Уул уурхайг хариуцлагатай, хяналттай, хар данстай болгоно
Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх шаардлагатай хэмээн уул уурхайн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн мэргэд үзэж байна. Манай улс 1994 онд Ашигт малтмалын тухай анхны хуулиа баталсан.
Түүнээс хойш 1997, 2006 онуудад дахин шинэчлэн баталсан билээ. Цаг үеэ дагаад хуулиа өөрчлөн шинэчлэх шаардлагууд бий болсон тул зохих өөрчлөлтүүдийг хийсээр ирсэн. Тухайлбал, 1997 оны хуулийг хөрөнгө оруулалт татахад түлхүү чиглүүлж баталсан. Тэгвэл 2006 оны нөхцөл байдал тус хуулийг зайлшгүй өөрчлөх шалтгаан бий болгосон байна.
Учир нь өмнөх хуулийн зохицуулалтаас болж аж ахуй нэгж маш олон лиценз эзэмшиж, наймааны хэрэгсэл болгон хувиргажээ. Ганцхан жишээ хэлэхэд 2006 оны хуулийг батлахаас өмнө 7000 дээш лиценз тараагдаж, нийт газар нутгийн 45 хувийг хэрсэн байсан аж. Нөгөөтэйгүүр, лиценз эзэмшигчдийн үүрэг хариуцлага сул, хэн нэгэнд дамлаж зарах явдал газар авсан байжээ.
Тэгвэл хуулийг 2006 онд шинэчлэн баталснаар лицензийн тоо эрс цөөрч, нийт газар нутгийн 45 хувьд лиценз олгогдсон байсныг 16.1 хувь болгон бууруулсан байна. Энэ бол тухайн үед ашигт малтмалын салбар, улс орны эрх ашгийг хамгаалахад гарсан нэг давуу тал. Тэгвэл өнөөгийн нөхцөл байдал 2006 оны үетэй харьцуулахад ихээхэн өөрчлөгдөж, шинэ зохицуулалт, шаардлагууд бий болж ирсэн байна. Хамгийн энгийн жишээ бол уул уурхайн компани, орон нутгийн иргэдийн дунд үүсэж буй зөрчил юм.
Энэ чиглэлийн харилцаа, хяналтыг зохицуулсан зүйл хуульд байхгүйгээс тэдний дунд зөрчил үүсэх гол шалтгаан болж байгаа аж. Мөн 1997 онд уул уурхайгаас 10 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт орж байсан бол өнгөрсөн оны байдлаар уг хувь хэмжээ эрс өсч 2.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ их хөрөнгө оруулалтыг дагасан хяналт, зохицуулалтын харилцаа ч үгүйлэгдэж байгаа юм.
Нөгөө талаас стратегийн орд газар гэдгийг чухам юу гэж ойлгох, тусгай зөвшөөрөл ямар үүрэгтэй байх ёстой зэргийг тодотгох шаардлагатай хэмээн эрдэмтэд үзэж байна. Тухайлбал, доктор Ч.Хурц лиценз нь газар олгох зөвшөөрөл бус ажил хийх зөвшөөрөл байх ёстой хэмээн үзэж, өөрийн боловсруулсан хуулийн төсөлдөө оруулж өгсөн аж. Өөрөөр хэлбэл, лиценз дээр тухайн баялгийг хэрхэн ашиглах бүх үндэслэл тооцоог давхар хийж өгөх хэрэгтэй гэж үзсэн байна.
Мөн лицензийг нэг хуулийн этгээдийн нэр дээр байлгаж, худалдахыг хориглох ёстой гэсэн юм. Энэ нь хяналт, хариуцлагыг чангатгах нэг чухал хөшүүрэг аж. Үүнээс гадна тухайн орд газар дээр байгаль орны үнэлгээ хийж үзээд баялгийг ашигласны дараа нөхөн сэргээлт хийх зардал нь ашгийн 50 хувиас давсан тохиолдолд лиценз олгохыг хориглох хэрэгтэй хэмээн үзэж төсөлдөө суулгаж өгсөн байна.
Түүнчлэн, уул уурхайн компанид ямар ч татварын хөнгөлөлт эдлүүлэх ёсгүй гэжээ. Түүний үзэж буйгаар “Оюутолгой”-г 10 орчим төрлийн татвараас чөлөөлсөн нь том алдаа аж. Энэ мэтээр хуулийг өөрчлөх саналууд ар араасаа хөвөрч байна.
Г.Батзориг http://www.niigmiintoli.mn/
URL: