Дуучин Д.Болд: Хүн зүрхээ чагнаж амьдрах ёстой
Монголын рок, попын ертөнцөд анхдагч бүхний эзэн болсоор буй нь дуучин Д.Болд. Тэрээр Монголд анх R&B урсгалыг оруулж ирсэн. Мөн түүний үүсгэн байгуулсан “В” продакшн дуу бичлэгийн найруулга, интертайментийн олон шинэ соргог зүйлийг нэвтрүүлсэн билээ. Олон анхдагчийн эзэн маань тун саяхан поп хөгжмийг Монголын язгуур урлагтай хослуулан “Монгол поп” гэх урсгалыг гаргаж шинэхэн цомгоо өлгийдөн авсан юм.
-Уншигчдынхаа өмнөөс танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлагаа таны шинэ уран бүтээлийн талаар эхлэх үү?
-Монголчууд бид язгуур урлаг, ёс заншил, үндэсний хөгжмөө хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх ёстой. Тиймээс би өөрийнхөө тав дахь бие даасан цомгийг “Монгол поп” нэртэй гаргалаа. Энэ цомог дээрээ хоёр жилийн хугацаанд ажилласан.
-Тэгэхээр та поп хөгжмийг Монголынхоо язгуур урлагтай хослуулан шинэ урсгал гаргаж ирж байгаа байх нь ээ?
-Поп хөгжим бол дэлхий дахинд хамгийн олон сонсогчидтой түгээмэл урсгал. Тиймээс Монголын язгуур урлагийг орчин үеийн поп хөгжимтэй хослуулан “Монгол” гэсэн тодотголтой шинэ урсгал гаргахын тулд нэлээд ажилласан юм. Гэхдээ ямар ч хамаагүй поп дуун дээр Монголынхоо үндэсний хөгжмийг дуугаргаад л “Монгол поп” гэж нэрлэж байгаа юм биш. Харин илүү мэргэжлийн болгох үүднээс Азийн хөгжмийн таван эгшигт тулгуурлан онол болоод мэргэжлийн түвшинд дуунуудаа хийсэн. Энэ урсгалын маань анхны цомог нь миний тав дахь бие даасан альбом болж сонсогчдын хүртээл болж байгаа юм.
-Таны энэ цомгийн “Манан” дууны клип монгол ахуй соёлоо харуулсан сайхан уран бүтээл болсон байсан. Ер нь монгол поп урсгалаар бүтээгдсэн дуунууд учраас клипнийхээ санаанд үүнийгээ тусган харуулсан бололтой?
-Тийм шүү. Монгол поп цомгийн борлуулалт болоод дууны клипний ажлууд маань амжилттай явж байгаа учраас хүмүүст нэлээд таалагдаж байгаа гэж хэлж болохоор байна. Монголын поп урсгал шинээр төрөн гарсныг сонсогч фэнүүд маань дэмжиж байгаад миний хувьд баяртай байна. Тиймээс цомгийнхоо дуунуудыг клипжүүлэх ажил ид өрнөж байна. Энэ цомогт маань багтсан “Нам гүм дундаас” дуундаа хамгийн эхэлж клип хийсэн. Түүний дараа цагаан сарын өмнөхөн “Миний хоёр эрдэнэ”, “Манан” дууны клипүүдээ гаргасан. Харин саяхан “Хээрийн салхитай аялгуу” дууныхаа клипийг үзэгчдийн хүртээл болголоо. Энэ дуугаа би өвөөдөө зориулсан. Одоо “Амьдрал дуул гэлээ” дууны маань клип тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. Түүний дараа бусад дууныхаа клипүүдийг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Та бол алдарт хуурч Жамъян агсны зээ хүү. Өвөөдөө зориулан бүтээсэн “Хээрийн салхитай аялгуу” дуу тань хэрхэн төрсөн бэ?
-Бид морин хуур хөгжмөө дээдэлдэг ард түмэн. Олон зуун жилийн турш бидний нүүдэлчин ард түмэн морин хуур хөгжмөө хойч үедээ өвлүүлэн үлдээсээр ирсэн уламжлалтай. Тиймээс монголчууддаа болоод хуурч өвөөдөө зориулан морин хуурын тухай “Хээрийн салхитай аялгуу” дуугаа хийсэн юм. Энэ дууны хөгжмийг Балхаа ах, үгийг нь Гүрээ ах маань бичсэн. Балхаа ах бол миний өвөөгийн шавь. Тиймээс Балхжав ах багшдаа, харин би өвөөдөө зориулж бүтсэн дуу. Уг дууныхаа клипийг ч гэсэн монгол ахуй соёлтой холбож хийхийг хичээж, хүүхдийн даахь авах ёслолоос эхлээд ботгоо голсон ингийг морин хуурч хэрхэн уярааж амлуулдаг тухай, мөн эрт дээр үед баатар эрс дайн тулаанд мордохынхоо өмнө морин хуурынхаа эгшгэнд омогшдог байсан тухай гэх мэт ёс заншлыг дууныхаа клипэнд шингээхийг хичээсэн. Энэхүү клипэнд маань миний өвөөгийн хайртай шавь нар нь, Морин хуур чуулга, Шуранхай хамтлаг, бүжигчид, соёлын өвийг дэмжигч “Энержи ресус”-ын хамт олон гээд олон хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан.
-Та бол Монголын соёл урлагт орчин цагийн R and B урсгалыг оруулж ирсэн хүн. Харин одоо “Монгол поп” урсгалыг дэлгэрүүлэхийг зорьж байгаа юм байна. Цаашид дахин шинэлэг урсгалыг Монголын хөгжмийн урлагт тусгахаар зорьж байгаа байх?
-Би Монголын урлаг соёлд байнга шинэ соргог зүйлүүдийг нэвтрүүлж, сонсогч фэнүүддээ хүргэх гол зорилготой ажилладаг. Урлаг бол хүнд байнгын эрч хүч, зөв энерги өгдөг нийгэмд заавал байх ёстой зүйл шүү дээ. Тиймээс урлагийн салбарт ажиллаж буй бид ард түмэндээ сайн бүтээл хүргэх ёстой. Монгол поп урсгал маань одоогоор дөнгөж хүмүүст хүрч эхэлж байгаа шинэлэг зүйл юм. Харин үүний дараа ард түмэндээ хүргэхээр зорьсон олон ажил бий.
-Дуу бүр хүмүүст таалагдаж хит болоод байдаггүй. Гэхдээ таны хийсэн уран бүтээл бүр олон нийтэд хүрээд байдгийн нууц юунд оршдог юм бол?
-Нууц гээд байх юу байх вэ дээ. Би уран бүтээлдээ чанарыг хамгийн түрүүнд тавьж эрхэмлэдэг. Гэхдээ дуу маань өөрөө хичнээн чанартай байсан ч бичлэг нь муу бол явахгүй шүү дээ. Тиймээс тухайн уран бүтээлийнхээ үг, ая, бичлэг, хөгжмийн найруулга, цомог, клип гээд бүх зүйлийг нь 100 хувь чанартай хийхийг зорьдог. Миний дууг сонсож, тоглолтыг маань үзэхэд бүх зүйл нь чанартай байвал хүмүүст хүрэх болно гэдгийг би хатуу ойлгосон.
-Хүмүүс дуучдыг зугээр сууж байгаад л ганц хоёр дуу дуулаад амархан бөөн мөнгө олдог гэж ойлгодог. Гэхдээ мэргэжил бүр өөр өөрийн гэсэн зовлон, жаргалтай байдаг шүү дээ. Дуучин хүний бэрхшээл нь юунд байдаг вэ?
-Манай Монголын хувьд шоу бизнесээр амжилт гаргахад хүндрэлтэй хэцүү байдаг. Гэхдээ энэ жижиг зах зээлд гарц бол мэдээж бий. Баяр ёслолоор нэг албан газарт өндөр үнээр дуулж мөнгө олохын тулд тухайн уран бүтээлч өөрөө маш их хөдөлмөрлөж байж тэр нэр хүндийг олж авдаг. Миний хувьд болж өгвөл өөрийгөө байнга шинэлэг байлгаж, чанартай уран бүтээл хийвэл амжилтад хүрдэг гэдгийг ойлгосон учраас өдөр бүр уран бүтээлдээ цаг гаргаж сайн ажилладаг.
-Таны дууны клипүүд богино хэмжээний кино шиг уран сэтгэмжтэй өгүүлэмжтэй байдаг. Харин “Нулимснаас харамласан хайр” дууны клипэнд хүмүүс нэлээд шүүмжлэлтэй хандсан байсан. Хилчин залууг заавал хятад бүсгүйд дурлуулах шаардлагатай байсан юм уу?
-Хүмүүс яагаад энэ клипэнд шүүмжлэлтэй хандаж, хятад, монгол гэж таагүй хүлээж авсныг би маш их гайхаж байгаа. Хүмүүсийн бие биенээ хайрлах хайр бол энэ ертөнцийн хамгийн хүчтэй зүйл шүү дээ. Хүмүүс шашин шүтлэг, үзэл бодол, арьсны өнгө, баян ядууг үл харгалзан хайрлаж дурлалцдаг. Миний хувьд тухайн хүн нь хөлгүй байна уу, ядуу байна уу, гадаад хүн байна уу хамаагүй. Хоёр хүн бие биенээ л хайрлаж байвал хамгийн аз жаргалтай зүйл. “Нулимснаас нуусан хайр” клипэнд хятад хүн тоглууллаа гэж шүүмжилж байгаа хүмүүсииг би ерөөсөө ойлгоогүй. Хэрэв үнэхээр үндсэрхэг үзэлтэй юм бол бид бүгдээрээ хятад хувцас өмсөхөө больж, хятад руу явахгүй байх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол өрөөсгөл ойлголт. Уг нь энэ клип хил дээр байгаа залуу өвөрмонгол охинд дурлаж, хайр сэтгэлтэй болж байгаа тухай л өгүүлдэг. Түүхэнд ийм зүйл олон тохиолдож байсан учраас би санаа авч клипээ хийсэн юм.
-В продакшнаас олон чадварлаг уран бүтээлчид төрөн гарсан ч одоо нам жим болсон. Танай продакшнтай холбоотой мэдээлэл их гардаг ч үүнийг танаас тодруулах гэсэн юм?
-Манай “В” продакшн Монголд гадны саунд инженерийг/ дууны инженер буюу дууны бичлэг хийдэг мэргэжилтэн/ ажиллуулж хөгжмийн студийн мэргэжлийн түвшний олон шинэлэг зүйлийг нэвтрүүлснээрээ анхдагч болсон. Өнөөдөр Рагуг Монголд олон хүн таньдаг болж, реалити шоуны шүүгчээр ажиллаж байна. Ер нь аливаа шинэ зүйлийг хийхэд хүмүүс атаархдаг ч юмуу, яадаг юм болиулах гэж их үгүйсгэдэг. Гэхдээ энэ байдаг л зүйл. Манай продакшны уран бүтээлчдийн гэрээ нь дуусчихсан учраас хувиараа уран бүтээлээ хийж байгаа. Миний хувьд монгол поп урсгал дээрээ хүч тавьж ажиллаж байна. Энэ бол маш чухал ажил. Энэ ажлаа жигдрүүлснийхээ дараа монгол поп урсгалаар шинэ дуучид бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа.
-Та “Би чамд хайртай 2″ киноны гол дүрд тун чадварлаг тоглосон. Одоогоор дахин кинонд тоглох санал ирсэн үү?
-Би “Би чамд хайртай” киног хүүхэд байхдаа үздэг байсан учраас хоёрдугаар ангид нь тоглосондоо баяртай байдаг. Би өөрөө кино цуглуулдаг, фэн нь учраас “Би чамд хайртай” кинонд тоглосон бүх жүжигчидтэй хамт тоглоход үнэхээр гоё байсан. Одоогоор кинонд тоглох санал ирээгүй байна.
-Та биеэ үнэхээр сайхан авч явдаг. Гэхдээ хэтэрхий булчингаа гайхуулдаг гэдэг?
-Урлагийнхан үргэлж олны өмнө ил байдаг учраас үзэгчдээ хүндэлж биеэ сайхан авч явах ёстой юм л даа. Хүмүүс амьдрахын тулд, мөнгө олохын тулд ажиллаж, хөдөлмөрлөж, стресстэж сайн муухай олон зүйлтэй тулгарч байгаа шүү дээ. Тиймээс уран бүтээлчид бид урлагаар дамжуулан хүмүүсийн стрессийг тайлах үйлчилгээ үзүүлдэг. Миний өвөө намайг бага байхаас “Урлагийн хүн үргэлж цэмцгэр байж бүх талаараа биеэ маш сайхан авч явах ёстой” гэж хүмүүжүүлсэн. Манай Хөгжим бүжгийн коллеж ч гэсэн хүүхдүүдийг багаас нь энэ тал дээр сургаж, зөвлөдөг.
-Та гоо сайхан, эрүүл мэнддээ хэр их цаг зарцуулдаг вэ?
-Бид агаарын бохирдолтой хүнд нөхцөлд амьдарч байгаа учраас урлагийнхан гэлтгүй хүн бүр эрүүл мэнддээ анхаарч, спортоор байнга хичээллэх хэрэгтэй л дээ. Миний хувьд энгийн хүмүүсийн л адил үсээ засуулахаас эхлээд гоо сайханд орно. Гэхдээ мэргэжлийнхээ онцлогоос шалтгаалаад тоглолт, клипний зураг авалтанд орохдоо гоо сайхан, салоноор үйлчлүүлэх нь арай илүү байдаг байх.
-Таны хамгийн хямдхан хувцаслалт чинь 2000 ам.доллар гэсэн байсан. Олны танил хүн заавал үнэтэй зүйл эдэлж хэрэглэх ёстой юу?
-Олны танил хүн заавал үнэтэй зүйл эдлэх ёстой гэсэн зүйл байхгүй. Би хувцсыг надад зохиж байна уу гэдгийг л их анхаардаг. Ер нь хүн хөдөлмөрийнхөө үр шимийг өөрийнхөө биед мэдрүүлж байх хэрэгтэй гэж боддог.
-Тэгвэл таны хамгийн үнэтэй худалдан авч байсан зүйл тань юу байдаг вэ?
-Худалдаж авсан гэхээсээ илүү өвөө минь нас барахынхаа өмнө миний төрсөн өдрөөр бэлэглэсэн морин хуур надад хамгийн үнэтэй зүйл. Өвөө минь надад өөрийнхөө морин хуурыг өгсөн, тиймээс би хуур хөгжмийн цуглуулгатай болно гэж бодож байгаа. Ер нь хүнд брэндийн хувцаснаас илүү Монголын үнэт өв соёл, өвөө, ааваас өвлөгдөж ирсэн зүйл хамгийн үнэ цэнэтэй байдаг. Уншигчдадаа гэж хэлэхэд өвөө, ааваасаа өвлөгдөж ирсэн зүйлийг зарж үрэлгүй хадгалж байх хэрэгтэй гэж хэлмээр байна. Энэ бүхэн бол автомашин, хувцас хэрэглэлээс илүү үнэ цэнэтэй байх ёстой гэж би хувьдаа ойлгодог.
-Цаг хугацааны эрхээр Камертончууд тус тусынхаа амьдралыг хөөж, бизнес хийх болсон. Та нар мэдээж холбоотой байдаг байх. Яг уулзаж болздог тогтсон цаг, өдөр гэж бий юу?
-Бид дөрөв байнга уулзалддаг. Энэ нийгэмд амьдрахын тулд бид ийм сонголт хийх хэрэгтэй гэж хамтлагийн ахлагчийн хувьд би боддог. Учир нь Монголын шоу бизнес ямар байгаа билээ, өнөөдөр бид хэдэн настай билээ, зөвхөн уран бүтээл гэлтгүй улс эх орондоо хэрэгтэй зүйл хийх ёстойг ухамсарлах хэрэгтэй л дээ. Бид өнөөдөр өсвөр насны хүүхдүүд биш учраас нийгэмд хэрэгтэй ажил хийх ёстой. Тийм ч учраас хамтлагийнхаа ажлыг түр завсарласан. Тухайлбал, Эба маань Монголд маш их хэрэгтэй газар тариалангийн ажил хийж байна шүү дээ.
-Та бол Монголын нэртэй продюссеруудын нэг. Ер нь дуучид олонд танигдахын тулд заавал царайлаг байх ёстой юмуу, сүүлийн залуус хэт ази стилийг сонгож хэлбэр хөөх болсонд ямар бодолтой байдаг вэ?
-Дуучин хүн хамгийн түрүүнд уран бүтээлээ бодож байх хэрэгтэй. Үнэхээр сайн дуулдаг, чанартай уран бүтээл хийдэг, тэр нь хүнд хүрдэг байхад имиж бол дараагийн асуудал юм. Гадаадад царай муутай ч маш чадалтай олон алдартай дуучид байдаг. Дуу бол хүний сэтгэл зүрхийг уяраадаг болохоос царайгаараа уяраадаг менежмент хаана ч байхгүй. Тиймээс дэндүү их хэлбэр хөөх нь буруу. Тухайн дууг сонссон хүн ямар сайхан дуу вэ гэж бодно уу гэхээс энэ дуучин нь ямар хөөрхөн царайтай юм бэ гэж уярахгүй. Яахав, охидын хамтлагийн хувьд сайхан царай зүс, бие хаатай хөнгөхөн дуу хийдэг зүйл байдаг. Гэхдээ ийм хамтлагууд хэзээ ч урт настай байдаггүй юм.
-Таны “Миний хоёр эрдэнэ” дууны клипэнд хоёр хүүхэд тань тоглосон байсан. Хүүхдүүд тань мэдээж урлагийн авьяастай байх?
-Миний хоёр хүүхэд урлагт их дуртай юм шиг байгаа юм. Одоо нас нь бага байгаа учраас сонголт хийхэд арай эрт байна. Гэхдээ манайх урлагийн гэр бүл учраас би хүүхдүүдийнхээ авьяасыг хөгжүүлэхэд анхаардаг.
-Та эхнэрээ хэн гэж дууддаг вэ, хамгийн сүүлд хэзээ хоёулхнаа романтик үдшийг өнгерөөсөн бэ?
-Би эхнэрээ нэрээр нь л дууддаг. Бид хоёр тиймэрхүү зүйл дээр хамаагүй байдаг юм аа. Үнэндээ сүүлийн үед би монгол поп урсгалынхаа ажил дээрээ –ажиллаад завгүй байгаа учраас эхнэртэйгээ романтик цаг өнгөрөөгөөгүй юм байна.
-Таны бодлоор хүн ямар байх ёстой юм бол?
-Хүн ухаантай, боловсролтой байх нь зайлшгүй шаардлагатай зүйл. Гэхдээ хүн хүнээ хайрладаг байх нь хамгийн чухал зүйл гэж би хувьдаа боддог. Хүнийг хайрлана гэдэг ертөнцийн хамгийн хүчтэй зүйл шүү дээ. Хайр хүнд амьдралын эрч хүч, энерги өгдөг сайхан мэдрэмж шүү дээ. Хүний зүрх маш гоё цохилж, хүн зүрхээ чагнаж амьдрах ёстой юм.
-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Тун удахгүй болох гэж буй тоглолтонд чинь амжилт хүсье.
-Баярлалаа. “Хүмүүс” сониноор дамжуулан монголчууддаа эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе. Бидний ёс заншил, язгуур урлаг бол дэлхийд хосгүй зүйл. Ямар ч түүх соёлгүй ард түмэн байдаг. Тиймээс бид үнэ цэнэтэй түүх соёлоо мэддэг, өв уламжлан хадгалж чадвал дэлхийд хүчтэй улс болно. Монголын соёл урлаг үргэлж мандан бадарч, манай урлагийг дэлхий дахин шүтэх болтугай.
Эх сурвалж: Хүмүүс сонин
URL: