Нийтийн тээврийнхний ээлжит тунирхал
Хасах 20 гаруй хэмийн хүйтэнд автобус хүлээн буудал дээр олноороо зогсох иргэн өчигдрийн гол дүр зураг байлаа.
Учир нь “Автобус-1” компанийн ажилчид ажил хаяснаас нийт 100 автобус шугаманд гарсангүй. Нисэх, Яармаг, Нарангийн гол, Шархад гээд ихэвчлэн нийслэлийн захын хорооллын 14 чиглэлийг “Автобус-1” төрийн өмчит компани хариуцдаг.
Өөр унаагаар зорчих боломжгүй чиглэлд амьдардаг иргэдээс эхлээд нийтийн тээврээр өдөр бүр үйлчлүүлдэг зорчигчид ч тун хэцүүхэн байдалд орсон юм. Нийслэлд 1100 орчим нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилдгээс 240 нь төрийн өмчийн тээврийн хэрэгсэл байдаг. Үүний 108 нь “Автобус-1” компанид харьяалагддаг.
Өчигдөр өглөөний 06:00 цагаас иргэдэд үйлчлэх ёстой байсан 108 автобусаас ердөө найм нь шугаманд гарчээ. Жолооч нар нь ажил хаялт зарласны улмаас туршлагагүй жолооч хөлсөлж зам тээврийн хоёр осол гаргасныг албаныхан дуулгалаа. Ажилчдынх нь хэлснээр барагцаалбал нэг автобусаар өдөрт 300 орчим хүн зорчдог аж. Ингээд бодоход хамгийн багадаа 30 мянган хүн хичээл, сургууль, ажлаасаа хоцорч, хүйтэнд дааран, гэр рүүгээ алхсан болж таарах нь. Үүний цаана цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хэмжигдэх хэчнээн хохирол гарсныг тодорхойлох аргагүй.
Тус компанийн ажилчид өчигдөр өглөөнөөс цугларч, хотын даргыг ирэхгүй бол ажилдаа гарахгүй хэмээн мэдэгдэж байлаа. Тэд ажил хаясан шалтгаанаа компани нь хуулийн дагуу цалингаа тавьдаггүй гэж тайлбарласан юм. Тэдний хэлснээр өглөөний 06:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл ажилладаг.
Гэвч зарим ажилчин сард 300 мянга хүрэхгүй цалин авч, ихэнх жолооч шатахууны өртэйгээс болоод цалин авахгүй дээрээ тулаад байгаа гэнэ. Цалинг нь дутуу бодсон байна гэхээр шинээр ажилд орсон нягтлан програм дээр буруу ажилласан гэж тайлбарладаг ажээ. Мөн ажил хаялт зарлахаа мэдэгдэхэд ганц нэгээр нь дуудаж ажлаас халагдах өргөдөлд гарын үсэг зуруулж дарамталдаг гэлээ. Тиймээс жолооч, кондукторууд өөрсдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалахаар ингэж тэмцэхээс өөр аргагүй болсноо хэлж байв.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус компанийг зохиомлоор үнэ нэмдэг гэж акт тогтоосон гэдгийг ч тэд хэлсэн юм. Өчигдрийн 13:00 цагийн байдлаар тус компани 20 сая төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа талаар эх сурвалж мэдээлж байв. Нийтийн тээврийн газраас зорчигчдын эрх ашгийг хохироосон энэ явдалд арга хэмжээ авахаа мэдэгдээд, ажил хаялт зарласан чиглэлд 40 тээврийн хэрэгслийг нэмж явуулж байгаагаа хэлж байв.
Ямар боловч төрийн өмчит компанийн ажилчид, удирдлагуудын үл ойлголцлоос болж иргэд хохирлоо. Өчигдөр 16:00 цагт ажил хаялт үргэлжилсэн хэвээр байсан бөгөөд сургууль, ажил тарахын алдад буудал дээрх зорчигчдын тоо хэд дахин нэмэгджээ. Иргэд ч их бухимдалтай байлаа.
Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хорооны иргэн С.Батбуян:
-Би өглөө Нисэхийн автобусыг цаг гаруй хүлээсний дараа шар өнгийн автобус ирсэн. Уг нь дандаа цэнхэр автобус явдаг. Төрийн байгууллагад ажилладаг хүмүүс ажлаасаа хоцорчихлоо гээд автобусны буудал дээр зогсож байсан. Би цаг гаруй автобус хүлээлээ ирэхгүй байна. Сая Яармагийн автобус ирээд маш олон хүн суулаа. Өнөөдөр бусад өдрүүдээс 3-4 дахин олон хүн автобус хүлээж байна. Хүйтэн байгаа болохоор манай тэндээс явдаг хүмүүс Төв номын сангаас мянган төгрөгийн унаанд суухаар явсан. Жаахан хүлээгээд ирэхгүй бол номын сан руу явна.
МУБИС -ийн оюутан н.Намуундарь:
- Би Яармагаас хичээлдээ явдаг. Өглөө автобус ирэхгүй байна гээд хүмүүс микроавтобусанд суугаад байсан. Би даараад бас микроавтобусаар хичээлдээ ирсэн. Өнөөдөр манай ангиас хичээлдээ ирээгүй хүүхэд олон байгаа. Модны хоёрт бараг автобус ирээгүй гэсэн. Шар хаднаас ирдэг охин автобус хүлээгээд ирэхгүй байна гээд гурван цаг хожигдсон. Тэгээд нэг хүнтэй хамтраад таксигаар ирсэн гэж байсан.
С.Уянга
Зууны мэдээ
URL: