6.1 тонн зааны соёо устгалаа

MM7909_110721_19217Хятад улс хууль бусаар наймаалсан зааны соёог хураан авч, анх удаа олон нийтэд нээлттэйгээр устгасан байна. Хятадын Ойн үндэсний газар болон Гаалийн ерөнхий газар зэрэг байгууллага 6-ны өдөр Гуандүн мужийн Дүн Гуаньд хууль бусаар наймаалсан 6.1 тонн зааны соёог ил тод устгажээ. НҮБ энэ үйл ажиллагаанд талархал илэрхийлээд, энэхүү үйлдэл нь “түүхэн ач холбогдолтой” хэмээн тэмдэглэлээ.

Түүнчлэн байгаль хамгаалах байгууллагийнхан үүнийг дорвитой алхам боллоо гэж дүгнэж байгаа аж. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд хураагдсан сийлбэр, чимэглэл болон зааны соёо зэрэг 6.1 тонн эд зүйлсийг тусгай зориулалтын машинаар устгажээ. Энэ нь зааны соёоны хууль бус худалдааг таслан зогсоож, амьтан хамгаалах, олон нийтэд энэ талаар мэдээлэл өгөх зорилготой үйл ажиллагаа гэж Хятадын төрийн мэдлийн телевиз мэдээлэв.

Гэхдээ байгаль хамгаалагчдын хэлж байгаагаар урд хөршид зааны соёоны эрэлт өндөр байдаг нь Африкт хууль бус ан нэмэгдэхэд нөлөөлж байгаа аж. Олон улсын зэрлэг амьтан хамгаалах сангийн мэдээллээс харахад тус улсад сүүлийн нэг жилийн дотор 35 мянган орчим зааны соёо хууль бусаар худалдаалагдсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих