Сү.Батболдын үед цалин тэтгэврийг 3 дахин нэмсэн

 МАН-ын их хурал дахь бүлгийн дарга Бямбацогт бүтээлч сөрөг хүчин байна гэж амласан. Бүлгийн шинэ дарга  амлалтынхаа эхний гэж хэлж болох алхмыг хийж байгаа бололтой. Үнийн өсөлттэй уялдуулан цалин тэтгэврийг 30 хувь нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт тавилаа. Гэхдээ зүгээр нэг шаардах биш гарцыг нь давхар харж, 5 хуулийн төслийг хамт боловсруулсан  байна.

Хамгийн сүүлд Сү.Батболдын засгийн газар 2012 оны тавдугаар сард цалин тэтгэврийг 53 хувиар нэмснээс хойш хоёр жил шахам хугацаанд цалин тэтгэвэр огт нэмэгдээгүй байна. Гэтэл бараа бүтээгдэхүүний үнэ 30 орчим хувиар өсчээ. Инфляци, валютын ханш дагасан үнийн өсөлт ард иргэдийн амьдралд дарамт болж байна гэж Ардын намынхан үзэж байна. Намын шинэ удирдлага, их хурлын гишүүд аймаг орон нутагт ажиллах үед ард иргэдийн хөндөж байсан гол сэдэв нь энэ байжээ. Шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт цалин тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулан нэмнэ гэсэн заалт бий. Энэ амлалтаа биелүүлж оны эхнээс эхлэн цалин тэтгэврийг 30 хувиар нэмэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байгаагаа цөөнхийн бүлгийнхэн өнөөдөр мэдэгдлээ. Цалин тэтгэврийг нэмэхдээ бага цалинтайд нь их нэмэх бодлого барихыг давхар сануулж байна.

Зарлалгүйгээр цалин нэмэх тухай хуулийн төсөл өргөн барина

Цалин нэмэхдээ зарлалгүй нэмнэ, тэгэхгүй бол юмны үнэ өсдөг гэж ерөнхий сайд хэлсэн. Зарлалгүйгээр цалин нэмэх хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэхийн тулд шаардлагатай 5 хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилсан,   маргааш их хурлын даргад өргөн барина гэж гишүүн Д.Оюунхорол хэллээ. Үндэсний статистикийн газраас хийсэн судалгаагаар өнгөрсөн жил өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 27 хувиар нэмэгдсэн. Тиймээс цалин тэтгэврийг 30 хувиар нэмэх шаардлагатай гэж  ардын намын гишүүд үзэж, 10 гишүүн хуулийн төсөл боловсруулсан юм байна. Сү.Батболдын ЗГ ажиллах хугацаандаа цалин тэтгэврийг 3 дахин нэмсэн. Гэтэл Н.Алтанхуягийн засгийн газар ард иргэддээ чиглэсэн энэ бодлогыг орхигдуулж,  цөөхөн том компаниудын эрх ашгийг бодсон шийдвэрүүд гаргаж байна гэж МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэллээ.Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр 3 их наяд төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй, Энэ мөнгөөр иргэн бүрт 21 мянган төгрөгийг 4 жил хагас олгох, цалин тэтгэврийг 30 байтугай хувиар нэмэх боломжтой байсныг тэрээр сануулсан юм. ЗГ юм л бол өмнөхрүүгээ буруугаа чихдэг болсон. Магадгүй цалин тэтгэврийг нэмэх гэхээр өмнөх засгийн газрын үед тавьсан өр зээлнээс болоод мөнгө байхгүй гэж хэлэх байх. Тийм зүйл байхгүй гэдгийг сангийн сайдаар ажиллаж байсан Д.Хаянхярваа гишүүн хэллээ.

            Цалин тэтгэврийг 30 хувь нэмэхэд 759 тэрбум төгрөг хэрэгтэй

Харин энэ онд цалин тэтгэврийн нэмэгдэлд зориулж 230 тэрбум төгрөг төсөвт суулгасан юм. Энэ мөнгөөрөө оны эхнээс цалин тэтгэврийг 30 хувь нэмээд явж байж болно гэж Ардын намын гишүүд  үзэж байна. Өнөөдөр төсвөөс цалин авдаг 210 мянга орчим хүн бий. Тэтгэвэр авдаг 340 өөд мянган ахмад настан, халамжийн тэтгэмж авдаг 60-аад мянган хүн байдаг. Тэдгээрийн бага тэтгэвэр тэтгэмж, цалин авдагт нь арай түлхүү нэмэх замаар цалин тэтгэврийг нэмэгдүүлэх ёстой, болж өгвөл сар шинийн баяраас өмнө нэмэгдэл хүмүүстээ хүрэх ёстой гэсэн шаардлагыг цөөнхийн зүгээс ерөнхий сайдад хүргүүллээ. МАН-аас тусгай ажлын хэсэг гаргаж, холбоглох 5 хуульд өөрчлөлт оруулах төсөл боловруулсан.Энэ хуулийг  ч их хурлаар яаралтай хэлэлцэн батлахыг тэд хэвлэлээр дамжуулан эрх баригчдаас шаардлаа.


URL:

Сэтгэгдэл бичих