Хямд БАЙРААР хангах ХЯТАД арга

Хүний үндсэн хэрэглээ бол ер нь их бага юм шүү дээ. Орох оронтой, өмсөх хувцастай, идэх хоолтой байхад л болоод явчихна гэсэн үг. Тэгэхдээ бид сүргээр биш нийгмээр амьдарч тэр дотроо дээд, доод түвшнийхэн хэмээн ялгаварлагддаг “хошин” системийн золиос тул агуулгыг бус хэлбэрийг хөөгөөд өөрөсдийн үндсэн хэрэгцээнээс хэд дахин давсан “үрэлгэн” байдлыг бий болгочихдог. Тэгээд л амьдрал муу байна, хараач тэр муусайн гадаадуудыг, тэд яаж амьдраад бид яаж амьдраад байна хэмээн төр засагруугаа л үглэж дуулна шүү дээ.

Төр засаг маань ч биднийг аятай тавтай, айлын хүүхдүүдээс дутаахгүй амьдруулахын тулд хэр чинээгээрээ л олон янзын арга чарга сүвэгчлээд, орох оронтой болгочих гээд зүтгээд л байна. 8%-ийн зээл, ипотекийн боломж, барилгын материалын үнийг бууруулах, барилгажилтын корпраци гээд төрөл бүрийн аргууд хэрэглэж байгаа боловч бидний хүссэн шиг барилга, байшингийн үнэ буурсангүй. Ялангуяа залуу гэр бүлүүдийн хувьд шинэ байртай болох нь бараг л “үлгэр” мэт санагдах болж.

Харин бусад улс тэр тусмаа 1,7 тэр бум хүн амтай манай урд хөрш яаж энэ асуудлыг зохицуулж байгаа талаар өөрийн харсан жишээг бичиж сууна. Магадгүй төр нь биш юм гэхэд түмнээ боддог нэг компани ч болов авч хэрэгжүүлчихэж болох шүү дээ.

Барилгын үндсэн шаардлага юу вэ? гэдгээс яриагаа эхлэе. Хана, тааз, шал, хаалга, цонх заавал байх ёстой. Мэдээж хүйтэн болдог манай оронд халаалт шийдэгдсэн байхаас гадна цэвэр ус, бохир усны хоолой холбогдсон бөгөөд ариун цэврийн өрөө нь амьдардаг хэсгээс тусгаарлагдсан байх нь чухал. Мэдээж цахилгаан шугам сүлжээ орж ирсэн байх нь бас л нэг зайлшгүй шаардлага. За ерөнхийдөө бид ийм л зүйлсийг хүсдэг шүү дээ.

Гэтэл манайд дотор засал, сантехник, цахилгаан монтажны ажил болоод сонголтоос хамаараад ашиглалтанд орох хугацаа нь ч уртсаад, барилгын өөрийн үнэ ч хамаагүй өсөөд байх шиг байгаа юм.

Би Хятад улсад явж байгаад өөрийн нүдээр харсан юм. Нэг түншийн маань хүү хуримаа хийгээд шинэ байр авах гэж байгаа гээд хөөрөөд байсан. Тэгсэн нэг удаа уулзсан чинь хүүгийн авах шинэ байр бэлэн болсон гэнэ очиж зайг нь харж сонгох гэж байна, хамт явах уу гэлээ.

Тэгээд очоод харсан чинь зүгээр л нэг том өрөөнүүд байх юм. Мэдээж хэмжээнүүд нь харьцангуй өөр, хэмжээнээсээ хамаараад доторхи цонхны тоо ч бас өөр байна. Тэнд зөвхөн ариун цэврийн өрөөний хэсгийг л ханаар тусгаарласан байна. Ариун цэврийн өрөөнд болон гал тогоо байж болох хэсэгт бохир болон цэврийн хоолойнууд оруулсан байх бөгөөд хана, таазны энд тэндээс цахилгааны утаснууд сарайж харагдахаас гадна дотор засал юу ч хийгээгүй зүгээр л цементээр нь сайхан тэгшилчихсэн тийм нэг ханхай дөрвөн хана байх ажээ. Аан харин дулааны сүлжээг нь оруулаад нэг стандарттай ижил паарнууд тавьсан байсан.

Манайханд ийм байр өгвөл бараг зодох байх л даа. Хүн доромжиллоо, ийм байр гэж юу байсан юм бла бла гээд бөөн юм болно байх.

Гэвч энэ бол залуусыг байртай болгох хамгийн сайн арга шиг надад санагдсан юм шүү. Болсон болоогүй обой наагаад үнэн, худлыг нь мэдэхгүй баахан БРЭНД нэртэй сан болон цахилгааны тоног төхөөрөмжүүд байрлуулж, хэзээ ховхорохыг нь мэдэхгүй паркет хэмээх шал тавьснаар бас хамгийн гол нь өрөөнүүдийг заагласан хана өрснөөр барилгын үнэ асар өндөр болчихоод байгаа юм.

Аан харин дээрх байранд та орсноор өөрийнхөө бэл бэнчинд тааруулаад сантехник болон цахилгааны асуудлуудаа шийдчихнэ. Тэгээд л орчихно шүү дээ. Яахав залуу хүмүүс эхлээд хэсэг жаахан тохьгүй л амьдрана биз. Тэгээд боломжоороо мөнгө цуглуулаад хана босгоно уу? шал хийнэ үү? өмнө тавьсан сан, цахилгааны юмнуудаа сольно уу? таазандаа хээ хуар татна уу? ханандаа обой наана уу? зураг зурна уу? дурын хэрэг. Хамгийн гол нь та хямд үнээр орох оронтой болж өрх тусгаарлах боломжтой болж байгаа юм.

Миний л хувьд энийг маш зөв бодлого байна гэж харсан. Харин та бүхэн юу гэж бодож байгаагаа доор сэтгэгдлээр үлдээнэ биздээ.

  нийтэлсэн: Ажигнай


URL:

Сэтгэгдэл бичих