АН-ын “боксчид”

box_beelii-middleЗасгийн эрхийг барьж буй Ардын намын хурган дарга нар доод албан тушаалтнуудаа зодох нь энгийн үзэгдэл болов.

Тэд эрх мэдэл, албан тушаалын ааг омогтоо бялуурсандаа ч тэр үү хэн бүхнийг гарын үзүүрээр хөдөлгөчих гэсэн ойворгон зан гаргах аж. Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийн зөвлөхөөс эхлээд агентлагийн дарга нар хүртэл ажилтнууддаа “алганы амт” үзүүлсэн хэрэг удаа дараа гарлаа. Ерөнхий сайдад зөвлөдөг чухал албан тушаалтан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж буйгаас энэ намын хүний нөөц ирээдүйд намаа авч явах залуусын өнгө төрх ямаршуухан байгааг харж болохоор байна.

Нөгөөтэйгүүр сөрөг хүчний байр суурьнаас харахад, гудамжинд жагсаж явсан тэд нударган-даа сайн гэдгээ харуулаад байна уу гэлтэй. Өнгөрсөн онд л гэхэд эрх баригч намын залуусын зодооны хэрэг гарын арван хуруунд багтахааргүй олон гарчээ. Энэ тухай мэдээллийг нуршилгүйгээр тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрхэн мэдээлж байсныг хүргэе.

Н.Алтанхуягийн зөвлөх хууль бусаар авсан байраа өгөхгүй гэж танхайрчээ

Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн зөвлөх Т.Нямдорж гэгч 2011 оны гуравдугаар сард хууль бусаар олж авсан байрны зөвшөөрлөө шүүхийн шийдвэр гарчихаад байхад өгөхгүй гэж танхайрчээ.

Байрыг хууль ёсоор эзэмших эрхтэй /нас барсан нөхөр Ш.Мөнхбатынх нь нэр дээр байсан/ өрх толгойлсон эмэгтэй Б.Аззаяа шүүхэд хандаж, шүүх түүний талд шийдвэр гаргасан ч Т.Нямдорж элдэвээр доромжлон шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан аж. Шүүгчдийн гаргасан захирамжийг биелүүлэхийг шаардсан өмгөөлөгч Б-г хүртэл зодож танхайрсан байна. Т.Нямдорж бол АН-ын дарга Н.Алтанхуягийн зөвлөхөөс гадна АН-ын ҮЗХ-ны гишүүн, “Магнай трейд” ХХК-ий хуулийн хэлтсийн дарга аж.

Өөрөө бүхэл бүтэн байгууллагын хуулийн хэлтсийн дарга байж шүүхийн шийдвэрийг үл ойшоон хэрхэн бүдүүлэг аашилж байгааг нь камерын бичлэг гэрчилнэ. Өмгөөлөгчийг хүртэл зодож танхайрдаг түүнийг хуулийнхан шалгаж байгаа. Т.Нямдоржийн танхайрч буй бичлэг интернэтэд тавигдсан тул олон хүн Н.Алтанхуягийн фэйсбүүк хуудсанд хандан чухам юу болоод байгааг асуужээ. Гэсэн ч тэрбээр үүнд ямар нэгэн хариу өгөөгүй байна. АН-ын дарга үүнд ямар хариу өгөх нь Н.Алтанхуяг, цаашлаад АН-ын нэр хүндэд багагүй нөлөөлөх бололтой.

ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж бусдыг зодов

2013.09.24 tv5news.mn

Өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын 20-ны үүрийн 06.00 цагийн орчим үндэсний агаарын тээвэрлэгч “Aero Mongolia” компанийн ажилтан ажлын байран дээрээ албан үүргээ гүйцэтгэж байгаад зодуулсан хэрэг гарчээ.

Түүнийг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж зодож, улмаар албан тушаалын давуу байдлаа ашиглан, зүй бус авирлаж танхайрсан байна. Тодруулбал, тус өдрийн үүрийн 05.30 цагийн орчим. Улаанбаатараас Ховдын чиглэлд нисэх онгоц хөөрөх зурваст гарсан байжээ.

“Aero Mongolia” компанийн бүртгэлийн ажилтан н.Чингис албан үүргээ гүйцэтгэж байтал ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж 05.38 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд иржээ. Тус онгоц 05.40 минутад хөөрөх байж. Гэтэл ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж яг хөөрөх гэж байсан онгоцыг саатуулж, багагүй чирэгдэл учруулжээ.

Тэрбээр зорчигчдын бүртгэлд бүртгүүлээгүй байсан тул н.Чингис албан үүргийнхээ дагуу онгоцонд суулгах боломжгүй хэмээн хэлж зүй ёсны шаардлага тавьсан байна. Гэтэл Б.Пүрэвдорж ихэд уурлаж, бүртгэлийн ажилтныг заамдан чирч, “Чам шиг бацаан ингэдэггүй юм” хэмээн хэд хэд хүчтэй цохиж зоджээ.Асуудал ингээд намжаагүй байна.

ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж “Aero Mongolia”-гийн ажилтнуудад хандан “Би та нартай харьцдаг хүн биш. Танай дарга н.Мөнхбаатартай ч харьцахгүй. “Моннис”-ын Б.Чулуунбаатартай ярина” хэмээн түүн рүү залгаж “Энэ ажилтнаа хал” гэсэн байна. Б.Чулуунбаатар захирал ч түүний шаардлагын дагуу холбогдох албаныхан руу утас цохиж, н.Чингисийг ажлаас нь халах үүрэг өгчээ. Хохирогчийн хувьд ажил үүргээ гүйцэтгэсэн хэвээр, дээрх хэргийн талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, Б.Пүрэвдоржийг шалгуулахаар болжээ.

Боловсролын газрын орлогч дарга мэргэжилтнээ гэмтээжээ

News.mn 2013.10.23

Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр Технологийн мэргэжилтэн Г.Амарсанааг аравдугаар сарын 5-нд зодож, хүндээр гэмтээсэн байна. Технологийн мэргэжилтэн Г.Амарсанаа аравдугаар сарын 16-нд Тайланд улсыг зорин, тархиндаа авсан хүнд гэмтлээ яаралтай эмчлүүлж байгаа гэнэ.

Аравдугаар сарын 5-нд Олон улсын багш нарын эрхийг хамгаалах өдөр тохиож, нийслэлийн Боловсролын газар мянган багшийн аялал зохион байгуулсан билээ. Энэхүү аялал “Эрүүл агаар, эрүүл орчин, Эрүүл бие бялдар” уриан дор Чингисийн талбай-Манзуширын хийд–Төр хурахын ам–Цэцээ гүний оргил гэсэн маршрутаар болсон юм.
Аяллын үеэр нийслэлийн Боловсролын газрынхан Цэцээ гүний ойролцоох амралтын газар архи ууцгаасан байна. Г.Амарсанаа ядарсан тул өөр гэрт амарч байгаад дарга нарын байрласан газар ортол нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр агсамнаж, “Чи намайг дарга гэж дуудалгүй архи хундагалж өг гэлээ” гэж уурласан байна.

Улмаар Г.Амарсанаа руу 0.75 летрийн архины шил шидсэн нь толгойных нь гавлын ясыг хагалж, хүндээр гэмтээсэн гэнэ. Г.Амарсанаа амралтын газраас гарч, хот руу явах гээд чадалгүй буцсан байна. Харин буцаж очихдоо гэр андуурч, амарч байсан оюутнууд дээр орчихож. Ингээд тэнд амарч байсан оюутнууд цусандаа холилдсон Г.Амарсанаад түргэн тусламж дуудаж өгчээ.

Энэ хэрэг Төв аймгийн цагдаагийн хэлтэст бүртгэлтэй байгаа ч нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр Технологийн мэргэжилтэн Г.Амарсанаад “Бүх эмчилгээний зардлыг даая. Хоёулаа хоорондоо зодолдсон болгоод гомдолгүй гээд биччих”гэж ятгасаар гомдолгүй гэж гарын үсэг зуруулж чаджээ.

ҮХААЯ-ны Т.Бат-Эрдэнэ “Би МОАХ-ны том хүн шүү” гэж тогооч нарыг зоджээ

factnews.mn 2013.11.14

Зайсангийн тойруугийн 27 дугаар байрны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг “Golden dragon” рестораны тогооч нарыг өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 9-ний өдөр зодсон хэрэг гарчээ.

Тухайн өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын хуулийн мэргэжилтэн Т.Бат-Эрдэнэ тус газарт төрсөн өдрөө тэмдэглэх хүсэлтийг эзэнд нь уламжилсан байна. Үдэш 20.30 цагийн орчим тэрбээр хэсэг нөхдийн хамт “Golden dragon” ресторанаар үйлчлүүлэхээр иржээ. Рестораныхан ч захирлынхаа хэлснээр Т.Бат-Эрдэнийг найзуудынх нь хамт VIP өрөөндөө хүлээн авч үйлчилсэн байна.

Гэтэл төрсөн өдрийн эзний идэж байсан хоолноос тамхины иш гарч ирсэн нь хэрүүл, зодоон гарах эхлэл болжээ. Уур нь хүрсэн үйлчлүүлэгч тогооч нараа дуудахыг тушаасан байна. Тогооч нар нь ч ирж, санаатайгаар хоолонд нь тамхины иш хийхгүйгээ учирлаж уучлал гуйжээ. Гэтэл Т.Бат-Эрдэнэ төрсөн өдрийг нь доромжиллоо хэмээн тогооч нарыг шанаадаж, зодож цохисон байна.

Энэ үедээ тэрбээр ажлын газрынхаа үнэмлэхийг үзүүлж, “Би МоАХ-ын том хүн шүү. Миний багш хуульзүйн сайд Х.Тэмүүжин. Та нарыг шалгуулна. Ална шүү” гэхчилэн заналхийлсэн байна. Хамт явсан найзууд нь болон рестораны үйлчлэгч, хамгаалагч нар түүнийг хориглоод дийлээгүй аж. Эл хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн ахмад н.Чулуунтуяа хариуцан шалгаж эхэлжээ.

СЗХ-ны дэд дарга Г.Хэрлэн хэлстийн даргаа бүлэглэн зодсон байна


Medee.mn 2014.01.07

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Г.Хэрлэн тус хорооны хэлтсийн дарга Ц-г бусадтай бүлэглэн зодож, танхайрсан хэрэг өнгөрсөн сарын 26-ны үдэш гарчээ.

Албаны эх сурвалж “Иргэн Ц нэр бүхий хүмүүст зодуулсан талаар гомдол гаргаж, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн боловч тун удалгүй буцаан авсан” гэх мэдээллийг бидэнд өгсөн юм. Дээрх мэдээллийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга хэлтсийн даргаа нэвширтэл зодох болсон шалтгааныг сурвалжиллаа.

Эх сурвалжаас авсан мэдээллээр өнгөрсөн сарын 26-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны ажилчдын шинэ жилийн арга хэмжээ сүүлийн үед томчуудын тухладаг болоод байгаа “AB” ресторанд болж байсан аж. Шинэ жилийн арга хэмжээ нэлээд дундаа орох үеэр Г.Хэрлэн хоёр цаг нь 300 мянган төгрөгийн үнэтэй караокены вип өрөөнд зарим хүнийг туслах Ж.Ганзоригоороо дуудуулан дайлж эхэлсэн байна.

Энэ үеэр Ц-г ч дуудан, тэд өрөөнд оржээ.  Гэвч тун удалгүй өрөөнөөс Г.Хэрлэнгийн туслах залуу сандран гарч ирээд, доод давхарт байрлах ресторанд бүжиглэж байсан хүмүүсээс 6-7 залууг дуудан, авч оржээ.

Хэсэг хугацааны дараа цус нөжтэйгээ холилдож, нэвширтлээ  зодуулсан Ц өрөөнөөс гарч ирж “Та нар яасан их хүн нийлж зоддог юм бэ. Бүгдийг чинь зүгээр өнгөрөөхгүй дээ” хэмээн хашгирсан байна.  Улмаар тус хорооны дэд дарга өөрийн гэгдэх 7-8 залуутай нийлж хэлтсийн дарга Ц-г зодсон болохыг бүх ажилтан нь мэдсэн байна.

Т.Амартүвшин


URL:

Сэтгэгдэл бичих