Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

527-1389243762BSN_7623Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцууллаа.

Монгол Улсад банк, санхүүгийн тогтолцоо хөгжиж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр банк, санхүүгийн системийн тогтвортой, найдвартай байдлыг хангах үүднээс хууль бус хөрөнгийг илрүүлэх, таслан зогсоох, битүүмжлэх, хураахад хууль, эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байна гэж сайд танилцуулгадаа дурдсан.

Монгол Улс нь 2000 онд НҮБ-ын “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг конвенци (Вена, 1988 он)”, 2005 онд “Авилгалын эсрэг конвенци (Мерида, 2003 он)”, 2008 онд “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенци (Палермо, 2000 он)”-д тус тус нэгдэн орж соёрхон баталснаар олон улсын өмнө мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүрэг хүлээжээ.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандартыг боловсруулах чиг үүрэг бүхий ФАТФ (Financial Action Task Force) мөнгө угаах үйл ажиллагааны эсрэг авах гол арга хэмжээнүүдийг дээрх конвенцуудад үндэслэсэн “40 зөвлөмж” гаргасныг гишүүн орнууд хэрэгжүүлэхээр хүлээн зөвшөөрсөн юм байна.

ФАТФ нь дээрх олон улсын конвенци, тогтоол, зөвлөмж Монгол Улсад хэрхэн хэрэгжиж байгаад 2011 оны 6 дугаар сараас хяналт тавьж эхэлсэн бөгөөд үр дүнг 2013 оны 6 дугаар сард болох ФАТФ-ын чуулга уулзалтаар хэлэлцэж Монгол Улсын Засгийн газар ФАТФ-тай тохиролцсон төлөвлөгөөт ажлуудаас Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулаагүй тул мөнгө угаах стратегийн дутагдалтай орон хэвээр байна гэж үзжээ.

2013 оны 10 дугаар сард болсон ФАТФ-ын хурлаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын хэрэгжилт хангалтгүй гэж үзэн ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн дагуу Монгол Улс 2014 оны 2 дугаар сараас өмнө дээрх хоёр хуульд өөрчлөлт хийгээгүй тохиолдолд Монгол Улсыг “ФАТФ-ын хамтран ажилладаггүй улс орнуудын жагсаалт”-д оруулахаар болсон байна.

ФАТФ-ын 40 зөвлөмжийн хэрэгжилтийг шалгуулахтай холбогдуулж Монгол Улсын Засгийн газар тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-ийн олон улсын стандартыг хангахгүй байгаа хэсгийг өөрчлөн найруулах зорилгоор хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн УИХ-ын чуулганаар баталсан.

Харин ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн үлдсэн хэсэг болох Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулинд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг заасан хугацаанаас өмнө оруулж олон улсын систем дэх Монгол Улсын банк, санхүүгийн тогтвортой, хэвийн ажиллагааг хангах онцгой шаардлага бий болоод байгаа юм байна.

Эрүүгийн хуульд олон улсын санхүүгийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу шинээр гэмт хэрэгт тооцохоор заасан гэмт хэргийг томьёолж, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байх талаарх зохицуулалтыг нэмж тусгасан байна.

Түүнчлэн терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн ялын бодлогыг өөрчлөхөөр тусгасан байна.

Хуулийн төслийг баталснаар гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгийг гүйлгээнд оруулан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх нөхцөл бүрдэхээс гадна банк, санхүүгийн системийн найдвартай, тогтвортой ажиллах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа юм байна.

Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих