“Гал үндэстэн” холбооныхныг шүүх хурал хойшиллоо

29f45edf7d1895252220bda5a1fca170_LШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид өнөөдөр “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын найман хүнд холбогдох хэргийг шүүх хурал эхэлсэн ч энэ сарын 20 хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа.

“Гал үндэстэн” холбооныхон Засгийн газраас УИХ-д барьсан “Урт нэртэй” гэгдэх хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж, өнгөрөгч 2013 оны есдүгээр сарын 16-ны өдөр жагсаал зохион байгуулж, шаардлага хүргүүлсэн. Тэднийг жагсаал зохион байгуулах үеэрээ Төрийн тусгай хамгаалалтын бүсэд галт зэвсэг хэрэглэж, улмаар “Централ тауэр” болон Уул уурхайн яамны дэргэд тэсрэх бодис байрлуулсан хэрэгт буруутган “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, гишүүн Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, О.Самбуу-Ёндон, Ж.Ганболд, Б.Гантулга, М.Мөнхболд нарын долоон хүн Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад багагүй хугацаа өнгөрч байна.
Уг хэргийг ТЕГ шалгаж, Нийслэлийн прокурорын газраас Ц.Мөнхбаяр нарт Эрүүгийн хуулийн 177.2 буюу Зандалчлах зүйлийн “Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор, олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн”, 149.3 буюу бусдын эд хөрөнгийг бүлэглэн авахаар далайлган сүрдүүлсэн, 185.1, 185.2 буюу галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлүүдээр яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн юм. Улмаар Улсын дээд шүүхээс тогтоосон харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн шүүх уг хэргийг хэлэлцэх болж, өнөөдөр шүүх хуралдааныг зарлан хуралдуулав.
Шүүх хуралдааныг 10.00 цагаас зарласан ч цагаасаа хоцорч, 11.00 цагт эхлэн, Цагдан хорих 461 дүгээр ангийн хуралдааны танхимд хаалттай үргэлжилсэн юм. Шүүх хурлыг шүүгч М.Алдар даргалан явуулж, шүүгдэгчдийн заримынх нь өмгөөлөгчид оролцсон юм. Мөн “Гал үндэстэн” холбооны дэмжигчид хүрэлцэн ирсэн байсан бөгөөд тэд эсэргүүцлийн сэдэл, утга санааг харгалзан үзэж шийдвэрлээсэй гэж хүлээж байгаагаа илэрхийлж байв.
Гэвч шүүгдэгчдийн гаргасан хүсэлтийг үндэслэн, шүүх хурлыг энэ сарын 20 хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа. Учир нь шүүгдэгч Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар нарын өмгөөлөгч Б.Бэхбат эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцож чадаагүй бөгөөд үүнийгээ хуулийн дагуу бичгээр тайлбарласан учир шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан юм.

Б.Гантуяа

montsame


URL:

Сэтгэгдэл бичих