“Би цалингаа нэмүүлэхгүй” аян өрнөнө
Удтал чимээгүй байсан сөрөг хүчин эрх баригчдыг сандаргаж эхэллээ. Шинэ оны өмнөхөн зарим сайд нарыг огцруулах санаачилга гаргаж эрх баригчдад зориулан сүлд мод засч, өвөрмөц мэндчилгээ илгээсэн МАН-ынхан цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхийг шаардсан нь олон нийтээс нэмэх үнэлгээ авчээ. Олон нийт ч энэ санаачилгыг хүлээж байсан мэт дэмжлээ. Учир нь цалин тэтгэвэрийг нэмэх ёстой гэсэн иргэд Засгийн газрын 11-11 төвд хандаж эхэлжээ.
Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхийн зэрэгцээ ойр ойрхон болж буй баярт байдгаа тавьж бөхийж буй иргэд цалин тэтгэвэрийг нэмэхийг дэмжих үндэслэл болов. Тэгээд ч Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш нэг ч удаа цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлсэнгүй. Тэд уг нь цалин, тэтгэвэрийг нэмнэ гэж амлалт өгч ард түмний саналыг авсан хүмүүс л дээ. Харин одоо юу амласнаа мартсан бололтой.
Цалин нэмэх бодолгүй байсан Шинэчлэлийн Засгийн газарт сөрөг хүчний шахалт санаачилга нилээд саад болохоор боллоо. Учир нь цалин нэмэх эдийн засгийн эх үүсвэр байхгүй байгаа нь эрх баригчдыг шинэ санаачилга гаргахад хүргэлээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол АН-ын зарим эрх мэдэлтнүүд “ард түмэн цалин нэмэхийн эсрэг байна”, “цалин нэмэхээр бүх юмны үнэ нэмэгдэнэ”, “угаасаа төрийн албан хаагчдын ихэнхийг АН-ынхан шинээ томилсон учир цалин нэмэхийг эсэргүүцүүлье”, “төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр хувийнхан цалингаа нэмэх хэрэг гарна. Тэднийг ч зорилгодоо ашиглья” гэсэн санаачилга гарган хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн сураг гарлаа. Энэ санаачилгаа хэрэгжүүлэхийн тулд төрийн албан хаагчдаар “Бидний цалин бидэнд хангалттай”, “Би цалингаа нэмүүлэхгүй” аяныг өрнүүлэх гэнэ. Өөрөөр хэлбэл МАН-ынхан “Ард түмний цалинг нэмье” гэсэн санаачилга өрнүүлэх бол АН-ынхан “Бидний цалин бидэнд хангалттай”, “Би цалингаа нэмүүлэхгүй” ажиллагааг сөргүүлэн тавиж магадгүй боллоо.
Энэ санаачилгын эхлэл болж зарим УИХ-ын гишүүд “цалин нэмэхээр юмны үнэ нэмэгдэнэ. Одоохондоо хэрэггүй” гэсэн саналуудаа твиттер хуудаснаа бичиж эхлэв. Бас зарим хэвлэлүүдэд “Би цалингаа нэмүүлмээргүй байна, ерөнхий сайдаа”, “Цалин нэмбэл юмны үнэ өснө” гэх мэт нийтлэлүүдийг түгээлээ.
Монголын төрийн түүхэнд төрийн албан хаагчид хэзээ ч “Бид цалингаа нэмүүлэхгүй, хангалттай” хэмээх аян өрнөж байгаагүй л дээ. Харин энэ удаа яахыг харах л үлдлээ. Уг нь АН-ынхан сөрөг хүчин байхдаа олон удаа цалин нэмэхийг шаардаж ард түмнээс нэмэх оноо цуглуулж явсан. Тэгсэн мөртлөө эрх баригч болохоороо ард түмний цалинг нэмэхгүй гэж элдэв арга сэдэхээр бэлдэж байгаа нь гайхалтай.
Ийнхүү улс төрийн хоёр том хүчин цалингийн нэмэгдэлээс болж шинэ сонирхолтой тулалдааныг өрнүүлэх нь тодорхой боллоо.
URL: