Х.Цагаанбаатарын 99000099 дугаар 7.5 сая төгрөгөөр зарагджээ

Сайн үйлсийн аяны хүрээнд олимп, дэлхийн аваргуудын Мобикомын алтан дугааруудыг дуудлага худалдаанд орууллаа.

Энэхүү дуудлага худалдаагаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, Б.Наранбаатар нарын дугааруудыг зарж, хүнд өвчнөөр шаналж буй Д.Амарбаясгалан хүүгийн эмчилгээнд хандив болгосон юм.

Дуудлага худалдааны эхэнд олимпийн аварга Э.Бадар-Ууганы 99002222 дугаарыг хоёр сая төгрөгөөс эхлэн дуудаж, нэгэн бүсгүй 3.5 саяар худалдаж авав. Гавьяат тамирчин Б.Наранбаатарын 99003333 дугаар хоёр саяас эхлэн хоёронтоо дуудагдан Батболд гэх залуу дөрвөн саяар өөрийн болголоо.

Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын дугаарыг дуудлага худалдаанд оролцогчид илтэд сонирхож, таван саяас дуудахад аймгийн хурц арслан Т.Энхтайван 7.5 саяар худалдаж авсан юм. Энэ арга хэмжээний үеэр Д.Амарбаясгалан хүүгийн эмчилгээнд “TLG-13” ТББ-ын тэргүүн Н.Тулга нэг сая төгрөг хандивлаж, нийт 20 сая төгрөг цуглажээ. Энэ үеэр мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал Д.Амарбаясгалан хүүд туслах сайн үйлсийн аянд нэгдсэнээ зарлалаа.

Д.Туяа

URL:

Сэтгэгдэл бичих