Тэнэг нь дэндэхээр…
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ухаалаг төртэй” болох хамгийн эхний “тэнэг” алхмаа хийв. Ц.Элбэгдорж шинэ онд төрийн байшин барилгыг зарахыг нь зарж, барихыг нь барих хачин жигтэй зарлиг гаргав. Би түүнийг “төр сүйрүүлэх авъяастай” гэсэн. Энэ нь түүний энэ утгагүй зарлигаар бүрэн нотлогдож байна. Үүнийг одоо авч үзье.
Зарлигийн агуулга
“Төрийг хэмнэлттэй, үр ашигтай горимд шилжүүлж үйлчилгээг иргэдэд ойр, хүртээмжтэй болгох зорилготой” гэнэ. Үүний тулд:
1. Нийслэлийн өмчийн Хангарьд ордонг төр түрээслэх нөхцөлтэйгөөр хувьчлах
2. Хангарьд ордонг төр түрээсэлж Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газраас бусад агентлагийг тус ордонд багтаах
3. Хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр төр түрээслэх нөхцөлөөр хувийн өмчийн барилга бариулах;
4. ГХЯ, БХЯ-аас бусад бүх яамдыг тус барилгад багтаах
5. Энэхүү барилга нь ухаалаг төр ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлсэн байх,…төрийн албан хаагчдад хамгийн үр дүнтэйгээр ажлаа гүйцэтгэх шаардлагад нийцсэн байх юм гэнээ…
Өмчийн будлиан
Ноён Ц.Элбэгдорж “ухаалаг төртэй” болох нэрийн дор төрийн өмчийн наймаа худалдаа эхэлж байна. Түүний хийсэн наймаа худалдаа будлиан самуунгүй, хэл амгүй байна гэж номонд хазгай. Ямар сайндаа би түүнийг “төр сүйрүүлэх авъяастай” гэж байхав. Үүнийг одоо аваад үзье.
Ноён Э.Бат-Үүл хотын захад Нийслэлийн шинэ ордон барьж түүндээ нүүн ороход бэлэн болоод байгаа. Шинээр баригдах сүрлэг Ордонг улсын төсвөөр барьж байгаа. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр өөрийнхөө мөнгөөр л лав бариагүй.
Ингэхээр Нийслэлийнхэн удахгүй шинэ Ордондоо нүүн орж Хангарьд Ордон хоосон үлдэх нь тэнэг хүнд ч тодорхой байна. Ингээд ноён Ц.Элбэгдорж хоосон үлдэж буй Хангарьд ордонг хувьчлах түрээслэх “түүхэн шийдвэр” гаргаж байна. Хамгийн гол нь тэнд төрийн агентлагуудыг “чихэж оруулах” зарчмын асуудал хөндөж байна. Үүнийгээ тэр “ухаалаг төр” гэж тайлбарлаж байна.
Үнэхээр тийм “ухаалаг” юм бол, төр нь өмчөө мэддэг юм бол шинээр барьж байгаа ордонг нь хувьчлах чинь яасан юм ?!
Тэр шинэ Ордон чинь Э.Бат-Үүлийн өмч болохоор үлдээж байгаа юм уу ?
Хэрэв Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж байгаа бол тэр нь ямар нэг хэмжээгээр тухайн асуудлыг бүрэн бүтэн, иж бүрэн тусгах ёстой. Гэтэл ийм юм алга. Хэт яарсандаа хам хум хийж, бараг л солиотой ажил хийсэн байна.
Монголын ухаалаг Ерөнхийлөгч “ухаалаг” зарлигтаа асар том асуудлуудыг өм цөм мартсан байна. Тухайлбал: яам, агентлагуудаас суларсан төрийн мэдлийн олон байруудыг яах вэ гэдэг асуудал ор тас алга байна.
Миний ойлгож байгаагаар Ерөнхийлөгчийн зарлигаар сулрах эдгээр байр нэг биш, нэлээд олон байх ёстой, мөн олон арван тэрбум төгрөгөөр хэмжигдэх учиртай.
Хэрэв лаг сүртэй зарлиг гаргачихаад хамгийн чухал энэ асуудлыг мартаж байвал би л лав Ерөнхийлөгчийн энэ зарлигийг үнэн тэнэг хөгийн юм гэж үзнэ.
Хангарьд ордон чинь төрийн өмч үү, нийслэлийн өмч үү, нийтийн өмч үү ?! Хэрэв төрийн өмч юм бол төр төрдөө түрээсэлж болох уу ? Хэрэв Нийслэлийн өмч бол яах гэж булааж аваад байгаа юм ? Төр мөнгө хүүлдэг газар болсон юм уу ? Ухаандаа Хангарьд Ордонд байрлах агентлагууд төрийн байгууллагууд мөн биз дээ ?! Эсвэл биш юм уу ?! Орон нутгийн өмчийг төр булаан авч болдог юм уу ?
Адилхан төрийн байгууллага учраас Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын байрыг хувьчилж болохгүй юу ? Тэгвэл тэдний байрыг бас л түрээслэе л дээ, яагаад болохгүй гэж ?! Үндэсний аюулгүй байдалтай холбоотой байна уу ?! Тэгвэл монголын бусад агентлагууд үндэсний аюулгүй байдалд хамаагүй гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ойлгож байна уу ?
Бэлэн байшингаа түрээсээр хувьчилдаг, тэгээд шинээр түрээсийн байшин барьдаг чинь яаж байгаа юм ?! Хангарьд шиг бэлэн хоосон байшин байж байхад яамдууд зүгээр нүүгээд орж болохгүй юу ? Заавал түрээслэх гэж зүтгэх нь “ухаалаг” байгаагийн шинж юм уу ?
Би эдгээр асуултуудын хариултыг мэдэхгүй болоод асуугаад байгаа юм биш л дээ. Харин энэ болон эдгээр асуултад эрхэм Ерөнхийлөгчийн хагас дутуу зарлиг тайлбар өгч чадахгүй байгаа болохоор нь асуугаад байгаа юм.
Манай Ерөнхийлөгч “ухаалаг” болох гэж их хичээж байх шиг. Тэгвэл ядахдаа нэг ч болсон зарлиг “ухаалаг” гаргаад сурчих хэрэгтэй ш дээ.
Би л лав монгол судлаачийн хувьд энэ бол үнэн тэнэг зарлиг, харин худалдаа арилжааны талаасаа бол “ухаалаг” байж болох л юм. Тэрийг нь би яаж мэдэхэв…
Судлаач Х.Д.Ганхуяг
2014 оны 01 дүгээр сарын 09.
Эх сурвалж: www.ganaa.mn
URL: