Маргааш өглөөнөөс автобусны үнийг нэмнэ гэв
Монголын том оврын автобус эрхлэгчдийн холбоо, “Автобус-1”, “Автобус-2”, “Цахилгаан тээвэр” компани болон тээвэрчдийн төлөөлөл болох жолооч нар “Хэвлэлийн хүрээлэн”-д 12.00 цагаас мэдээлэл хийлээ. Тэд том оврын автобусны үнийг маргааш өглөөнөөс эхлэн 500 төгрөг болгохоор шийдсэнээ танилцууллаа. Автобусны тасалбарын үнийг 200 төгрөгөөр нэмэх болсон шалтгаанаа тэд бензин, шатахууны хомсдол, дизель түлшний үнэ нэмэгдсэн зэрэгтэй холбон тайлбарлаж байна.
Автобусны үнэ нэмэх болсон тухайгаа эдгээр байгууллагууд өчигдөр Хотын удирдлагуудад мэдэгдсэн юм байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс нөхцөл байдлыг судалж үзээд, автобусны үнэ нэмэх асуудлыг нээлттэй үлдээсэн бололтой.
Хэвлэлийн бага хуралд оролцогчид маргаашнаас эхлэн нэмэгдсэн үнээр үйлчилнэ хэмээж байгаа ч Засгийн газар ямар нэгэн зохицуулалт хийхийг харзнаж байгаа гэв. Тэдний хэлснээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар автобусны үнийн асуудал яригдах учиртай бөгөөд ямар нэгэн нааштай хариу өгвөл үнэ нэмэх гэж яарахгүй бололтой.
Том оврын автобус эрхлэгчдийн холбооныхны хэлснээр өнөөдрөөс эхлэн нийтийн тээвэрт үйлчилдэг автобуснуудын 30 хувь нь сул зогсч байгаа гэнэ. Нэг литр дизель түлшийг 1800-2000 төгрөгөөр /бөөний үнэ/ авч байгаа нь ийнхүү алдагдалтай ажиллаж, үйл ажиллагаа саатахад хүргээд байна гэдгийг хэвлэлийн хуралд оролцогчид онцолж байлаа. Хэрэв Засгийн газраас ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол маргааш өглөөнөөс эхлэн нийслэлийн иргэд том хүн-500, хүүхэд-200 төгрөг гэсэн шинэ тарифаар үйлчлүүлэх бололтой.
URL: