Өдрийн нормоо биелүүлж чадахгүй болохоор ээмэг зүүлтээ ломбарддаг гэв

527-1389242544MG_23041“Автобус-1” орон нутгийн өмчит уйлдвэрийн газрын ажилчид түр зогсолт хийсэн гэсэн мэдээллийг аваад үүсээд байгаа нөхцөл байдалтай танилцахаар тус компаниар орлоо. Ажилчид автобус байрладаг гарааш дотроо түр зогсолт хийж байв. Иймээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ажилчдаас тодруулсан юм.

Харин удирдлагууд нь оффис дотороо байлаа. Ажилчид нь оффис руу орж удирдлагууддаа шаардлагаа тавихгүй, удирдлагууд нь гарааш руу орж ажилчдынхаа санал бодлыг сонсохгүй байгаа нь ажиглагдлаа. Жолооч, кондукторууд “Бид эндээс гарахгүй, удирдлагууд өөрсдөө ирж уулзах хэрэгтэй байна.

Өглөө орж ирээд ажлаа хийж чадахгүй бол бүгдийг нь хална гэж хэлээд гарсан” хэмээж байсан юм. Харин удирдлагууд нь ажилчид ямар шалтгаанаар ажил хаялт хийж байгаагаа бидэнд албан ёсоор мэдэгдээгүй гэж байлаа. Удирдлагууд ажилчдийг урьдчилан мэдэгдэлгүй хууль бус ажил хаялт хийсэн гэж үзэж байгаа аж.

Ажилчид нь бид ажил хаялт хийгээгүй түр зогсолт явагдаж байна гэсэн үл ойлголцох байдал үүссэн байлаа. Ямар шалтгаанаар түр зогсолт хийж байгааг тус компаний ажилчдаас тодруулсан юм. Тэд тодруулга өгөхдөө нэрээ нууцалж байлаа.

Нэрээ хэлвэл сүүлд нь ажлаас хална гэж сүрдүүлдэг. Урд нь ийм тохиолдол олон гарч байсан гэцгээж байв. Цөөн ажилчид нэрээ нууцлахгүй мэдээлэл өгөхийг зөвшөөрсөн юм. Ингээд тэдний төлөөлөл болох Тус компанийн кондуктор Э.Нарантуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Ямар шалтгаанаар ажлаа хийхгүй байгаа юм бэ?

-Ажил хаялт бол хуулийн дагуу урьдчилан мэдэгддэг үйл ажиллагаа байдаг. Харин бидний өнөөдрийн үйл ажиллагаа бол ажил хаялт биш түр зогсолт юм. Бид Үйлдвэрчний хороогоо өөрсдийн татвараас цалинжуулмаар байна, үйлдвэрчний хороотой хамтын гэрээ байгуулах, түлшний мөнгийг жолооч нарын цалингаас суутгахгүй байх, түр зогсолтын мөнгийг олгомоор байна гэсэн үндсэн шаардлагуудыг тавьж байна.

-Ажилчдийн цалин хэд төгрөг байна вэ?

-Кондукторын үндсэн цалин 250 мянга, жолооч нарын үндсэн цалин 350 мянган төгрөг байна. Үүнээс гадна төлөвлөгөө биелүүлбэл цалин авдаг. Гэвч биелүүлэх боломжгүй, их зүйл шаардлагатай учраас урамшуулал цалин бага байдаг.

-Ажилчид ямар төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа вэ?

-Бид сардаа 148 цаг гурав гаруй сая төгрөгний төлөвлөгөө биелүүлэхээр ажиллаж байна. Гэвч энэ төлөвлөгөөг биелүүлэх ямар ч боломжгүй байгаа. Жишээ нь нэг өдөрт үйлдвэр долоон буудлын автобус нэг тойрохдо 53 мянган төгрөгийн төлөвлөгөө биелүүлэх ёстой гэж заасан.

-Автобусанд GPS суулгасан гэсэн. Түлш дутсан мөнгө яагаад суутгаж байгаа юм бэ?

-Бүх автобусанд хяналтын GPS суурилуулсан болохоор жолооч нар түлшнээс хувьдаа завших ямар ч боломжгүй. Тэгтэл жолооч нарын цалингаас түлш дутсан гэж суутгаж байгаа. Гадаа хүйтэн, маш их түгжрээтэй байгаа учраас автобус түлшийг илүү зарцуулдаг. Мөн хуучин автобус түлш их зарцуулах тохиолдол гардаг.

-Сул зогсолтын мөнгө гэж хэдэн төгрөг олгох ёстой вэ?

-Биднийг нэг тойроход нэг цаг зарцуулахаар тооцдог. Гэсэн ч түгжрэл, саатал зэрэг шалтгааны улмаас нэг тойроход хоёр цаг гаруй зарцуулдаг. Бид өдөрт дөрвөн цаг ажилласан гэж тэмдэглэгдсэн байдаг боловч найман цаг ажилладаг. Тэгэхээр бидэнд улсаас сул зогсолтын дөрвөн цагийн мөнгийг олгодог. Харин удирдлагаас энэ мөнгийг олгохгүй байна.

-Аудитаар холбогдох зөрчлүүдийг илрүүлсэн гэж байна. Ямар зөрчил гарсан бэ?

-Аудит ажилчдаас эхний хүмүүсийг шалгаж эхлэхэд хүмүүсийн цалинг буруу бодсон нь тогтоогдсон. Мөн амралтын мөнгийг дутуу бодсон тохиолдол гарсан.

-Дээрх төлөвлөгөөг биелүүлэхэд ямар хүндрэл байна вэ?

-Энэ жилийн хувьд оюутнууд бүтэн жилийн хугацаатай виза авсан болохоор маш хүнд байна. Өнгөрсөн жил 80 мянган оюутанд виза олгож байсан бол энэ жил 120 мянган оюутанд виза олгосон. Мөн тахир дутуу иргэдийн үнэмлэх маш их болсон. Автобусанд орж ирсэн арван хүн дутмын нэг нь л мөнгөө төлдөг бусад нь хөнгөлөх үнэмлэх үзүүлдэг.

Эдгээрийн дийлэнх хувийг нь тахир дутуу иргэд эзэлдэг. Онц тээвэрчин, өндөр настан, виза, цагдаагийн албан хаагч, цусны хүндэт донор, ТҮК-ийн ажилчид зэрэг маш олон хүмүүс үнэгүй зорчдог. Мөн хүүхдүүд амарсан байгаа энэ үед төлөвлөгөө норм биелүүлэх маш хүнд байна.

Ажилдаа явж байхад гэнэтийн шалгалт гарч байгаа учраас бид нарт өөрсдөө хувьдаа завших боломж байдаггүй. Зөвхөн бид нарыг мөнгө хувьдаа завшиж байгаа эсэхийг шалгахын оронд нэг өдөрт дунжаар хэдэн төгрөгний орлого олох боломжтойг судалж байж тогтоох ёстой юм.

Харин ямарч судалгаагүйгээр бидэнд мөнгө олж ирэхийг тушааж байгаа нь буруу гэж үзэж байна. Яг үнэндээ өдрийн нормоо биелүүлж чадахгүй болохоор ээмэг зүүлтээ ломбарддаг шүү дээ.

-Түр зогсолт хэзээ дуусах вэ?

-Удирдлагууд бидэнтэй уулзаж зөвшилцөлд хүрсэн үед түр зогсолт дуусч ажлаа хийнэ.

Ажилтнуудын шаардлагыг хэрхэн шийдвэрлэх талаар “Автабус-1″ орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга Ц.Одонтунгалагаас тодрууллаа.

-Танайх хэдэн чиглэлд, хичнээн автобус гаргадаг вэ?

-14 чиглэлд 120 автобус үйлчилгээ үзүүлдэг.

-Ажилчдын цалин, урамшуулал ямар байдаг вэ?

-Манай кондуктор дунджаар 800 мянган төгрөгийн, жолооч нар нэг сая гаруй төгрөгийн цалин авдаг. Энэ нь нийтийн тээврийн 24 компани дотроос өндөр цалинтайд тооцогддог.

-Ажилчид дээрх цалинг авдаггүй гэж байна. Энэ ямар учиртай вэ?

-Ажилчид бидэнд энэ талаар мэдэгдэхгүй байгаа мөртлөө нийтэд ташаа мэдээлэл хүргэх гээд байна.

-Кондукторууд цалингийн хуудсаа харуулж байна. хуудсаа харуулж байна. 800 мянгаас бага байна шүү дээ?

-Ажилласан цагаасаа хамааран зарим ажилчид арай бага цалин авах тохиолдол байдаг. Акт авах зэргээр ажлаас чөлөөлөгдсөн ажилчид бага цалин авдаг. Гэхдээ дийлэнх ажилчид дээрх цалинг авч байгаа.

-Түр зогсолтын улмаас нийтийн тээвэр иргэдэд үйлчлэхгүй байна. Өнөөдөр шугаманд хичнээн автобус гарах ёстойгоос хэд нь гарсан бэ?

-Өнөөдөр 14 чиглэлд 108 автобус үйлчилгээнд гарах ёстойгоос 30 автобус үйлчилж байна. Манайх био, үйлдвэр, сонсголон гэсэн гурван чиглэлд дангаараа үйлчилдэг болохоор эдгээр шугамууд руу явуулахаас өөр аргагүй.

-Үйлдвэрчний эвлэлтэйгээ хэрхэн хамтран ажиллаж байгаа вэ?

-Үйлдвэрчний эвлэлийн гишүүд ажилтнуудын цалингийн нэг хувиар цалинжуулахыг шаарддаг. Ажилчид амаараа зөвшөөрч байгаа боловч албан ёсоор гарын үсэг зурж баталгаажуулсан зүйл байхгүй байгаа. 650 хүнээс 10 гаруй хүн л гарын үсгээ зурж баталгаажуулсан.

Үйлдвэрчний эвлэлийг ажлын байраар хангаж өгсөн байгаа учраас өөрсдөө татвараа хураагаад, ажилчдынхаа эрх ашгийг хамгаалж ажиллах хэрэгтэй байна. ТББ-ын татварыг ажилчдын цалингаас хурааж өгвөл бид гэмт үйлдэл гаргасан болно.

-Түр зогсолт хэзээ дуусч иргэддээ үйлчлэх вэ?

-Бид шүүхийн байгуулагад хүсэлт гаргаад ажил хаялт мөн эсэхийг нь тогтоолгоно. Хэрэв ажил хаялт мөн бол үргэлжлэх ёстой, биш гэвэл ажил хаялт зогсох ёстой гэсэн хуулийн заалт байдаг.

-Ажилтнууд тодорхой шаардлагуудыг тавьсан гэж байна. Удирдлагын зүгээс хэрхэн шийдэх гэж байна вэ?

-Удирдлагад албан ёсоор бичгээр хүргүүлсэн шаардлага алга байна Ямар шаардлага тавьж байна вэ гэхээр амаар хэлж байна. Энэ нь хүчингүй юм.

 

Ийнхүү “Автобус-нэг” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ажилчдын түр зогсолт үргэлжилсээр байлаа. Удирдлага, ажилтнууд зохих шийдвэрт хүрч, түр зогсолтыг зогсоон ажилдаа орохгүй бол иргэд хохирч байгаа юм.

Хан-Уул дүүргийн заводын автобусны буудлаас микро автобус 1500 төгрөгөөр, суудлын автомашин 2500 төгрөгөөр явж байгаа нь харагдлаа. Иймээс нийтийн тээвэр иргэдэд үйлчлэхгүй бол “муу хүн чөлөөнөөр чоно борооноор” гэдэг энэ мэт явдлууд гарч байгаа аж.

Д.Мөнбиш

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих