Монголын улс төрийн ЗУСЛАН
ХҮЛЭЭГДЭЖ БУЙ СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
Сонгуулийн өмнөх жилийн Монгол оронд улс төр, нийгмийн бүхий л амьдрал Сонгуулийн тухай хуулийг хүлээн гацагнаж байна.
Хаврын чуулганыг нээгдэх үед Сонгуулийн тухай хууль дашийн шог болох вий гэсэн айдас байсан. Түүнтэй харьцуулахад юутай ч холимог ч гэсэн өөрчлөгдсөн хувилбараар явах нь тодорхой болчихоод байна. Улс төрийн намуудын удирдлагуудыг Ерөнхийлөгч хүлээн авч ярилцах үед бүгд өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Харин 76 суудлын хэд нь пропорциональ, хэд нь мажоритараар явах нь тодорхойгүй. Энэ нь зөвхөн МАН-аас шалтгаалж байгаа. Чухам хэд гэсэн харьцаагаар явах вэ гэдэг дээр МАН икс, икрэг гэсэн хариултыг хэлсэн. X ба Y-ийн хувьд 50:26, 38:38, 24:52 гээд ямраар ч ярьж болох бөгөөд сүүлийн үед 38:38 гэсэн хувилбар хамгийн хүчтэй яригдаж байна.
Хэрэв урьд яригдаж байсан хуулийн төслөөр 50 нь намын нэрээр, 26 нь тойрог дээр өрсөлдөж гарч ирэхээр болбол МАН дотор багагүй дажин үүсэх билээ. УИХ-д байгаа 44 гишүүн бүгд л нэг, нэг тойрог ярьж, тойргийг нь өгөхгүй гэвэл зарим нь Н.Энхбаярын МАХН руу гүйж айлгах гээд байсан тул тус намын удирдлагууд эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйгээр асуудлыг шийдэх гарц хайх болсон. Энэ нь 38:38 гэсэн хувилбар болов. Ингэснээр намдаа нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүд болох С.Баяр, С.Батболд, Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж нарын хүмүүс намын квотоор, харин луувангаа ч, лаагаа ч идэх хүмүүс нь 38 тойрог дээр нэг, нэг мандатын төлөө хүч үзнэ гэсэн үг юм.
Сүүлийн үед хүчтэй яригдаж байгаа энэ хувилбарт аль, аль нь сэтгэл таатай байгаа сурагтай. АН-ын хувьд ч уг хувилбар дээр реакц үзүүлээд байх шаардлагагүй. Ямар ч байсан хуучин хэлбэрээсээ өөрчлөгдөж л байвал эхний шатанд заавал тийм байна гэхгүй бололтой юм билээ. ИЗНН-ын хувьд ч пропорциональ гэдгээ ярина гэж байгаа ч бас л өөрчлөгдөж байгааг нь дэвшил хэмээн үзэж байгаа сурагтай.
Ямартай ч энэ хаврын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг батлах гэрэл хонгилын үзүүрт харагдаж эхэллээ. Хуулиараа долдугаар сарын 1-нд чуулган хаагдах ёстой ч уг урт настай хуулийг хэлэлцээд эхэлбэл 14 хоногоор сунгахыг үгүйсгэхгүй. Үнэндээ энэ хуулийг хүлээсээр Монголын улс төр дагаад эдийн засгийн амьдрал ч зогсчихсон байгаа билээ. УИХ-ын гишүүд өргөн барьсан хуулиудаа гацаачихсан, нэр дэвших сонирхол, хүсэлтэй хүмүүс хууль хэрхэн батлагдахыг хараад түдгэлзчихсэн, дагаад намууд нь ямар ч санхүүжилтгүй болчихсон, улс төрийн акцууд бүгд хүлээгдчихсэн, бас төрийн томилгоо өөрчлөлт нь ч үүнийгээ дагаад унтчихсан байгаа юм.
СОНГУУЛИЙН АМЛАЛТЫГ БИЕЛҮҮЛЭХЭЭР “ЭРДЭНЭС МГЛ” МӨНГӨ ЗЭЭЛСЭН ҮҮ?
Монголын улстөрчид сонгуулиар худлаа баахан амлачихаад, тэрнийгээ биелүүлэх гэж төр нь шившгээ дэлгэсэн гэх хэрэг дэлхийн түүхэнд бичигдэх вий гэсэн эмзэглэл төрөх боллоо. Хүний хөгжил сангийн мөнгө авна гэсэн итгэл найдварын оч цухуйлгасан хүмүүс энд тэндхийн банкинд дугаар үүсгээд удаж байна. Үнэхээр амласан амлалтыг нь нэхэж, өгсөн мөнгийг нь авах эрхтэй хүмүүс, тэд. Саяхан санхүүжилт нь зогсчихоод байсан 21 мянган төгрөгийн буухиа дахин энэ сарын 15-наас эхэлж, дугаар үүсгээд эхэлсэн нь зээлийн мөнгө байжээ гэх яриа чих дэлсэх боллоо. Үүнийг ихээхэн нууцалж байгаа ч гэсэн баттай эх сурвалжаас харамсалтай ч гэсэн үнэн гэж байна. Өнөө жилийн хувьд сонгуулийн амлалтдаа зориулж 805 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Гэвч үүний 400 тэрбум төгрөгийн орлогын эх үүсвэр нь тодорхойгүй. Тиймээс ирээдүйн “Эрдэнэс Таван толгой”гоос орно гэж найдаж байгаа мөнгийг олох үүргийг “Эрдэнэс МГЛ”-д Засгийн газар өгсөн гэх. Харин уг үүргийг биелүүлэхээр “Эрдэнэс МГЛ” 20 сая ам.доллар зээлжээ. Зээлийн энэ мөнгө буюу 25 тэрбум төгрөгийг одоо ам таглаж, банкуудаар тараагаад эхэлсэн байна. Ёстой сонгуулийн амлалт гэж нүглийн нүдийг гурилаар хуурах их ажлын эхлэл байдаг юм байна гэхээс өөр юу гэхэв.
Н.ЭНХБАЯРТ М.ЭНХСАЙХАН ХЭРЭГГҮЙ, ХАРИН Д.ЭНХБАТЫГ БОЛ БОДОЖ БОЛОХ ЮМ
Сонгуулийн тухай хуулийн чигийг хүлээнгээ намууд чухам хэрхэх нь өөрсдөд ашигтай талаар бодсоор л. Бас өөр хоорондоо ч ярилцаад эхэлчихсэн гэж байгаа. Улс төрийн ажиглагчдын үзэж байгаагаар МАН хийгээд МАХН эвсэл болоод орчихвол бас ч гэж хэдэн суудлыг урьдын адилаар зулгаачихна гэдэг. Гэвч цугтаа байж байгаад салсан энэ намын удирдлагуудын амбиц, нэгийгээ үзэн ядах сэтгэл нь дараагийн нүүдлийг харах чадварыг нь үгүй хийж байгаа билээ. МАН-ын удирдлагууд Н.Энхбаяртай бол хэзээ ч үгүй гэсэн үгийг одоогийн байдлаар хэлж байгаа. Улс төрд мөнхийн дайсан үгүй учраас тухайн үед ашиг сонирхол нь хэрхэн нэгдэхийг хэн мэдлээ. ҮШН-ын зүгээс МАХН-тай нэгдэх саналыг тавьж, ярилцаад үзсэн гэх. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр үүнийг боломжгүй гэж тооцоолсон ажээ. Учир нь МАХН-ын дэмжигчид бол тэр чигээрээ хуучин МАХН гэсэн үзэл баримтлалаараа явж байгаа хүмүүс. Саяхан гарсан “Сант-Марал”-ын судалгаагаар МАХН-ыг дэмждэг гэж гарсан таван хувь бол тэр чигтээ улаан хувьсгалт намынхан. Тэдний хамгийн дургүй хүмүүсийн жагсаалтын эхэнд л М.Энхсайхан бичигдэнэ. Бас ҮШН-ын дэмжигчид ч МАХН-ын эсрэг үзэл бодолтой хүмүүс. Тэгэхээр суурь үзэл бодлынхоо хувьд эсрэг тэсрэг дэмжигчдийг дээд хоёр дарга нь толгой сээр холбоотой гээд нийлүүлчих боломжгүй. Тиймээс Н.Энхбаярт М.Энхсайхан хэрэггүй. Харин МАХН, ИЗНН нийлж магад гэсэн хувилбар хүчтэй яригдаж байгаагаас үзвэл Н.Энхбаярт Д.Энхбат нь илүү хэрэгтэй мэт. Хэрэв ИЗНН ирэх сонгуульд үзэл баримтлал чиг хандлага нэг АН-тайгаа эвсээгүй тохиолдолд Н.Энхбаярын намтай эвсэхийг үгүйсгэхгүй байна. Тэд нийгэмд байгаа МАХН-ын таван хувийн саналыг өөрсдийнхөө 5.6 хувийн саналтай нийлүүлж чадвал хоёр том намтай өрсөлдөх их хүч болно хэмээн харж байгаа юм билээ. Иргэний зориг нам, Ногоон намынхантай дуулиан шуугиан болон нэгдэхдээ Улсын Дээд шүүхийн бүртгэлд гуравдугаарт бичигддэг Ногоон намынхан МАХН-тай нэгдэх эрсдэл байгаа гэдгийг тооцоолж өрссөн билээ. Харин одоо тэд эрх баригч хоёр намтай өрсөлдөж, сонгуульд амжилттай орохын тулд МАХН-тай нэгдэхийг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ улс төр хэрхэн өрнөхийг тааварлах боломж алга. Тэр тусмаа Сонгуулийн тухай хууль батлагдаагүй байгаа өнөөгийн нөхцөлд. Ямар ч байсан Н.Энхбаяр сард нэг удаа акц хийж, ирэх жилийн өдийг хүртэл 12 том арга хэмжээг төлөвлөчихсөн байгаа гэх юм билээ. Гэхдээ гол бай нь МАН байх аж.
АН НЬ ЗАЛУУЧУУДАД УЛАМ ХААЛТТАЙ, МАН НЬ УЛАМ НЭЭЛТТЭЙ БОЛООД БАЙГАА НЬ ЮУНЫХ ВЭ?
МАН, АН хоёр нэгдэж Хамтарсан Засгийн газарт байгаа хэдий ч энэ хоёр нам үргэлж ах дүүс шиг явна гэвэл худлаа. Одоо дарга нар нь, ах нар нь сүрхий байгаа ч залуус нь урьдын адилаар өрсөлдсөөр байгаа гэх юм билээ. Дээхнэ манай сэтгүүлч Д.Мөнгөндалай “МАН-д дараа үеийн арми жагсч байна, АН-д салаа цэрэг ч алга” гэсэн нийтлэл бичиж байсан билээ. Үнэхээр энэ байдал нам дээрээ ч илт байдаг, одоо бүр залуучуудын байгууллагын бүтэц нь үүнийг батлах болсон талаар гадуур ихээр ярих болов. Хуучин МАСЗХ-ны залуус гэж тэнгэрийн амьтад байв даа. Жилд нэг удаа тансаг гэгчийн шинэ жилийн наадам хийж, айл айлын хойморт алтан сарнай барьсан ганган нөхөд зочлоод л. Бас хамгийн түрүүнд албан тушаалд очдог нэг тийм мундагчуудын холбоо байсан. Харин одоо гэр хороололд ч хэвлэлийн бага хурал хийлгэж байх шиг, Монголын залуучуудад тулгарч буй бэрхшээлүүд гэж ирээд судалгаа ч хийж байх шиг тун энгийн байдлаар ажиллаад байгаа юм. Л.Оюун-Эрдэнэ гэж Хэнтийн Бэрхийн хөдөөний гар холбооны ерөнхийлөгч болоод нэр хүнд унагаад гэж ярих хүмүүс байсан ч яг үнэндээ энгийн байдал нь залууст таалагдаад байгааг үгүйсгэх аргагүй. Лав сүүлийн хагас жилд элссэн гишүүдийн тоо нь хэдэн жилийнхээ нийлбэртэй тэнцсэн гэсэн. Л.Оюун-Эрдэнийг христийн шашин шүтдэг, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагад ажиллаж байсан гээд НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр томилогдох үед нь хэвлэлээр нэлээд бичиж байсан. Үнэхээр алдаа эндүү нь ямар юм, тэр НАМЗХ-г өөрөөр ажиллуулаад эхэлснийг залуучууд нь яриад эхэлчихсэн байна лээ. Монголын толгой баячуудын хүүхдүүдийг багтаасан холбоо мөртлөө олон улсын байгууллагын зарчмаар мөнгө босгох төсөл бичицгээж, залуусыг тогтмол урьж нийгмийн ардчилал үзэл баримтлалаа танилцуулдаг болсон тухай сонслоо. Бас олон улсын байгууллагад ажилладаг чадалтай залуучуудыг НАМЗХ татах нарийн арга олчихоод байна, гэтэл бид чадахгүй байна гэж АН-ын залуус халаглан ярьж байна.
Ер нь ямар ч хүн албан тушаалд дуртай байдаг. Хэрэв НАМЗХ-д элслээ гэхэд бага хуралд нь багтах гэж багагүй шатыг туулах хэрэгтэй болж таарна. Тэгвэл одоогийн НАМЗХ-ны удирдлага багаараа, байгууллагаараа буюу 300 хүнтэй баг орж ирвэл бага хуралдаа шууд нэг квот өгнө гээд зарлажээ. Тэгэхээр энд тэндхийн хүчтэй залуус багаараа НАМЗХ-д элсч эхэлсэн гэх. JCI-ийн залуучууд гэхэд тус байгууллага руу “бөөнджээ”. Өөрөөр хэлбэл, МАН-д гэсэн үг л дээ. Харин АН-ын АЗХ бүр эсрэгээрээ байгааг намынх нь залуус шүүмжлээд байгаа юм. Удирдах байгууллагад нь 60 хүн байдаг. Түүнийг ерөнхийлөгч нь өөрийнхөө хүмүүсээр тавьж, бодлогоо явуулдаг нь шинэ урсгал, шинэ давалгаа орж ирэх боломжийг хойш татдаг гол хаалт болсон гэх. Өрсөлдөгч тал нь улам бүр нээлттэй бодлого баримтлаад байхад АЗХ улам хаагдаад байгаа нь буруу гэж улс төрийн ажиглагчид үзэж байгаа. Учир нь өнөөдрийн НАМЗХ, АЗХ-ны гишүүд бол ирээдүйн намын гишүүд. Дээрээс нь НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ ямар нэгэн дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын албан тушаалгүй нь АЗХ-ны ерөнхийлөгч, Гадаад харилцааны дэд сайд Б.Болороос давуу тал нь болоод байгаа юм гэж хардах хүмүүс ч байна. Ямартай ч коммунист угшилтай МАН-ын залуус өөрчлөлт шинэчлэлтийг хийх гээд саландаа суучихаж. Харин шинэ бүгдийн эхлэл гэж сүүлийн 20 жилийн хугацаанд бидний ой тойнд хадагдаж ирсэн АН-ын залуус хаана байна вэ гэдэг асуулт өөрийн эрхгүй төрж байна.
Хаваржаанаасаа нүүж, зусландаа гарсан Монголын улс төрийн амьдралын эрээвэр хурааврыг тоймлон хүргэхэд ийм байна. Зуны зугаатай цаг ирж, хүн бүр их амралтдаа гарах цаг дөхжээ. Гэхдээ их амралтын өмнө Сонгуулийн тухай хууль гэж бий, Сонгуулийн тухай хуулийг хүлээсэн Монголын улс төр, нийгмийн амьдрал гэж бас байна.
Э.Энэрэл
мэдээмн
URL: