Д.Солонго: Ханиаданд тохирсон эмчилгээг сонгох нь үр дүнтэй

Ae6baa 639 x678

Хүйтний улиралд хүүхдийн ханиадыг хэрхэн зөв эмчлэх талаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эмч Д.Солонготой ярилцлаа.

-Сүүлийн үед нярай, бага насны хүүхдүүд ханиад хүрч, хүндрэх нь ихэслээ. Танайд хүүхдийн дуудлага хэр их ирж байна вэ?

-Яаралтай тусламжийн тасаг 0-18 насны хүүхдүүдэд тусламж үзүүлдэг. Бага насны хүүхэд амьсгалын замын эмгэг тусах нь эрс ихэссэн. Ялангуяа, манайд 0-5 хүртэлх насны хүүхдүүд ханиад хүрч, хатгаа авч, хүндэрсэн байдалтай ирж байна. Үзүүлж байгаа ихэнх хүүхэд эмнэлэгт хэвтэх хүртлээ хүнд тусч байна.

-Эм ууж, эмчилгээ хийлгэсэн ч ханиад нь эдгэрэхгүй удаан байна гэсэн яриа гадуур их байна. Энэ талаар?

-Ханиадны вирус тодорхой хугацаанд солигдож байдаг. Тухайлбал, өнгөрсөн сард ханиад хүрсэн хүүхдүүд хөнгөн хэлбэрээр тусч байсан. Эмчээс зөвлөгөө авч, гэрийн нөхцөлд эм ууж эмчлэхэд эдгэрч байсан. Одоо гарч байгаа ханиадны вирус хүүхдэд маш хүндээр’ нөлөөлж байна. Ирж үзүүлж байгаа ихэнх хүүхэд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх заалттай байгаа.

-Гадуур тархаад байгаа ханиад нь ямар вирусээр тархаж байна вэ. Ирэх сард ямар вирустэй ханиад гарахыг мэдэх боломжтой юм?

-Гадуур байгаа ханиаданд корона, рино, праинфлиенза зэрэг вирус их байгаа. Ирэх саpaac ханиадны вирус солигдож иж томуугийн вирус буюу хоолой боох шинж тэмдэг их илэрнэ. Ханиадны вирус нь тогтмол өөрчлөгдөж байдаг. Томуугийн үндэсний төв ямар вирусээр үүсгэгдсэн ханиад гарах талаар долоо хоног бүр судалгаа хийдэг. Өндөр хөгжилтэй орнуудад вирусээр үүсгэгдсэн ханиаданд эм уух шаардлагагүй гэж үздэг. Гэвч манайд хөнгөн хэлбэрээр ханиад туссан ч угаар, утаанаас болж амархан хүндэрдэг. Тиймээс бид тохирох эмчилгээг санал болгодог.

-Эцэг, эхчүүд хүүхдээ 37 хэм хүрч халуураад байна гэдэг. Хүүхэд 37-оос дээш хэмтэй халуурах нь хэвийн үзэгдэл үү?

-Эцэг, эх хүүхдээ хамрын ханиад хүрэх эсвэл бага зэрэг халуурахад эмчид ханддаг. Хүүхэд 37.5 хүртэл халуурах нь энгийн үзэгдэл. 0-28 хоногтой нярай эмзэг байдаг учир заавал эмчид хандах хэрэгтэй. Эцэг, эхчүүд эрүүл мэндийн боловсрол муутайгаасаа болоод эмийг эмчийн зааваргүй өгдөг. Тухайлбал, нэг хүртэлх насны хүүхдэд цэр ховхлох эм хориглодог. Гэтэл энэ эмийг өгснөөс хүүхдийн уушги үрэвсэлтэй болж эхэлдэг.

-Хүүхдээ халуурсан тохиолдолд гэрийн нөхцөлд хэрхэн анхан шатны эмчилгээ үзүүлэх вэ?

-Эцэг, эхчүүд хүүхдээ халуурахад зузаан хувцаслаж, хөлөргөдөг. Ингэснээр халуун буурахгүй. Харин хүйтэн бүлээн усанд дүрсэн алчуураар хүүхдийн бие, суга, цавь зэргийг сайн үрж арчих хэрэгтэй. Мөн аль болох нимгэн хувцаслахыг зөвлөж байна. Хүүхдийн халуун 38.5 байхад дээрх аргыг хэрэглэж болно. Түүнээс их халуурсан үед нас болон жинд нь таарсан хэмжээгээр парацетамолыг уулгаарай. Нярай хүүхдэд шулуун гэдсээр нь лаа хийх нь илүү тохиромжтой байдаг.

-Халуун буулгахад парацетамолоос гадна өөр эм хэрэглэж болох уу?

-Их халуурч байгаа тохиолдолд зааврын дагуу парацетамолыг хэрэглэх нь зүйтэй. Хүүхдэд өгөхийг хориглосон эмийн жягсaалтанд аспирин орсон. Харамсалтай нь эцэг, эхчүүд мэдээлэл муугаас аспириныг их тунгаар өгдөг. Үүнээс болж эмэнд хордсон хүүхэд яаралтай тусламжид их ирдэг.

-Бага насны хүүхэд ханиад хүрээд хэдэн сараар эдгэрдэггүй. Өвөлжингөө ханиад салахгүй байх үе бий. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Хүнд биш ч өвлийн турш ханиах, хөлрөх, бага зэрэг халуурах, ханиаднаас салдаггүй хүүхэд байдаг. Цэцэрлэгт явдаг хүүхэд ихэвчлэн ийм ханиад хүрдэг. Эхний туссан ханиад нь эдгэж амжаагүй байхад давхар ханиад хүрснээр удаан хугацаанд үргэлжилдэг. Энэ тохиолдолд эмчид дахин үзүүлж эмчилгээгээ солих нь зөв. Хүүхэд удаан ханиалгаснаар уушги өвдөх, чих, хамар хоолой үрэвсэх нь хурдан байдаг учир эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй.

-Хүйтний эрч чангарч байгаатай холбоотой бага насны хүүхэд угаартах нь их байгаа. Эмэнд хордох эсвэл угаартсан үед анхан шатны тусламжийг хэрхэн задлах вэ?

-Эмэнд хордсон үед их хэмжээний ус өгч, бөөлжүүлэх нь чухал. Анхны тусламж үзүүлсний дараа эмчид яаралтай хандах хэрэгтэй, Хүүхэд угаартахад угаартсан газраас нь холдуулж, аль болох усанд хурдан оруулах нь чухал. Учир нь угаар арьсаар нэвтрэн хүүхдийг богино хугацаанд хордуулдаг.

-Агаарын бохирдолт ханиадны эдгэрэлтэд нөлөөлж байна уу?

-Утаа, угаараас харшил давамгайлсан ханиад их байна.. Ялангуяа, цэцэрлэгийн насны хүүхдүүд харшил давамгайлсан ханиад тусч байна. Мөн хүүхэд утаатай, тоос, тортогтой агаараар амьсгалснаас уушги нь бронхиттой болох магадлал өндөр бий. Ер нь утаатай агаараар амьсгалснаас хүүхдийн уушги өвдөх нь амархан байдаг.

-Ханиад хүрч, хамар битүүрэхэд манайхан утлага хийдэг. Энэ нь хэр оновчтой арга вэ?

-Эцэг, эхчүүд дур мэдэн хүүхдэдээ эм уулгаж, утлага хийдэг. Юуны өмнө хөнгөн, хүнд аль нь ч байсан өрхийн эмчдээ үзүүлэх хэрэгтэй. Тухайн ханиад ямар вирусээр үүсгэгдсэнээс хамаарч утлага хийх эсэхийг шийднэ.

-Ханиад, томууны энэ үед 0-5 насны хүүхэд дархлаа сайжруулах витамин хэрэглэх шаардлагатай юу?

-Өвөл, намар аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэж чадвал заавал витамин хэрэглэх хэрэггүй. Хаврын улиралд хүний биеийн витамины задрал нэмэгддэг. Энэ үед дархлаа сайжруулах витамин хэрэглэх нь тохиромжтой. Ханиаднаас урьдчилан сэргийлэх үед витамин С уух нь үр дүнтэй байдаг. Харин ханиад хүрсэн үед уух нь үр дүнгүй. Бид аль болох антибиотикоос татгалзаж, эмчилгээг түлхүү хэрэглэхийг зорьж байгаа.


URL:

Сэтгэгдэл бичих