Мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүйг “Макс” Д.Ганбаатар харууллаа

ganbaa05505050Одоогоос жил гаруйн өмнө буюу 2012 оны есдүгээр сард барилгын салбарт олон ноцтой осол ээлж дараалан гарч, хөдөлмөр хамгааллын асуудалд анхаарах цаг болсныг сануулж байлаа.

Мөн хууль бусаар барьж байсан барилгууд дээр ийн ноцтой осол гарсан нь дүрэм, журмыг мөнгөний дээр тавих цаг болсныг ч давхар сануулсан юм.

Дарга нар ч энэ бүхнийг ойлгосон юм шиг ярьцгааж, бөөн ажил хэрэг ярьж, өдөрлөг зохиож, аян өрнүүлсэн.

Гэсэн ч хууль журмын завхрал, мөнгө гэдэг манай улсад юу юунаас илүү хүчтэй болсон гэдгийг дарга нарын ярьсан хэлсэн хэдхэн өдрийн дараа мартагдаж, зохион байгуулсан аян нь сар хүрээгүй дууссанаас харж болно.

Мөн нураана, улсын орлого болгоно гэж байсан барилга нь улам өндөр болж, сүндэрлэж байгаагаас ч харж болох юм.

Дээрээс нь өнгөрсөн долоо хоногт “Макс өргөө” компанийн захиалгаар барьж байсан “Crown center” төвийн барилга дээрээс төмөр унаж, “Ланд-200” маркийн машины жолооч газар дээрээ нас барсан хэрэг гарлаа.

Хэдийгээр барилгыг “Зуншин” компани барьж байсан хэдий ч “Макс өргөө” компанийг хэргээс ангид үзэж болохгүй. Ерөөсөө энэ хэрэг дээрээс үндэслээд дүгнэхэд, мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй гэдгийг “Макс” группийн захирал Д.Ганбаатар харууллаа гэж үзэж байна.

Тиймээс түүнийг өнгөрч буй долоо хоногийн “Дуулиант нөхөр”-өөр нэрлэж байгаа юм.

Яагаад ингэж хардаж, дүгнэх болсноо тайлбарлахад болох байх. “Макс Өргөө” ХХК-ий захиалгаар баригдаж буй “Crown center”-ын  барилгын ерөнхий ажил гүйцэтгэгчээр “Зуншин” ХХК 12/8 дугаартай гэрээний дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс ажиллаж эхэлсэн аж.

Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Н.Оюунчимэг “Тус барилгын угсралтын ажлыг магадлал хийгдээгүй зураг төслөөр, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж барьж байгаа нь “Барилгын тухай хууль”-ийн  есдүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтын шаардлагыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр 2013 оны долдугаар сарын 01-ний өдрийн 06/103/44 дугаартай актаар уг барилгын ажлыг түр зогсоосон байгаа юм.

Уг нь мэргэжлийн хяналтын байцаагчийн акт гарчихсан байхад энэ барилгын ажил нэг өдөр зогссон билүү. Түүгээр ч барахгүй “Макс Өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхзаяа нь барилгын гадна талын шилэн фасадын ажлыг гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгчээр “Мээж класс” ХХК-ийн захирал Ш.Нямдаваа, “Fasade in” ХХК-ийн захирал Ким Хэ Жун нартай ажил гүйцэтгэх 13/08 дугаартай гэрээг 2013 оны долдугаар сарын 05-ны өдөр байгуулж, Ерөнхий захирал Д.Ганбаатараар батлуулсан байгаа юм. Энэ бол мэргэжлийн хяналтын байцаагчийн шийдвэр, Монгол Улсын хууль журмыг ураад, хогийн сав руу шидсэнээс ялгаагүй үйлдэл. Хэрвээ “Макс өргөө” компанийнхан мэргэжлийн хяналтын байцаагчийн актын дагуу ажлаа түр зогсоогоод, шаардлагатай зүйлүүдээ хийгээд, тороо татаад, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлаа хангаад ажиллаж байсан бол өнөөдөр нэг сайхан залуугийн амь нас эрсдэхгүй ч байх байсан ч юм бил үү. Ерөөсөө тэд тэгж л ажиллах үүрэгтэй.

Уг нь Д.Ганбаатар гэдэг хүн юмны учир ойлгохтойгоо, соёлтой, боловсролтой байх ёстой. Гэтэл гүйцэтгэх захирал нь барилгын гадна талын шилэн фасадын ажил гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгч компанитай гэрээ хийгээд орж ирж байхад зүгээр л батлаад өгч байна гэдэг хууль журмыг авч хэлэлцдэггүйн шинж.

Мэдээж Мэргэжлийн хяналтын газраас акт тавьсан гэдгийг тэр мэдэж л байсан байж таарна. Тэгсэн мөртлөө акт гарснаас дөрөв хоногийн дараа шууд л гадна фасадын ажил хийх компанитай гэрээ хийгээд явж байна гэдгийг үүнээс өөрөөр яаж тайлбарлаж, харах юм бэ. Тийм байтал өнөөдөр туслан гүйцэтгэгч компанийн хоёр ажилтныг л баривчилчихаад байгаа.

Сүүлийн үед томоохон компаниуд туслан гүйцэтгэгч компани руу аливаа осол, аваарын шалтгааныг чихчихээд суудаг болсон муухай жишиг тогтчихоод байгаа.

Ер нь бол энэ асуудалд “Макс өргөө” компанийн удирдлагууд ч буруутай. Дээрээс нь барилгын ажил зогсоох акт тавьсан Мэргэжлийн хяналтын байгууллага шаардлагыг биелүүлж байгаа эсэхийг дахин хянаагүй гэдэг нь ч энэ байдлаас харагдаж байгаа юм.

Чухам яагаад акт тавьсан болоод л өнгөрөв. Эргэж хянаж, шаардаж, шаадлагатай арга хэмжээг яагаад авсангүй вэ гэдгийг ярих л хэрэгтэй. Ерөнхийдөө мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй гэдэг нь энэ бүх зүйлээс харагдаад байгаа юм. Уг нь хэн ч хариуцлагаас мултрах ёсгүй. Захиалагч ч, гүйцэтгэгч ч, тэр битгий хэл мэргэжлийн хяналтынхан ч тэр.

Н.Пунцагболд


URL:

Сэтгэгдэл бичих