АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТААС ЭХЛЭЭД ЖИЛИЙН ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ УЛС ТӨРИЙН ЛУЙВАРЧИД ГЭРЛИЙН ХУРДААР ҮРЖИЖ БАЙНА
Улсын баатар Э. Бат-Үүл гишүүн дампуурсан бизнесменүүд улс төрд орж ирдэг юм хэмээн тэртээ арван жилийн урьд хэлж байв. Б. Жаргалсайхан, Б. Эрдэнэбат, Л. Гүндалай гээд улс төрд ороод бизнесийн орлого нь унаж модоо барих шахсан эрхмүүд бий.
Халхын барааны захын магнат Ш. Сайхансамбуу хүртэл “Би улс төрд ороод бизнестээ зав гаргах цаггүй болсноос орлого буурсан. Дээшээ л лав гараагүй” хэмээн үнэнээ хүлээсэн. Түүнээс дутахгүй үлгэр жишээ хөдөлмөрлөсөн төрийн түшээ бизнесмений тоонд УИХ-ын байнгын хороон дарга Д. Зоригт орно.
“Монгол шуудан” банкны эзэн байсан энэ эрхэм өнгөрөгч онд 1.2 тэрбум төгрөг халаасалжээ. Барагтай бол чуулган дээр дуугардаггүй түүнийг ангийнх нь зарим нөхөр “Телевизийн камер харахаараа л Зоригтын ам хөдөлдөг” гэж дамшигладаг. Тавин насны босгоор давчихсан тэрбээр одоо парламентын Эдийн засгийн байнгын хорооны даргын алба залгуулдаг. Улс орныхоо эдийн засгийн бодлогыг залуурдах хариуцлагатай даалгавар авсан нь бас учир шалтгаантай гэнэ. Хувь, хувьсгалын алба ажил хоёрыг маш гарамгай гүйцэтгэж байгаа хүнийг ийм чухал байнгын хорооны даргаар тавихгүй бол хэнийг тавих вэ. Монголын орлого ирэх жил Зоригтын ачаар бас өснө гэж эрхэм гишүүд үзээд түүнд тийм хариуцлагатай алба өгсөн гэсэн шүү.
Өөр нэг хувь, хувьсгалын ажлыг амжилттай залгуулж явааноён бол Говь-Алтайгаас сонгогдсон Ж. Энхбаяр гишүүн билээ. “Газар”, “Газар партнер”, “Газар сүлжмэл” гэдэг гурван компанийг эзэмшдэг тэрбээр ямар ч компанигүй Ө. Энхтүвшин гишүүн шиг жилийн орлого нь зөвхөн төрийн түшээгийн пүнлүүгээс бүрдсэн 10.8 сая байж болох л байсан хэдий ч насны залууд улс төр, бизнес хоёрыг хослуулна гэж үүнийг хэлдэг юм гэсэн шиг маш эрч хүчтэй зүтгэсэн учир бараг нэг тэрбум буюу 947 сая төгрөгийн ашиг халаасалж дөнгөжээ.
Их хурлын чуулганд тухалж, төрийн түшээгийн пүнлүү хүртэхийн зэрэгцээ өнгөрсөн онд 211 сая янчаан өвөртөлсөн Д. Загджав гишүүний баяжиж таргалсныг гайхмаар. Батлан хамгаалахын сайд Лу. Болд гэхэд 159 сая төгрөг хармаалжээ. “Бодь” группын 33 хувийг эзэмшдэг түүнийг буруутгаад яахав. “UB palace”- аас аваад “Монгол тамхи Со” компанийн эзэн нь Ц. Дашдорж гишүүн гэдгийг бизнес гадарладаг болгон мэднэ. Гэтэл мань гишүүн өнгөрсөн жил дөнгөж 17 саяын орлого хураажээ. Тэрбээр “Монгол тамхи Со” компанид ерөөсөө л гучин ширхэг хувьцаа эзэмшдэг хэмээсэн байх юм. Хэн үнэмших вэ. бүх хувьцаагаа эхнэртээ эзэмшүүлдэг гэвэл хэн итгэх вэ. “Очир төв” гэдэг том компанитай Д. Дамба-Очир ердөө 11 саяын ашиг олсон байхад ямар ч компани бүү хэл ТҮЦ-гүй Х. Жекей гишүүн 16 саяыг олчихсон байна.
Яамдын дэд сайдууд ижилхэн цалинтай л байдаг байж таарна. Жишээлэхэд ХХААХҮ-ийн дэд сайд Х. Золжаргал 7.8 сая, Ж. Сауле 7.6 саяын орлого олсон бол ЭМ-ийн дэд сайд Ж. Цолмон бараг 30 сая төгрөг хураажээ. Компанитай юмуу гэсэн алгаа. Тэгэхээр хаанаасаа 20 саяыг “шуусан” бэ гэсэн асуулт гарна. Өөрөө хариулах биз. Арай ч авилга аваагүй байх. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П. Очирбат чухам “хаданд гарчихжээ”. Мань хүний нэг жилийн орлого нь л бүтэн тэрбум төгрөгийн босго алхчихаж. ҮХЦ-ийн гишүүн тэрбээр яаж зүтгэхээрээ тийм их “цаас” олчихдог нь ч сонин. Ер нь эрх мэдэл, албан тушаалаараа толгой цохидог монцгоруудын хөрөнгө орлогын мэлүүлгийг зав гаргаж байгаад зориуд сөхөж ухваас их юм цухуйх шинжтэй дэг.
Чойжилсүрэн, Кёкүшюзан Батбаяр, Д. Зоригт (сайд нь биш шүү) гэдэг гурван гишүүн шиг арав хорин компанитай хөрөнгөтөн УИХ-д алга. Төр түшилцэх зуураа л тэр олон компаниа утсаар удирдаад явдаг гэхэд хэн үнэмших вэ. Өвчтэй, чөлөөтэй гэж бултах үедээ компаниуд дээрээ л сууж байдаг байж таарна. Ерөөсөө тэгээд хувийн бизнесээ эхнэртээ даатгачихаад холоос харж явдаг гишүүн гэж хаана билээ. Тийм худлаа юм ёстой үгүй.
Монголд “АСУ” гэж нэг сүрхий компани байдаг санж. Ч. Сайханбилэгээс гадна Д. Зоригт гишүүн, Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж хүртэл энэ компанид хувьцаа эзэмшдэг юм байна. Тэгэхээр хамтран байгуулсан болж таарнаа даа. Ерөнхийлөгч 10 хувь, Сайханбилэг 12.5 хувь, Зоригт гишүүн 600 ширхэг хувьцаа эзэмшдэг аж. Тэд бизнесийн түнш учраас ашиг сонирхлын зөрөө гээч юм бас байж таарна. Ямартаа ч хоногийн хоолоо олох гэж ядуус зовж зүдэрдэг бол манай дээдсүүд дотор малгүй, машингүй, байргүй, компанигүй, хувьцаагүй хүн гэж алга. Бүгдээрээ саятан болчихжээ, ёстой мундаг!
URL: