Өвчин “бэлэглэдэг” түргэн хоолны газрууд
Жишээ татъя. “Уолт Дисней” компани таргалалттай тэмцэхийн тулд түргэн хоолны зар сурталчилгаанд хатуу хяналт тавихаа мэдэгдсэн. Ингэснээр хүүхэлдэйн киноны дундуур чихэрлэг ундаа, амттан, түргэн хоол сурталчлахыг хориглож буй. Мөн Английн хунтайж түргэн хоолноос татгалзахыг уриалаад байгаа. АНУ-д сүүлийн 30 жилийн турш хүн амын дунд таргалалт газар авч үүнээс улбаатай өвчлөл ихэсчээ. Тиймээс түргэн хоолноос татгалзахыг эрүүл мэндийн байгууллагууд нь уриалж буй.
Хамгийн сүүлд NBA-гийн “Денвер Наггетс” багийн ерөнхий дасгалжуулагч Брайн Шо тоглогчдоо түргэн хоол идэхийг хоригложээ. Түргэн хоол идэх нь тамирчдын амжилт, тоглолтын үр дүнд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн учраас ийм шийдвэр гаргасан байна.
Солонгосын “ВВQ Chicken” гэх сүлжээ ресторан нээгдээд багагүй хугацаа өнгөрсөн. Дараа нь Төв номын сангийн автобусны буудлын эсрэг талд “Таванбогд” компанийн оруулж ирж байгаа KFC буюу шарсан тахианы ресторан нээгдэж, дэлхийн 120 гаруй оронд сүлжээтэй хэмээн өөрсдийгөө рекламдах болов. Энэ түргэн хоолны газар өдөр бүр дүүрэн үйлчлүүлэгчтэй байдаг гэх. Харин одоо М.Donalds-ын салбар нээгдэх гэж байгаа, багц хоолны үнэ нь KFC-гээс 3000 төгрөгөөр хямд гэсэн сурталчилгаа цацагдаж эхэллээ. Үүнээс гадна нийслэлд 50 гаруй түргэн хоолны газар үйл ажиллагаа явуулдаг гэсэн тоо бий. Пицца, шарсан тахиа дуудлагаар хүргэж өгдөг газар өчнөөн байна. Бүр 1950 тусгай дугаарынхан түргэн хоолны үйлчилгээ нээгээд амжсан.
Эдгээр түргэн хоолны газрууд монголчуудад юу өгч байна вэ? Мэдээж таргалалт. Түүнээс үүдэлтэй чихрийн шижин, зүрх судасны өвчлөл, судасны нарийсалт, улмаар хорт хавдар “бэлэглэж” байна.
Дэлхий нийтээр татгалзахыг уриалж, эрүүл мэндэд хортой гэдгийг сануулаад байхад монголчууд түргэн хоолны гоё сайхныг сурталчилж, хүмүүсийг буруу хооллолтод даллах нь юутай холбоотой вэ. Түргэн хоолны газар шарсан төмс, бургер идээд даруулах ганц аяга кока-кола ундааг уухад нэг дор 5-10 ширхэг ёотон идэж байгаагаа хэн ч төсөөлдөггүй.
Энэ байдал удаан үргэлжилбэл хэдхэн жилийн дараа Монголд таргалалт газар авч, өвчлөл хэрээс хэтрэх нь. Иймээс оройтоогүй дээрээ түргэн хоолноос татгалзъя.
Б.Эрдэнэ
URL: