Усныхаа чанарыг мэдэхгүй хэрнээ архины чанар мэддэг монголчууд

MR_OT_Press_Release_171213_1Энэ өвөл говь, тал хээрийн зарим бүс нутагт цас бага учир малчидад суганыхаа булчирхайг цочтол худгаас ховоо татах бэрх ажил тулгарчээ. Харин саяхнаас малын хар туур цас орж, мал малчин хоёрыг хэсэг зуур ч бол амрааж байгаа сурагтай. Энэ нь урсгал усгүй тал нутгийхны бэрхшээл. Худаг дээр олон зуун мал услах гэж сугаа холготол ховоо татахыг мэдэх хүн хэр олон бол доо. Зарим мал ус голж уухгүй тамшаалан онгоцонд ойртохгүй ямбална. Тэднийг уулгах гэж малчин үйлээ барна. Мал хүртэл муу усаар цангаагаа тайлж, хатсан сархинагаа норгох гэж яардаггүй. Хүн, малд гологдохгүй сайн ус Монголын уудам талд чамлахааргүй арвин байв. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд унданд хэрэглэдэг амны ус багасч, байгаагаа бид хайрлахгүй бохирдуулсаар байна.

Манайхан АПУ-гийн “Болор” сайн гэж ярьдаг байснаа сүүлдээ “Жем”-ийн шар “Чингис” зүгээр гэхчилэн хатуу сархадын чанарыг үйлдвэртэй, нэртэй устай нь тоочин сайн муугаар нь сүрхий ялгана. Бас архиа рекламдахдаа гүний цэвэр усаар найруулсан гэж ирээд л үг хайрлахгүй. Ер нь бид архиныхаа сайн мууг ингэж сайн мэддэг хэрнээ усныхаа чанар, үнэ цэнийг төдий л сайн мэддэггүй. Тэгсэн хэрнээ усандаа найруулсан спиртийн  чанарыг уг ёзоороор нь мэдэхийг яана. Бидний өвөг дээдэс ус амттай, бас амьтайг хэн бүхнээс илүү мэддэг байж.

Миний төрсөн нутаг Төв аймгийн Баянцагаан говийн сум. Сумын төвийн хажууханд Хүйсийн сайр гэж амны сайн устай ганц худаг одоо ч бий. Миний багад тэр худгаас ундныхаа усыг авахаар хаа хол нутгаас малчид тэмээнд сав ачаад ирж байдаг сан. Амтыг нь андахгүй хөгшид амны усаа Сайрын худгаас л авна гэж хүүхдүудээ явуулдаг байсан гэдэг. Нэг залуу ээждээ Сайрын худгаас ус авчирч өгнө гэж яваад замын уртад залхуурч ойрхны худгаас ус аваад очиж. Ээж нь аяга цай пурхийлгэж амсах төдийд хүүгээ загнаж гарсан гэнэ. “Чи намайг хуурч чадахгүй. Сайрын худгийн ус ийм амттай байдаггүй юм. Овоотоос авчирсан ус байна” хэмээн зэмлэж байсныг манай нутгийнхан ярьдаг юм. Хөгшид усны чанарыг ингэж мэддэг болохоор нутаг сонгохдоо эхэлж амны усыг нь асуудаг. Хүн малын цангаа тайлах усны чанар эрүүл энх урт удаан наслахын нэг чухал шалтгаан байсаар ирсэн. Одоо харин ямар байгаа бол. Хөдөөгийнхөн гадарлах биз. Хотын бидэнд ус л бол ус.

Өнгөрсөн зуны дэлгэр цагаар хэдэн хүүхдээ аваад нутгаа зорилоо. Баянцагаан орох замдаа Сэргэлэнгээр дайрч нутгийн айлаар бууж энэ тэрийг асууж, очих газраа заалгахдаа ганц мэддэг Ацын худаг хаахна билээ гэтэл гэрийн эзэн “Тэр худаг аль эрт үгүй болсон” гэдэг юм. Гайхсанаа нуугаагүй надад “Энэ Хуцын өврийн алт ухагчид учрыг нь олсон байх аа” хэмээн тайлбарласан. Уул нь олон хөлийн газар отор, нүүдлийн мал хүн хоёрыг ундаалсан ундарга сайтай гар худаг байж билээ. Цааш давхиад Хөтлийн худгийн хажуугаар зам дайрч гардаг тул бууж саатав. Амны нь хэдэн чулуу л үлджээ. Нутгийн хүнээс яасныг асуухад Цагаан дэлийн жоншны уурхайнхан бодийг нь хөтөлсөн гэлээ. Ийнхүү өвгөдийн үеэс ухаж лайдаж ундаргыг нь сэргээсээр ирсэн худгууд устаж байгаагийн жишээг захаас нь үзлээ. Ер нь л хөдөө явахдаа хоршооноос савласан цэвэр ус ачиж гарахгүй бол хатаж харангадаж мэдэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, баталгаатай цэвэр ус олж уух найдлага тун бага. Орхон, Сэлэнгэ, Онон, Туул гээд их уст мөрөн голууд минь байхад үе үеийн монголчуудыг усгүйдэх зовлонд унахгүй гэж хэн хүнгүй боддог байсан нь хэдхэн жилийн өмнө шүү дээ. Гэтэл хүүхнүүд гэзгээ угаахаар Хүрээ орох аянчид усыг нь захиж авчруулдаг байсан Туул өдгөө бохирдлоороо толгой цохих хэмжээнд хэдийнэ хүрсэн. Юун гэзгээ угааж гоёх, дэргэдээс нь харахад өр өвдмөөр болсныг хэн хүнгүй мэднэ. Бас уул уурхайнхны балаг гэнэ. Хөвөөгөөр нь явахад л хөл хүрэхээргүй онгичиж, гол байсан газар хуурай сайр үлдсэн газар тун олон.

Гол мөрөн урсгалаараа усаа сэлбэдэг байж, харин хөрсний усаар сэлбэгддэг худаг бохирдоход эргэж ашиглагддаггүйг эрдэс баялаг хайгчид ухаардаггүй аж. Орон нутагт худгаас нэг л мал хордсон сэжиг ажиглагдвал нутгийнхан дайжчихдаг болжээ. Аргагүй биз дээ Дархан-Уулын Хонгор, Дорноговийн Улаанбадрах сумдын жишээ хумүүст сургамж өгсөн дөө. Тал хээрийн урсгал усгүй бүс нутагт алт олборлогчид худгийн усыг харамгүй ашигладгийн нэгэн жишээг 2008 онд Баянхонгор аймгийн Өлзийт суманд харсан юм. Тус сумын Аман худаг дээр том том хуванцар сав аччихсан “Портер” машин дугаарлан, хүмүүс нь өрсөлдөн хоёр гурван зэрэг хувингаар ус татаж авч байсан. Хажууханд нь алт ухагч нинжа нар язганаж байж билээ.

Миний хоноглосон айлын Ням өвгөн ” Энэ алтныхан хүн, мал хоёрт ус хүртээхгүй юм шиг байна. Энэ химийн хортой сав яав ч сайн эд биш. Идээшсэн нутгаасаа хаачих билээ дээ” хэмээн харуусч суусан сан. Сүүлд сонсвол нинжа нар онгойсон нүх үлдээж худаггүй болгож орхисон дуулдсан. Дайрлага дайрсантай адил энэ мэт жишээ Монгол нутагт олон тохиолдох ажээ. Оны өмнөхөн Төв, Дундговь, Өвөрхангай аймгийн сумдад худгийн ус хордсон тухай яриа дуулдсан. Нутгийн малчид уул уурхайнхан химийн бодисоор ус хордуулаад байна гэж гомдоллох боловч түүнийг нь авч хэлэлцэж юунаас болсныг нь тогтоосон удаа байдаггүй гэх. Манай улс 2012 онд тооллого хийж 21 мянган худагтай гэсэн тоо гарч байв. Сүүлийн жилүүдэд өндөр үнээр өрөмдмөл худаг гаргадаг болсон. Жилээс жилд үнэ нь өсч байгаа энэ бизнесийг баячууд зусландаа худаг гаргуулж үнийг нь өсгөөд малчдад хунд тусч байгаа тухай яригдах боллоо. Худаг гаргуулахаар өрөмдүүлэхэд нэг метрийг нь 150-200 мянган төгрөг төлдөг. Өнөөдөр Улаанбаатарыг тойруулж ухсан худгийн тоо хэд гэдгийг мэдэх газар лав байхгүй. Нүхтийн аманд гэхэд 28 худаг бий гэж тэндхийн нэгэн барилгын сахиул ярьж байсан. Богд уулын бусад аманд хэд хэчнээн худаг байгааг бүү мэд. Хан-Уул дүургийн Өлзийт хороонд гэхэд бэл бэнчин зузаантай баян уяачид тойруулсан хашаа бүртээ гүний худаг гаргуулсан гэж ярьдаг. Худаг олшрох тусам гүний усны нөөц багасч, тэр хэрээр амны ус ховорддог. Дээр нь уул уурхайн компаниудын хөлд үрэгдсэн худаг ус, гол горхи нэмэгдээд ирэхээр удахгүй бид урд хөршөөс ус импортоор авахдаа тулах вий дээ.

Н.ЛХАГВАСҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих