ЦАГААН САРЫН ДАРАА ХООЛ ИДЭХГҮЙ, АМЬДРАХГҮЙ ЮМ ШИГ Л ЮМ БОЛЖ БАЙНА
Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.ПАГМА: -Эмээ нь Баянхонгор аймгийн Галуут сумаас хүүхдүүдээ дагаж хотод ирээд хоёр жил болж байна. Өмнө нь хөдөө цагаан сараар үнэгүй л ууц тавьдаг байсан. Одоо бол хэрэглээний бүх зүйлийн үнэ өслөө. Олон хүүхэд төрүүлсэн тулдаа л цагаан сарыг өнгөрөөх юм. Хүүхдүүдийн болон улсын дэмжлэгийг хардаг. Түүнээс биш өвгөн бид хоёрын тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй. Хоёулаа тэтгэврээ нийлүүлж байгаад зөвхөн ууцаа л авдаг юм. Өнгөрсөн жил 30 гаруй кг-тай ууцыг 260 мянган төгрөгөөр худалдан авч байсан. Харин энэ жил 280 мянгаар авлаа. Ер нь ууцны үнэ өндөр байна. Гэхдээ бүх зүйлийн үнэ өссөн өнөө үед холоос ирдэг наймаачид бас үнээ нэмэхээс өөр аргагүй л байдаг байх. Өндөр настан бидэн дээр цагаан сараар олон түмэн, үр хүүхдүүд нийлсэн зуу гаруй хүн ирж золгодог. Тиймээс хэрэглээ байхад ёсоо дагахгүй, ууцаа авахгүй гээд яах ч билээ дээ. Үр хүүхдээ ирэхэд ууц тавиагүй, ширээ хоосон сууж байлтай нь биш.
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас ирж ууц зарж буй малчин Д.МАЛЧИНСҮРЭН: -Одоо залуучууд мал маллахаа больж. Бүгд хот суурин газар бараадаад хэдэн хөгшид нь л малаа дагадаг болсон. Жишээ нь би дөрвөн хүүхэдтэй. Гэтэл нэг нь ч мал маллахын тухай ойлголтгүй. Ер нь хотын залуус хотод оруулаад ирсэн мах, цагаан сарын ууцыг бараг зүгээр авах гээд байх юм. Мөн биднийг махны үнэ өсгөлөө л гээд байна. Гадаа зогсч зардаг бид өөрсдөө хотноосоо шууд авчирдаг болохоор харин ч боломжийн үнээр худалдаалдаг. Харин ченжүүд заримаас нь бөөндөж аваад үнийг нь жинхэнэ хөөрөгдүүлэн зардаг. 250-300 мянган төгрөгөөр авсан ууцаа 400 мянган төгрөгөөс дээш гаргаж зарах нь ч бий. Миний хувьд 40 ууцтай ирээд ченжид өгөлгүй өөрөө зараад бараг дууслаа. Ер нь захынхан өөрсдөө махны үнийг их хөөрөгдүүлдэг юм байна. Өглөө орж ирсэн махыг хамгийн доод ханшаар нь бөөндөж аваад дотор орохоороо гадна зарж буй махнаас хамаагүй өндөр үнээр зардаг юм билээ. Гэтэл гадаа зогсч буй бид харьцангуй хямд үнээр худалдаалж байгаа биз дээ. Дээр нь бид нэг өдрийн 20 мянган төгрөгийн түрээс төлж зогсдог. Би нийт 800 мянган төгрөгийн түрээс төлж гэрээ хийсэн.
Иргэн П.НЯМАА: -Ер нь ууцны үнэ их өндөр байна. Гэхдээ мөнөтэй хүмүүст бол боломжийн санагдаж байгаа байх. 180 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг мань мэт нь бол өндөр үнэтэй, том ууцыг дийлж авч чадахгүй шүү дээ. Тийм болохоор тэтгэврийн мөнгөндөө багтсан жижиг ууц сонгож байна. Шинэ жил, цагаан сар гээд баяр болгоноор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэтэрхий өсөх юм. Уг нь монголчууд нийтээрээ баярладаг ганц баяраар төр засаг үнэ ханшийг тогтворжуулах хэрэгтэй. Улам л өдөр ирэх тусам өсөөд байх шинжтэй. Миний хувьд цагаан сарын ууцнаас бусад хэрэглээг хүүхдүүд маань л бэлдэж өгдөг.
ӨНГӨРСӨН ЖИЛ 200 МЯНГАН ТӨГРӨГӨӨР Л АВЧ БАЙСАН
/Нэрээ хэлэхийг хүссэнгүй/ -Миний хувьд 180-200 мянган төгрөгт багтсан ууц авчих санаатай л явж байна. Гэтэл авмаар санагдсан ууц нь түүнээс дээш үнэтэй байж таарах юм. Өнгөрсөн жил 200 мянгад боломжийн ууц авч байсан. Харин энэ жил тэр хэмжээнийхээ ууцыг 300 мянган төгрөгөөс дээш үнээр авахаар байна. Буузны мах ч ялгаагүй үнэ нь өндөр тусч байна. Миний хувьд бол хувиараа бизнес эрхэлдэг болохоор цагаан сараа яаж ийгээд тэмдэглээд өнгөрүүлчих л байх. Харин орлогогүй, цалин багатай иргэдэд маш хүнд тусч байгаа нь ойлгомжтой. Жилдээ нэг тохиодог, айл хотлоороо орж гарч, золгодог ганц баяр болохоор аргагүйн эрхэнд л авна шүү дээ. Үүнийг төр засгийн удирдлагууд анхааралдаа авч, үнийг нь өсгөхгүй байхад арга хэмжээ авах хэрэгтэй болов уу.
Баянзүрх дүүргийн иргэн Д.ДАМДИНЖАВ: -Одоохондоо махны жижиглэнгийн үнэ харьцангуй гайгүй байна. Цагаан сар дөхөх тусам өсөх л байх. Гэхдээ өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад хамаагүй өндөр үнэтэй байгаа л даа. Бүх нийтээрээ баярладаг ганц цагаан сараараа ууцаа, буузны мах, гурилаа авахгүй гээд ч яахав. Харин наймаачид хүмүүсийн эрэлт хэрэгцээг далимдуулаад үнээ хэтэрхий өсгөхгүй байх хэрэгтэй. Ууцны үнэ одоогийн байдлаар янз бүр л байна. Мөнгөндөө тааруулаад авахад сонголт ихтэй л юм. Харин цаашид үүнээс илүү нэмэхгүй байвал зүгээр болов уу. Хэрэв нэмбэл олон айл цагаан сараа ууцгүй тэмдэглэх байх. Сүүлийн үед гурилын үнэ улам л өсөөд байх боллоо. Мөн цагаан идээ ч үнэ өндөртэй байна лээ.
/Нэрээ хэлэхийг хүссэнгүй/ -Энэ жил ууц болон буузны махны үнэ их өндөр байна. Ээждээ цагаан сарын ууцыг нь авч өгөх санаатай гарч ирсэн чинь мөнгө хүрэхгүй шинжтэй. Үнийг нь буулгуулан байж 235 мянган төгрөгөөр сэтгэлд нэг л хүрэхгүй ууц авлаа. Цагаан сар болоход 20 гаруй хоног дутуу байхад ийм өндөр үнэтэй байгаа юм чинь цаашид улам нэмэгдэх байх. Ер нь жил бүр үнэ нь өсч байна. Өнгөрсөн жилийн энэ үеийнхээс 30- 50 мянган төгрөгөөр илүү зарагдаж байгаа юм уу даа. Нөөцийн мах худалдаанд гаргалаа л гэх юм. Гэтэл махны үнэ тэнгэрт хадсан хэвээр байна. нөөцийн мах нь ч өөрөө дутахааргүй өндөр үнэтэй зарагддаг юм билээ. Худалдаад авах гэхээр яс ихтэй байдаг.
ЦАГААН САРЫН ДАРАА ХООЛ ИДЭХГҮЙ, АМЬДРАХГҮЙ ЮМ ШИГ Л ЮМ БОЛЖ БАЙНА
Сонгинохайрхан дүүргийн иргэн И.ДУЛАМ: -Ер нь цагаан сар болохтой холбогдуулаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ их өслөө. Миний хувьд цагаан идээгээ авч явна. “Хүчит шонхорт”-т харьцангуй хямд үнэтэй байна. “Хархорин” захад хэвэнд хийсэн ааруул 10-12 мянган төгрөг хүрсэн байхад энд 8-10 мянган төгрөг л байна. Хүн орж ирэхэд гар хоосон, ширээ хоосон суухгүйн тулд дөрвөн сарынхаа тэтгэврийг зээлж авсан. Цагаан сарын дараа хоол идэхгүй, амьдрахгүй юм шиг л юм болж байна шүү дээ. Ямар ч байсан уламжлал болсон цагаан сараа элбэг дэлбэг өнгөрөөхийг бодно доо.
URL: