдэг хогийн саванд шидэгдэх нь холгүй болчихлоо шүү, Ерөнхийлөгчөө. Хэлдэг бус хийдэг гэдгээ энэ мэт ажлаар харуулж эхэллээ, ашгүй дээ.

Б.Өнөртогтох


URL:

Сэтгэгдэл бичих