Т.Дэлгэрмөрөн: Цомогт багтсан дуу бүхэн өөрийн гэсэн түүхтэй

deegii-middle“Номин талст” хамтлагийн дуучин, МУСТА Т.Дэлгэрмөрөнгийн шинэ цомог сонсогч, фэнүүдийнх нь хүртээл болоход бэлэн болжээ. Тиймээс ч энэ удаагийнхаа “Зогс нэг агшин” буландаа дуучин Т.Дэлгэрмөрөнг урьж, цөөн хором ярилцлаа.

-Шинэ цомгоо худалдаанд гаргахад бэлэн болсон гэлээ. Цомгийн нэр таны зан араншинг илэрхийлэхүйц, өвөрмөц болсон юм шиг санагдлаа?
-Т.Дэлгэрмөрөн миний бие, өөрийн ээлжит уран бүтээл болох “Хийморь” цомгоо та бүхний хүртээл болгоход бэлэн боллоо. Монголчууд бид тэнгэр заяат, хийморьлог ард түмэн. Гэтэл бид хийморио сэтгэл дотроо тээгээд, гаднаа ил гаргахгүй л яваад байх шиг. Тиймээс хийморио дотроо биш гаднаа ил гаргаж, омогшиж явах нь бидний Монгол байхын, оршин тогтнохын үндэс гэж бодсон учраас энэ цомгоо “Хийморь” гэж нэрлэсэн юм.

-Энэ удаагийн цомогт хэчнээн бүтээл багтсан бэ?
-“Хийморь” цомог маань таван дуутай. Цомогт багтсан дуунуудыг өнгөрсөн онд 20 жилийн ойгоо тэмдэглэсэн “Хурд” хамтлагийн гоцлол гитарчин Д.Отгонбаяр ах бүгдийг нь зохиосон. Яагаад би зөвхөн Д.Отгонбаяр ахын дуунуудыг сонгож дуулах болов гэхээр бүтээл бүхэн өөр өөрийн түүхтэй. Тухайлбал, “Ясан хяртай эмээл” гэж дуу бий. Энэ дууг “Цэргийн бодол” дууг зохиосон Ишхүү ах маань надад зориулж зохиогоод үлдээсэн байдаг юм. “Цэргийн бодол” энгийн аялгуутай хэрнээ эх орны хэмжээнд дуулагдсан дуу. Тэгвэл энэ “Ясан хяртай эмээл” гэдэг дуу тэр хэмжээнд ард түмний дуртай дуу болох учиртай. Энэ мэтчилэн тус тусын түүхтэй үнэхээр гайхалтай уран бүтээлүүд “Хийморь” цомогт маань багтсан.

-Мэргэжлийн чадварлаг уран бүтээлчидтэй хамтарсан гэсэн?
-Би үнэхээр онцгой ач холбогдол өгч байгаа. Миний хувьд олон сайхан дууг амилуулж, дуунд дуртай дуучин ард түмэндээ хүргэсэн байдаг. Тэгэхээр би нэг дуу дуулахдаа онцгой ач холбогдол өгнө, нэг цомог гаргаж хүн бүрийн гар дээр тавихдаа, бүр онцгой ач холбогдол өгч ажиллана. Тиймээс ч “Хийморь” хэмээх цомгийн ард дандаа сор болсон хүмүүс ажиллаж байгаа. Ганцхан жишээ хэлэхэд энэ цомгийн дуу бүрийг дуулахад найруулагч ажиллаж байна. Нэг үгээр бол дууг хэрхэн дуулах вэ гэдэг дээр анх удаа найруулагч ажиллаж байгаа юм.

Х.Өнөр


URL:

Сэтгэгдэл бичих