Энэ зуныг яаж барна даа, багачууд минь
ТОМЧУУДЫН САНХҮҮГЭЭС УЛБААЛАН ХҮҮХДҮҮДИЙГ ЯЛГАВАРЛАХ НЬ ЭМГЭНЭЛ
Өчигдрөөс ерөнхий боловсролын сургуулийн бага ангийнхны зуны амралт эхэллээ. Удахгүй цэцэрлэгийн багачууд ч “алба”-аа хүлээлгэн өгч амралтаа эдэлнэ. Зуны гурван cap гэдэг хүүхэд багачуудын хувьд эрх дураараа тоглож наадах хугацаа.
Харин хүүхдийнх нь амралттай зэрэгцэн эцэг эхчүүдийн санааг чилээсэн өдрүүд үргэлжилдэг. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийнхан, тэр дундаа гэр хорооллын хүүхдүүдийн хувьд зуны амралт нь цоожтой хаалганы цаана өнгөрөх явдал түгээмэл ажиглагддаг. Хэдийгээр хүүхдийн амралтад зориулж зуслангууд үүд хаалгаа нээдэг ч бүх хүүхэд зусланд явах “эрхгүй”.
Хүүхдүүд зусланд явах үгүй нь эцэг эхийнх нь түрийвчний нимгэн, зузаанаас шалтгаалдаг нь нууц биш. Үнэндээ амьдралын боломж, бололцоо сайтай айлын хүүхдүүд зусланд явж, бусад нь зуны амралтаа гадуур хий дэмий сэлгүүцэх юм уу, ямар нэгэн сонголтгүйгээр гэртээ суухад хүрдэг. Гэр хорооллын багачуудад тоглох тоглоомын талбай ч хомсхон. Тиймээс хөвгүүд нь дугуй унаж, охид ойролцоох ТҮЦ-ний үүдэнд дээс тоглож зуны амралтаа өнгөрөөх явдал элбэг.
Зуны амралтын эрх чөлөөгөө хүүхдүүд ингэж л эдэлж байна. Зарим эцэг, эх хүүхдээ амрав уу, үгүй юу хөдөө байгаа ах, дүүс, өвөө эмээг нь бараадуулдаг. Энэ нь эцэг, эхчүүдийн сэтгэлийг амраах, зуны гурван cap ардаа санаа зовохгүй байж болох нэг арга нь. Малын хөлд дайрагдчихгүй л бол хөдөө амрах нь хүүхдүүдэд хотод байснаас л дээр. Бага ангийнхан цэцэрлэгийнхнийг бодвол бага ч атугай биеэ даасан байдаг учир идэж, уух юмыг нь бэлдээд орхичихвол өөрийгөө маллахтайгаа болсон “хүмүүс”.
Харин хамгийн асуудалтай бүлгийнхэн бол цэцэрлэгийн насны багачууд. Учир нь тэднийг хэн нэгэн харж хандахгүй орхих аргагүй. Тиймээс цэцэрлэг, яслийн насны хүүхэдтэй гэр бүлийнхний хувьд хичээлийн шинэ жил эхлэх хүртэлх хугацаанд эцэг, эхийн аль нэг нь гэртээ суух, эсвэл хамаатан садныхнаасаа тусламж гуйх, нэг бол харь элгийн ч хамаагүй хэн нэгнээр хүүхдээ харуулах шаардлага тулгардаг. Ингээд л хаврын хаварт эцэг, эхчүүд хүүхэд харах хүний эрэлд гардаг уламжлалтай болжээ.
Гэвч бас л мөнгө санхүүгийн бололцооноос эхлээд асуудал үүснэ. Монголын гэр бүлүүдийн өмнө тулгарах нийтлэг дүр зураг бол энэ. Хэдийгээр нийслэлд хүүхдийн тоглоомын төвүүд байх ч эвдрэлгүй тоглоом ховрын дээр үнэ гэж тэнгэрт хадсан байдаг. Бас л хүүхдүүд эцэг, эхийнхээ боломжтой эсэхээс шалтгаалж эдгээр газраар үйлчлүүлнэ. Өнөөдрийн нийгэмд хоёулаа хөдөлмөрлөж байгаа ч хоногийн хоолоо чүү ай аргацаах гэр бүл олон бий. Тэр тусмаа ийм зовлон залуу гэр бүлийнхний хувьд түгээмэл ажиглагддаг.
Авсан цалингаа амьдралдаа арайхийн хүргэж буй хүмүүс ямар мөнгөөрөө хүүхдээ тоглуулж, зусланд амраах билээ. Гэхдээ хүүхдийг томчуудын санхүүгээс шалгааж, ялгаварлаж байгаа нь хамгийн эмгэнэлтэй явдал. Учир нь томчуудын мөнгөтэй үгүй нь хүүхдүүдэд огтхон ч хамаагүй. Гэвч ийм ялгаа байсаар байгаа бөгөөд цаашид улам ч хүрээгээ тэлэх төлөвтэй байгаа нь харамсалтай. Өнгөрсөн жил хотын дарга санаачлан эмзэг бүлгийн хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр зусланд амраасан. Үүнийг эс тооцвол хүүхдүүдийг ялгаварлаагүй хамруулсан олон нийтийн ажил олдохгүй байх. Өмнөх жилүүдэд эх үрсийн баярыг тэмдэглэхдээ ч мөн багачуудыг ялгаварладаг байв.
Учир нь дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнд багачууд очихоосоо, очихгүй нь их байлаа. Харин энэ жил баярыг нь хүүхдүүдэд хүртээмжтэй хүргэх үүднээс хороодод тэмдэглэх тухай яриа байгаа юм билээ. Хэрэв энэ үнэн бол хүүхдийн төлөө хийж буй ажил нэг шатаар урагшилж байгаагийн жишээ биз ээ.
ЗУН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ЯСЛИ, ЦЭЦЭРЛЭГИЙГ ОЛНООР БИЙ БОЛГОЁ
Уг нь Монголд “Хүүхдийн төлөө” хэмээн ярьж, төр засаг хийгээд олон улсын байгууллагуудаас мөнгө “саадаг” газрууд хэдэн арваараа бий. Хүүхдийн буян их юм даа. Олон ч хүнийг тэжээж, тэтгэж явна. Хэрэв тэд бүгд ярьж байгаа шигээ ажлаа хийсэн бол өнөөдөр Монголын багачуудын өмнө тулгарах бэрхшээл байхгүй байсан биз. Зургадугаар сарын 1 болохоор хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг гэх байгууллагуудын сурталчилгааны ажил идэвхиждэг ч төд удалгүй л намждаг.
Хүний нүдэнд харагдахаар бодитой юм хийгээгүй зөвхөн цаасан дээр буух төдийхөн тодруулбал, зургадугаар сарын 1-нд тэдэн хүүхдэд бэлэг өгсөн, хэдэн хүүхдийг зусланд амраасан гэхээс хэтрэхгүй байгаа эдгээр байгууллагыг цэгцлэх цаг одоо болсон. Хэдий болтол хүүхдийн нэр барьж, мөнгө завших вэ тэд. Уг нь хүүхдийн төлөө юм хийдэг байгууллага олон байх тусмаа сайн. Ядаж л тэдний явуулж буй арга хэмжээнд хүүхдүүд давхардалгүйгээр хамрагдах боломжтой.
Гэвч Монголд хүүхдийн төлөө олон байгууллага байлаа гээд дээрдсэн юм алга. Ядаж эдгээр байгууллагууд санаачлаад цэцэрлэг, ясли барьж яагаад болдоггүй юм бэ. Одоогоор хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл бол зун уйл ажиллагаа явуулдаг ясли, цэцэрлэг. Тухайлбал, нэг орцны таван айл нийлээд нэгнийдээ хүүхдээ харуулж болно. Нэг ёсондоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хэрэг болох ч энэ нь аль аль талдаа ашигтай. Хүүхдээ харуулж байгаа эцэг, эхчүүд таньж мэдэх, найдвартай хүнд хүүхдээ даатгасан учир ардаа санаа зоволтгүй ажлаа хийж болно.
Харин хүүхдүүдийг харж байгаа хүнд гэртээ ажилгүй сууснаас дээр байх нь ойлгомжтой. Таван хүүхэд асрах, 50 хүүхэд харахын ялгаа ч үүнээс харагдаж мэднэ. Учир нь манайд цэцэрлэг, ясли дутмаг байдаг бөгөөд үүнд хамрагдах ёстой хүүхдийн тооны илүүдэл үүсдэг. Тиймээс энэ илүүдлийг багасгах талаар бодоод үзсэн ч хувийн цэцэрлэгүүдийг дэмжиж, олноор бий болгох нь чухал. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 210 ерөнхий боловсролын дунд сургуульд 186 мянга орчим хүүхэд, төрийн болон төрийн өмчийн бус 270 гаруй цэцэрлэгт 45 мянга орчим хүүхэд хүмүүжсэн гэх албан бус тоо байна.
Нэг ангид ногдох хүүхдийн тоог ойролцоогоор 35-40 гэж тооцоод үз дээ. Үүн дээр гурван ээлжээр хичээлдэг сургууль, цэцэрлэгт хамрагдаагүй үлдсэн багачуудыг нэмбэл асар их тоо гарах нь тодорхой. Зуны гурван сард нийслэл энэ олон хүүхдээ хаана яаж аргалах нь жинхэнэ шүдний өвчин болоод байна. Тиймээс хувийн цэцэрлэгийг олноор бий болгож, хөдөлмөрийн насныхныгаа чөлөөлье. Тэдэнд хийх ажил их байна.
niislel times
Ж.Тагтаа
URL: