“Цагаан морин жил” үзэсгэлэнгийн зургуудаа АН-д бэлэглэв

87aacee51e8f79eaca6b65c9629d9602_L“Гамма” агентлагийн захирал С.Цацралт, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч С.Амарсанаа, Т.Энхболд нар Ардчилсан хувьсгалын баярын өдрүүдэд Төрийн ордны үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн “Цагаан морин жил” гэрэл зургийн үзэсгэлэнд багтсан түүхэн зургаа Ардчилсан намд хүлээлгэн өглөө.
С.Цацралт гэрэл зургийнхаа дээжийг гардуулж өгөхдөө, “Тухайн үед гэрэл зураг авахад хүртэл хэцүү байсан. Хөдөлмөрчдийн баярын жагсаалыг авахын тулд Төв үйлдвэрчний эвлэлийн 306 тоот өрөөний цонхоор авна гэдгээ урд өдөр нь Төрийн тусгай хамгаалалтын газарт мэдэгддэг байсан” хэмээн дурсамжаасаа хуваалцав. Мөн энэ үед “Хөдөлмөр” сонинд ажиллаж байсан сэтгүүлч С.Амарсанаа “Одоогийн залууст тухайн үед гадаад паспорт байхгүй байсан гэхээр гайхаад байдаг. Тэгвэл Ардчилсан хувьсгалаар л энэ сайхан зүйлүүдийг бий болгосон. Тэгвэл тэр Ардчилсан хувьсгалын түүхэн агшнуудыг хальсанд буулгасандаа бид баяртай байдаг” хэмээн хэлсэн юм. Түүхэн гэрэл зургуудыг хүлээж авсан АН-ын нарийн бичгийн дарга Д.Анхбаяр, “Хүн түүхэн цаг үеийн нэгээхэн хэсэгт нь амьдардаг. Тэгвэл Ардчилсан хувьсгалын цаг үеийг гэрэл зургийг хальсандаа мөнхөлж, хойч үедээ үлдээж байгаа ах нартаа баярлаж байна” гэв.
Гэрэл зургийн үзэсгэлэнд нийт 100 орчим гэрэл зураг дэлгэн тавьжээ.

URL:

Сэтгэгдэл бичих