Монголын “чимээгүй” баячууд буюу ашиглалтын лиценз бөөнөөр нь эзэмшигчид
Монголын чимээгүй баячууд буюу ашиглалтын лиценз эзэмшигчдийн жагсаалтын нэгдүгээр хэсэг
1. Аюушийн Гантулга. Энэ захирлын “АУМ” ХХК нь Өвөрхангайн Уянга суманд нийтдээ 1161 га талбайд 3 лиценз эзэмшдэг. Гурвуулаа алтны ордын уг лицензүүдийн хамгийн сүүлчийн хугацаа нь 2034 оны 3 дугаар сарын 19-нд дуусна. Энэ лицензүүдийг эзэмшдэгийнхээ төлбөрт тэрээр жилд 17421 доллар төлж байна.
2. Бичээрэйн Далай. Түүний “Монголчех металл” ХХК Төв аймгийн Баянцагаан суманд 359 га талбайд нийт 3 ашиглалтын лицензтэй. Жонш олборлодог энэ компани лицензүүдээ хуучнаар “Монгол шуудан” банкинд барьцаалсан. Хамгийн сүүлчийн хугацаа нь 2034 оны 10 сарын 21-нд дуусгавар болох энэ лицензүүдийнхээ төлбөрт тэр жилд 5391 доллар төлдөг.
3. Г.Нацагдорж. Дуулиан тариад буй “МоЭнКо” компанийн захирал. Түүний нэр дээр дандаа нүүрсний 10 лиценз байдаг. Ховд аймгийн Дарви, Үенч сумдад орд бүхий энэ талбай нь нийтдээ 2728 га-г эзэлдэг ба хамгийн сүүлчийн лиценз дуусах хугацаа нь 2039 оны 11 сарын 23. Эднийх лицензийн төлбөрт жилдээ 13640 доллар төлөх ёстой.
4. Баттулгын Батням. Бүгд алтны 4 ширхэг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй эдний “Хэнсүл” ХХК нь Өмнөговийн Цогт-Овоо суманд 1228 га газарт олборлолт хийж байна. Тэр 2036 оны 4 сарын 7 хүртэл жилд 18428 доллар ойролцоогоор төлнө.
5. Аукетайн Марат. Баян-Өлгийн Ногооннуур, Цэнгэл суманд нийтдээ 1026 га газартай түүний “Кайнар вольфрам” ХХК нь ашиглалтын 3 ширхэг тусгай зөвшөөрөлтэй бөгөөд 2 нь гянтболдынх, нэг нь вольфрамынх юм. 2036 оны 7 сарын 17-нд хамгийн сүүлчийн лицензийнх нь хугацаа дуусах энэ компани жилдээ 15400 долларыг лиценз ашигласны төлбөрт төлж байна.
6. Тогоогийн Дарамдорж. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт 528 га газарт 3 ширхэг алтны ашиглалтын лицензтэй түүний “Ди Зэт энд Ай” ХХК нь 2035 оны 12 сарын 29 хүртэл олборлолт хийнэ. Үүнийхээ төлбөрт жилдээ 7923 доллар төлж байгаа.
7. П.Батчулуун. Түүний “Зуунмод уул” ХХЗ нь Сэлэнгийн Мандал суманд 5 лиценз эзэмшдэг ба энэ нь 3007 га юм. Бүгдээрээ алтны ордын энэ лицензүүдийн хамгийн сүүлчийнх нь дуусах хугацаа 2040 оны 7 дугаар сарын 1-ний өдөр. Үүнийхээ төлбөрт тэр энэ жил 45112 доллар төлнө.
8. Дашзэвэгийн Уранбилэг. Говь-Алтай аймгийн Чандмань, Баянхонгорын Шинэжинст сумдын нутагт нийтдээ 973 га талбай бүхий 4 ширхэг ашиглалтын лиценз нь бүгд нүүрсний ордынх. Түүний “Нобикоул энд энержи” ХК-ний хамгийн сүүлчийн лицензийн хугацаа 2037 оны 9 сарын 21-нд дуусна. Тэрээр жилд 4867 доллар төлж байна.
9. Бадарчийн Ганбат. Ашиглалтын лиценз эзэмшигчдээс хамгийн их сонирхол татаж буй этгээдүүдийн нэг. Яагаад гэвэл түүний эзэмшдэг 4 лиценз дөрвүүлээ өөр өөр газарт, өөр өөр компанийн нэр дээр байдаг. Тэрээр энэ бүхнийхээ жилийн төлбөрт нийтдээ хоёр зуугаад сая төгрөг төлдөг гэхээр яавч ядуу хүн биш байгаа биз. Тухайлбал, түүний “Баянайраг эксплорэйшн” ХК нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт 6100 га талбайд алтны лиценз эзэмшиж жилдээ 91504 доллар төлж байна. Энэ лицензийн хугацаа нь 2038 оны 3 сарын 24-нд дуусна. Хоёр дахь нь Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо сумын нутагт 2036 га талбайд полиметаллын ордтой “Кью Жи Экс Монгол” ХХК нь юм. 2040 оны 7 сарын 23-нд хугацаа нь дуусах энэ лицензийн төлбөрт эднийх жилд 30549 доллар зарлагадаж байна. Гурав дахь нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт 245 га талбайд молибден, вольфрам олборлогч “Элстсайр эксплорэйшн” ХХК бөгөөд эдний лицензийн хугацаа 2038 оны 2 сарын 15-нд дуусна. Үүний төлбөрт жилд 3680 доллар төлдөг. Сүүлчийнх нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт 4481 га газарт нүүрсний орд эзэмшдэг “Хангад эксплорэйшн” ХХК юм. Энэ компанийн лиценз 2038 оны 12 сарын 1-нд дуусах ба жилд 22409 доллар төлөх юм байна.
10. Зундуй-Ёндонгийн Оргилмаа. Баянхонгорын Бөмбөгөр, Бууцагаан сумдын нутагт нийтдээ 1527 га газарт дандаа алтны ордын 6 ширхэг лицензтэй. Түүний “Одод гоулд” ХХК эдгээр лицензийн төлбөрт жилд 22918 доллар төлдөг ба 2037 оны 4 сарын 18-нд сүүлчийнх нь лицензийн хугацаа дуусна. Энэ алтны ордын 2 нь Худалдаа Хөгжлийн Банкны барьцаанд байдаг.
11. Р.Мижиддорж. Дархан-Уул аймгийн Хонгор сум, Улаанбаатарын Сонгинохайрхан дүүрэгт барилгын материал, алтны ашиглалтын нийтдээ 3 лиценз эзэмшдэг түүний “Барилга орд” ХХК-ийн мэдэлд 150 га газар байдаг. 2027 оны 12 сарын 13-нд сүүлчийн хугацаа нв дуусах лицензүүдийнхээ төлбөрт тэрээр жилд 1723 доллар төлдөг. Барилгын материалын лиценз нь Улаанбаатар хотын банкны барьцаанд бий.
12. Доржсүрэнгийн Түмэндэмбэрэл. Түүний “Аварга тосон хэнтий” ХХК нь Төв аймгийн Заамар сумын нутагт нийт 254 га талбайд 3 ширхэг алтны лицензтэй. 2035 оны 10 сарын 7-нд сүүлчийн лицензийнх нь хугацаа дуусах ба жилд 3810 доллар төлнө.
13. Цагаанбандийн Баянжаргал. Энэ хүн Сэлэнгийн Ерөө, Хүдэр, Баянгол сумдад 285 га газарт дандаа алтны 4 лицензтэй. Хамгийн сүүлчийнх нь хугацаа 2034 оны 10 сарын 7-нд дуусах ба жилдээ 4279 доллар төлж байна. Түүний “Бүүргэнт” ХХК-ний алтны нэг лиценз нь хуучнаар “Зоос” банкинд барьцаалагджээ.
14. Цэвээнжавын Мянганбаяр. Дандаа “чимээгүй” баячуудын дунд явж буй “чимээтэй” баян нь энэ удаа “Монгол газар”-ын Мянганбаяр болж байх шиг байна. Тэрээр бүгдээрээ алтны ордын 10 лиценз эзэмшигч бөгөөд үүнийхээ 5-ыг нь “Хадгаламж” банкинд алдсаныг бүгд мэднэ. Олон-Овоотод нийтдээ 6 орд эзэмшдэг байгаад 5-ыг нь өрөндөө өгч өөртөө 82 га талбайтай ганц ордоо авч үлдсэн. Түүний “Олон овоот гоулд” ХХК нь Өмнөговийн Мандал-Овоод 2051 га талбайд лицензтэй. Сүүлчийн лицензийн хугацаа нь 2039 оны 7 сарын 20-нд дуусах ба жилийн төлбөр нь 30768 доллар болж байна. Нөгөө 4 лиценз нь “Монгол газар” ХХК-ний Архангайн Булган, Баянхонгорын Гурванбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг нийтдээ 1142 га талбай бүхий алтны орд. 2033 оны 2 сарын 13-нд сүүлчийн лицензийн хугацаа дуусах энэ 4 алтны орд дөрвүүлээ “Голдман Сагс Интернэшнл”-ийн барьцаанд оржээ.
/Үргэлжлэл бий/
Ж.Жаргалсайхан
URL: