2014 онд хүнд аж үйлдвэрүүдийн эхлэлийг тавина

74c64c8d401cdb360d605af850f672bc_LНийслэлд цуглараад байгаа Монгол Улсын аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай ҮХАА-н сайд Х.Баттулга өнөөдөр уулзаж, өнгөрөгч оны ажлын үр дүн, энэ оны төлөвлөгөөг хэлэлцлээ.

Х.Баттулга сайд уулзалтын эхэнд тавьсан илтгэлдээ Монгол Улсад нийт 146 мянган өрх, 290 орчим иргэн мал аж ахуй эрхэлж, энэ жил улсын хэмжээнд 45 сая мал тоологдсоныг онцлов. Мөн өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 27-ноос арилжаагаа эхэлсэн Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан ноос, ноолуур, арьс шир, мах, сүү, тосны ургамал зэрэг түүхий эд борлуулж нийт 403,6 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн бөгөөд малчид биржээр дамжуулан түүхий эдээ борлуулснаар ченжийн гар хардаг байдлыг халж байгааг тодотгож, Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан үйлдвэрүүдтэйгээ холбоод өгвөл малчин өрхийн жилийн орлого тодорхой хувиар нэмэгдэх тооцоо гарсныг хэлэв.
“Шинэ сум” төслийг хэрэгжүүлж эхэлснээр орон нутагт амьдрах нөхцлийг сайжруулж, хот руу чиглэсэн нүүдлийг зогсоох боломжтой болж эхэлсэн. Энэ зорилгоор Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг суманд уг төслийг хэрэгжүүлж, гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 80 хувьтай байгаа аж. Энэ төсөл хэрэгжсэнээр сумын төвийн цахилгаан болон цэвэр, бохир ус, халаалтын асуудал бүрэн шийдэгдэх бөгөөд шинээр бий болсон дэд бүтэцдээ тулгуурлан сумын төвийн дахин төлөвлөлтийг ярих боломжтой болж байгаа юм байна. “Шинэ сум” төслийн хүрээнд барьж байгаа  барилгуудыг Канад улсын технологийг Монгол орны орчин нөхцөлд тохируулан ашиглаж барьж буйгаараа онцлог. Канад технологийн модон барилгын материалууд чанартайгаас гадна хүний эрүүл мэндэд хамгийн тохиромжтой  гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд онцолсон юм.
Засаг дарга нарын зүгээс харин аймаг бүртээ тулгамдаад буй асуудлыг Х.Баттулга сайдад хэлж, хариулт авч байсан юм. Тухайлбал  Сэлэнгэ аймагт үлийн цагаан огтны нүүдэл болсны уршгаар их хэмжээний бэлчээр сүйдсэн. Тиймээс бэлчээрийн устгалыг бүрэн гүйцэт, чанартай хийх шаардлагатай байгааг хэлэв. Үүнээс гадна ихэнх аймгийн Засаг дарга нар рапсын тариалалтын бодлогыг батлах эсэх, энэ оны Газар тариалангийн бодлого хэрхэн тодорхойлогдсон зэргийг лавлаж байсан юм.

Уулзалтын үеэр ҮХАА-н сайд Х.Баттулгаас энэ салбарт хийх гол ажлуудын талаар болон УИХ-аар маргаан дагуулаад байгаа нөөцийн 100.0 тонн улаан буудай импортлох асуудлын талаар тодруулга авав.

-Энэ онд хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлэх томоохон бодлогуудаас танилцуулаач?
-2014 онд тариаланчид, малчид руу чиглэсэн бодлого гарсан. Ирэх долоо хоногт байнгын хороонд танилцуулна. УИХ-аар ороод батлагдвал хэрэгжүүлээд явна.
Мөн энэ онд хүнд аж үйлдвэрүүдийнхээ эхлэлийг тавина. Маш их судалгаа хийсэн. Сайншандад Кокс, Гангийн үйлдвэр, Дарханд төмрийн хоёр үйлдвэр барих гээд хэд хэдэн томоохон үйлдвэр барих зорилт тавиад судалгаагаа дуусгалаа. Эдгээрийг байгуулснаар бид түүхий эд экспортлогч орон биш үйлдвэрлэгч болно  гэсэн зорилго биелнэ. Мөн Дарханд 10 сая ширхэг Арьс шир боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ-г дуусгаж, энэ оноос барилгын ажилдаа орох гэж байна. Ингэснээр малчдаас авсан арьс ширээ боловсруулаад импортод гаргах боломжтой болох юм.
Судалгаанаас харахад Сайншанд, Дарханд түүхий эдэд суурилсан үйлдвэрлэл байгуулбал ДНБ-ийг 30 хувиар, хөдөө аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх хувь 12 хувь өсөх судалгаа гарсан.
-Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа ямар үр дүнд хүрэв?
-Хөдөө аж ахуйн биржийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн ажиллуулсан. Үүнийг ажиллуулахад хүндрэл бэрхшээл их байсан. Бэрхшээлийг тоочоод яах вэ. Ямар ч байсан бид малчдынхаа түүхий эдийг хөдөө аж ахуйн биржээр дамжуулаад үйлдвэрүүдэд нийлүүлэх ажил хийсэн. Мөн нөгөө талдаа үйлдвэрүүдээ дэмжсэн мөнгийг Засгийн газраас арилжааны банкуудад хуваарилсан. Ноолуур 80 хувьтай, тэмээний ноос нэлээд сайн борлуулагдсан. Үүнийг бид УИХ-аар батлуулчих юм бол цаашид хөтөлбөр маягаар ажиллуулаад явах юм. 330 суманд хөдөлмөрийн бирж  байгуулна. Гэхдээ дэд бүтэц нэлээд асуудалтай байна.
-Шинэ сум төсөл цаашид хэрэгжих үү?
-Шинэ сум төслийг улсын төсвөөр хийж байгаа. Үүн дээр зам гэрэлтүүлэг дэд бүтцүүдийг оруулсан. Энэ төсөл амжилттай болж хүлээлгээд өгчихвөл дараа дараагийн суманд уг  төслийг хэрэгжүүлээд явна. Нэг суманд таван тэрбум төгрөг зарцуулж байгаа юм. Хөдөө хотын ялгааг багасгаж, хотруу ирэх их нүүдлийг багасгахын тулд ийм ажлуудыг хийж байна.
-Малчдад сайн малчин гэсэн шагнал өгдөг. Шагнахаас өөрөөр сайн малчин болгохын тулд хийж, дэмжиж байгаа ажил бий юу?
-Өдөр шөнөгүй, халуунд халж, хүйтэнд хөрж байгаа малчдыг урамшуулсан шагнал байгаа юм. Сайн малчин шагналыг их хүндэтгэлтэй хүлээж авдаг тэд ч дуртай учраас олгодгоороо олгоно. Цаашдаа харин өөр хэлбэр, чиглэлээр, залуу малчдыг дэмжих ажил хийнэ.
-Манай улс хэдэн тонн улаан буудай хураан авсан бэ? 100 мянган тонн буудайг импортлох гол шаардлага нь юу байна вэ?
-Энэ жил намар манай улс 404 мянган тонн улаанбуудай хурааж авна гэсэн төлөвлөгөөтэй байснаас 369 мянган тонныг хурааж авсан. Ингээд харахад 100 мянган тонн улаан буудайг оруулж ирж нөөцлөхгүй бол дараагийн ургац хураалт хүртэл гурилын үнэ өсөх магадлалтай байна. Гурил бол монголчуудын гол хэрэглээний нэг учир үнэ нь өсвөл иргэд маш их бухимддаг. Үүнээс л сэргийлэхийн тулд гадаад зах зээлд үнэ хямд байгаа үед оруулж ирэхээр хэлэлцэж байгаа юм.
Харин хэлэлцүүлгийн явцад 20 мянган тонн элит үр оруулж ирэх болж, сүүлийн 10-аад жил хийгээгүй үрийн шинэчлэлийг хийхээр болсон. Үрийн шинэчлэл нь ард иргэдийн нуруун дээр том ачаа болж очдог. Үүний эсрэг зогсохын тулд нөөцийн буудай оруулж ирэх гээд байгаа юм. Бид энэ улаанбуудайны асуудлыг нухацтай ярьж тодорхой тооцоо гаргасан. Асуудлыг хэлэлцэх явцад элит үр оруулж ирэх болсон. 20 мянган тонн элит үр оруулж ирнэ. Сүүлийн 10 -аад жил буудайны  үрэнд  шинэчлэлт хийгээгүй юм. Энэ асуудал бас давхар шийдэгдээд явна гэсэн үг.
-Гэхдээ ийм хэмжээний нөөцийн буудай оруулж ирэхээр тариаланчдад сөргөөр нөлөөлнө, тэдний үйл ажиллагааг хязгаарлахад хүрнэ гэж шүүмжилж байгаа?
-Улсын хэмжээнд тариаланчдыг бодлогоор дэмжиж байгаа. Энэ нь ч үргэлжилнэ. Харин нөөцийн буудай бол тариаланчдад сөрөг нөлөөлөхгүй. Дахиад хэлье, энэ бол гурилын хомсдол үүсэхээс сэргийлж авч байгаа арга хэмжээ.
-Одоогийн байдлаар хэр хэмжээний улаан буудайн нөөцтэй байна вэ? Зарим гишүүд 100 хувь дотооддоо буудайгаар хангаж байсан харин одоо яагаад импортлоход хүрээд байна вэ гэсэн асуудал тавиад байгааг юу гэж хариулах вэ?
-40 мянган тонн улаан буудай нөөцөнд бий. Зарим УИХ-ын гишүүд их буруу мэдээлэлтэй байгаа нь эндээс харагдаж байгаа юм. Манайх газар нутаг томтой улс. Тиймээс баруун аймгийн иргэд хотоос тээвэрлэхэд тээврийн зардал өндөр учир дандаа импортын гурил хэрэглэдэг. Тиймээс манайх буудайгаа 100 хувь хангадаг гэдэг худлаа мэдээлэл. Харин өнгөрөгч долдугаар сард  усархаг бороотой байснаас ургац алдсан зүйл бий. Болц хойшилж, есдүгээр сарын 20 гэхэд цас орсон. Мөн тариаланчид ашигтайг нь хараад  рапс ихээр тариалсан. Тэднийхээ ашгийг бодоод хорьж бас чадахгүй байгаа. Гэхдээ рапсын тариалалтыг бодлогоор зохицуулах шаардлага байгаа. Тухайлахад тариалангийн талбайн 20-оос илүүгүй хувьд рапс тариална, жил бүр газраа сөөлжинө гэх мэтээр.
-Шар айраг хийхэд бас улаан буудай ашигладаг. Спирт, архи үйлдвэрлэж байгаа компаниудад буудайн урамшуулал өгч байгаа юу?
-Спирт согтууруулах ундаанд улаан буудай ордог. Гэхдээ энэ бидний тооцоонд ордоггүй. Улаан буудай спиртэд нийлүүлж байгаа бол урамшуулал авахгүй.

Н.Гантуяа

 


URL:

Сэтгэгдэл бичих