“Ээжид нь яаж дуулгана аа” /Гүн эмгэнэл илэрхийлье/

“Ах нь орой эртхэн ирэхийг бодно оо, хаалгаа түгжээрэй” хэмээн намуухан өгүүлээд онигордуу нүдэндээ инээмсэглэл тодруулан гэрийнх нь хаалгыг алгуурхан хаагаад гарсан залуу эр хэзээ ч дахин хаалгаа тогшин “Ах нь байна” гэж хэлэхгүйгээр аав ээж, ах дүү нараа, амин хайртай охиноо үүрд орхин одож. Талийгаач ажил үүргээ гүйцэтгэж яваад, алтан жолооныхоо ард амиа алдлаа.

Эрх мэдэл, мөнгө байхад хаана ч юу ч барьж болно хэмээн дураар ааншилдаг төрд эрхэлсэн тэрбумтнуудын хайхрамжгүй үйлдлийн золиос болно гэдэг юутай эмгэнэлтэй вэ.

Талийгаач сайн сайхан амьдрахыг, охиноо хүний дайтай өсч торнихыг харахыг хүсч мөрөөдсөн Монголын мянга мянган залуусын нэг, хайр энэрэл дүүрэн сайн эцэг, сайн өрхийн тэргүүн байв. Тэрээр долоон хүүхэдтэй, өнөр өтгөн айлын дээрээсээ гурав  дахь нь. Аливаад өөрийнхөөрөө ханддаг, дуугүйхэн инээмсэглэж суугаад тэрүүхэнд нь шаг хийсэн үг хэлчихдэг, зав л гарвал компьютертой “ноцолдож” суудаг намуухан хүү байсан тухай аав Батбаяр нь нулимс дуслуулан түүнийг үгүйлэн дурсч байна.

“Аав, тань шиг сайн жолооч болно” гээд ажлаасаа гарахад нь “Нас биед хүрсэн хүн, өөрөө мэдэж байгаа биз” гээд дуугүйхэн өнгөрсөндөө хөөрхий аав өнөөдөр өөрийгөө буруутган ” Эхэд яаж дуулгана аа. Ээж нь эзгүй, америкт яваа” гэж арга үйлээ барж сууна. Талийгаач долоон сарын өмнө  вэб сайтад ажиллаж байсан юм билээ. “Амьдрал нэг л өдөр биднээс хүүг минь аваад явчихлаа гэж үү” хэмээн үнэмшиж эс чадан горьдлын нүдээр хаалга руу ширтэн суух талийгаачийн аав, ах дүү төрөл төрөгсдөөс нь өөрийг асууж эс зүрхлэв. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхөд та бүгдээс хүлцэл өчин эмгэнэл илэрхийлье.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих