Засгийн газрын олгож чадахгүй байгаа мөнгийг хаяад хувьцаагаа ав
Хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс “Эх орны хишиг хувиас 300 мянган иргэн нэг сая төгрөг, нэг сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаагаа авсан, харин 1.5 сая иргэн хувьцаа ч, мөнгө ч аваагүй байна гэсэн мэдээллийг хийлээ. Одоогийн байдлаар өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй болон оюутнууд нийлээд 300 мянган хүн хувьцааныхаа оронд сая төгрөгөө авчээ. Харин үлдсэн 2.5 сая иргэдээс 1.5 сая нь сая төгрөгөө бэлнээр авах хүсэлт гаргасан байна.
Гэвч төрөөс энэ мөнгийг нэгэнт тарааж чадахгүй байгаа. Иймээс тус төвөөр дамжуулан иргэд сая төгрөгөө авахаас татгалзаж, 1072 ширхэг хувьцаагаа авахаа илэрхийлэн Засгийн газар, УИХ-д уламжилж өгөхийг хүсчээ. Энэ талаар Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам зэрэг олон газар хандсан байна.
Гэвч нааштай хариу сонсоогүй болохоор тус төвийн үүсгэн байгуулагч Э.Алтаншагай хэлэхдээ “Бид иргэдийн өргөдлийг цуглуулан авч, Засгийн газраас иргэдэд хувьцааг нь буцаан олгуулах ажлыг эхлүүлээд явж байгаа. УИХ, Засгийн газар иргэдэд хувьцааг нь буцаан олгоно гэдэгт бид итгэж байна” гэв. “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдийн эрхийг хамгаалах төв” ТББ нь иргэдийг хөрөнгийн зах зээл, компанийн засаглалын талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд нь туслах, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрх ашиг сонирхол, үзэл бодлыг нь Монгол Улсын хууль, олон улсын гэрээний хүрээнд хамгаалах үүднээс байгуулагджээ.
Иймээс тус байгууллагынхан иргэдийг зөвхөн 1072 ширхэг хувьцааныхаа талаар бус 1992-1994 онуудад хөрөнгө оруулалтын цэнхэр ягаан тасалбараар ХК-иудын хувьцааг авсан иргэд тодорхой мэдээлэл лавлагаа авч хувьцаа эзэмшигчийнхээ эрхээ сэргээлгэх боломжтойг хэлж байв.
URL: