Заамарын хөндийд юу болоод байна вэ?

Төв аймгийн Заамар суманд гар аргаар алт олборлогчид буюу нинжа нар эмх замбараагүй байдал бий болгосон талаар манай сонин мэдээлсэн. Тус сумын иргэдээс ирсэн мэдээллээр Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд Заамарт ажиллах сургаар нинжа нар идэвхжиж, зохион байгуулалтад орж эхэлсэн гэнэ. Учир нь тагнуулын ажилтнууд Заамарт ажиллах үеэр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид алт олборлогч компаниудад шалгалт хийн үйл ажиллагааг нь зогсоож эхэлсэн байна.Ийн компаниудын үйл ажиллагаа зогсч, эзэнгүй болох үеэр нинжа нар дайрч, уурхай болон тоног төхөөрөмжийг нь сүйтгэсэн аж. Төрийн албан тушаалтнууд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай буюу “Урт нэртэй хууль”-ийг хэрэгжүүлэх зорилгоор алт олборлогч компаниудын үйл ажиллагааг зогсоосон байна. Хаалгаа бариулсан компаниуд эзгүйрэх сиймхийг нинжа нар хүлээж байсан гэнэ. Харин тагнуулын байгууллагынхан “Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу Заамарт ажиллаад нөхцөл байдлыг холбогдох байгууллагуудад мэдээлсэн. Бид хууль хяналтын байгууллагуудад мэдээллийн дэмжлэг үзүүлэх үүргээ биелүүлсэн” гэж мэдэгдсэн.

Заамарт алтны компани, нинжа, хууль сахиулагчдын дунд юу болоод байгааг холбогдох эх сурвалжуудаас дахин тодрууллаа.

“АЖЛЫН ХЭСЭГ ЗААМАРТ ОЧСОН”

Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батжаргалтай утсаар холбогдоход “Заамарт болж байгаа үйл явдалтай холбоотой аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан шалгалт хийж байгаа. Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Заамарт ажиллахаар явсан. Тэднийг ирсний дараа аймгийн удирдлагууд тодорхой мэдээлэлтэй болно” гэсэн юм.

Тагнуулын ерөнхий газрынхан Заамарт болж буй үйл явдлын талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, орон нутгийн удирдлага, цагдаагийн байгууллагад мэдэгдэж асуудлыг шалгуулахаар шилжүүлсэн талаар мэдэгдсэн билээ. Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас одоогоор орон нутагт шалгалт хийх төлөвлөгөөгүй байгаа бөгөөд Заамарт алт олборлогч зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүдийн талаар мэдээлэлгүй байгаа аж. Мөн Төв аймгийн орлогч прокурортой утсаар холбогдож хууль сахиулагчид хэрхэн ажиллаж байгаа талаар тодруулахад “цагдаа, прокурорт мэдсэн зүйл алга” гээд утсаа таслав. Түүний ярьснаас ажихад Тагнуулын ерөнхий газрын мэдээллийг хууль сахиулагчид анзаараагүй бололтой.

“ЦАГДААТАЙ ХАМТРААД Ч НИНЖА НАРЫГ ДИЙЛДЭГГҮЙ”

Алтны уурхайд юу болж байгаа талаар Заамар сумын удирдлагууд ч нарийн мэдээлэлгүй байгаа бололтой. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр өнгөрсөн пүрэв гаригийн шөнө нинжа нар “Монголросцветмет” нэгдлийн “Шижир алт” уурхай руу дайрч машин техник, тоног төхөөрөмжийг нь эвдэлсэн. Харин сумын цагдаагийн хэлтсийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж уурхайн гүнээс 100 гаруй нинжаг гаргасан аж. Харин энэ тухай хууль сахиулагчид ч, нутгийн удирдлагууд ч ярихгүй байсан юм. Тус сумын Засаг дарга Д.Болормаа эмнэлэгт хэвтэж байгаа учраас болж байгаа үйл явдлын талаар нарийн мэдээлэлгүй байгаа аж. Тиймээс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Болдтой утсаар холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

-Алтны уурхай руу өнгөрсөн пүрэв гаригт нинжа нар дайрч эмх замбараагүй байдал үүссэн байна. Энэ хэргийн талаар тодруулах гэсэн юм.

-Надад албан ёсоор мэдэгдсэн зүйл алга. Тэр үеэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагчид уурхайнуудыг хаагаад явж байсан. Энэ хооронд л үймээн болсон бололтой юм. Уурхайдаа цагдаагийн хэлтэстэй учир цагдаа нар зохицуулсан байх.

-Хичнээн аж ахуйн нэгж алт олборлож байгаа юм бэ. Ямар шалтгаанаар үйл ажиллагааг нь зогсоосон юм бол?

-Албан ёсны зөвшөөрөлтэй 30 гаруй аж ахуйн нэгж бий. Гэхдээ яг үйл ажиллагаа явуулж байгаа нь цөөн. Шалгалтынхан үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон байх. “Урт нэртэй хууль”-ийг хэрэгжүүлэх зорилгоор л шалгалт явуулсан болов уу. Гэхдээ Засгийн газар нөхөн төлбөр өгөх эсэх нь асуудалтай байгаа учраас яг энэ шалтгаанаар үйл ажиллагааг нь хаагаагүй байх. Нарийн мэдээлэл аваагүй байна.

-Алтны компаниудын үйл ажиллагааг зогсоож байгаа бол нинжа нарыг хэрхэн хянаж байгаа вэ. Нинжа нар үймээн дэгдээдэг, хууль сахиулагчдад хүчрэгддэггүй хүмүүс байдаг юм биш үү?

-Нинжа нар гэж цагдаатай хамтраад ч дийлдэггүй хүмүүс бий. Машин техник, тоног төхөөрөмж сайтай. Холбооны тоног төхөөрөмжөөр сайтар хангагдсан хүмүүс. Мэдээлэл ч сайн солилцдог бололтой юм. Металл хайгч гэдэг маш хүчтэй, том багажуудтай. Ядаж металл хайгчийг нь устгаад өгөөч гэж төр засагт хандаад нэмэр алга. Металл хайгчийг нь улсын хилээр оруулдаггүй болчихвол нинжа нарын гар бага ч болов мухардана. Бид нинжа нарыг захирч дийлэхгүй л байна. Зуны улиралд улам идэвхжиж олон болдог юм гэв.

“УРТ НЭРТЭЙ ХУУЛЬ”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ 31 АЖ АХУЙН НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООНО ГЭВ

Уул уурхайн ажил ид өрнөх цагаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд “Урт нэртэй хууль”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Тухайлбал, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн өдрүүдэд шалгалт хийж зургаан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүрэн зогсоожээ. Үүнээс үүдэж нинжа нар уурхай руу дайрсан бололтой. Шалгалтын талаар Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын байцаагч Н.Баттогтохтой утсаар холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

-Заамарын уурхайд ямар шалтгаанаар шалгалт хийж байгаа юм вэ?

-”Урт нэртэй хууль”-ийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг биелүүлэх зорилгоор шалгалт хийсэн. Гэхдээ эхний ээлжийн шалгалт дууссан. Голын гольдролд үйл ажиллагаа явуулж байгаа зургаан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоолоо. Ирэх сарын 2-оос дахин шалгалт хийнэ.

-Та нарын шалгалт хийж үйл ажиллагааг нь зогсоосон аж ахуйн нэгж рүү нинжа нар дайрч тоног төхөөрөмжийг нь эвдсэн байна. Энэ талаар мэдээлэл авсан уу?

-Сонсоогүй юм байна. Гэхдээ аймгийн Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Заамар сум руу явсан. Чухам ямар шалтгаанаар тэнд ажиллах болсныг мэдэхгүй юм.

-”Урт нэртэй хууль”-аар хэдэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох вэ?

-Заамар сумын нутагт 54 лицензтэй 31 аж ахуйн нэгж хуульд хамрагдах талаар Засгийн газрын тогтоолд заасан. Бүгдийнх нь үйл ажиллагааг зогсооно.

-Эхний ээлжинд ямар компаниудын үйл ажиллагааг зогсоосон юм бэ?

-Нэрийг нь нэг бүрчлэн хэлэх боломжгүй байна гэв.

Харин нутгийнхны яриагаар “Шижир алт”, “Дацан трейд”, “Тод ундрага” зэрэг арваад компанийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон байна. Аль олборлогч компанийн удирдлагуудын үзэж байгаагаар “Урт нэртэй хууль”-ийг хэрэгжүүлснээр нинжа нарт боломж гаргаж өгч байгаа аж. Учир нь нинжа нар эзгүй орхисон уурхай, талбай бүрт хэдэн мянгаараа шавж, зарим руу нь хүч хэрэглэн дайрдаг. Өмнө нь “Эрэл” компанийн эзгүй орхисон талбай руу нинжа нар хэдэн мянгаараа дайрч байгаль орчинг сүйтгэсэн жишээ бий билээ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР


URL:

Сэтгэгдэл бичих