Чингис хаан

3ac2d87c623d872foriginal

Тэмүжин хар усан морин жилийн зуны тэргүүн сарын морин цагт /1162 оны 5 сарын 31-нд/ Онон мөрний Дэлүүн болдог хэмээх газар Есүхэй баатрын Өэлүн хатнаас мэндэлжээ.

 

Түүх сурвалжид түүнийг баруун гартаа шагайн чинээ нөж атган төрсөн хэмээн тэмдэглэсэн байдаг.

 

Есүхэй баатрыг нас барахад түүний захиргаанд байсан Тайчууд зэрэг ихэнх аймгууд салан оджээ. Есүхэй баатрын өнчирөн үлдсэн гэр бүлийнхэн хэсэг хугацаанд хүнд хэцүү байсан ч оюунтай төрсөн Өэлүн эх хөвгүүдээ зовон зүдрэн тэжээхийн хамт өвөг дээдсийн үг сургаалийг байнга сануулж, ачтан, өштөнийг ялган таних холч ухаантай болгожээ.

 

Тэмүжин төрөлхийн хурц оюун билигтэй, харьшгүй дайчин зоригтой, төр ёс, эв эе, үнэнч шударгыг туйлаас эрхэмлэдэг, их хаан, их жанжны шинж бүрдсэн хүн байлаа. Тэмүжин эцгийн анд, Хэрэйдийн Тоорил хан, өөрийн анд Жадараны Жамуха болон Боорчи, Зэлмэ, Мухулай зэрэг үнэнч нөхөрлөгчдийн тусламжаар эцгийнхээ бутарсан улсыг цуглуулж, хагацсан улсыг хамтатгаж чаджээ.

 

1189 онд Хар зүрхний Хөх нуурт Алтан, Хучир, Сача бэхи, Тайчу зэрэг Хамаг Монголын нөлөө бүхий ноёдын хуралдаан болж, Тэмүжинг Хамаг Монголын ханд өргөмжилж, Чингис хан цолыг анх өргөв. Тэр үед Тэмүжин 28 настай байв.

 

Тэмүжин 1185-1206 оны хооронд их, бага 32 удаагийн дайн тулалдаанаар нийт 81 том, жижиг аймгийг эрхэндээ оруулж бүх монголчуудаа нэгтгэжээ.

 

1206 онд Онон мөрний эхэнд Монгол ноёдын Их хуралдай хуралдаж Их Монгол улс байгуулагдсаныг даяар олонд тунхаглан зарлаж, Их хааныг өргөмжлөв.

 

Чингис хааны төр, захиргааны зохион байгуулалт нь нүүдэлчдийг захирах хамгийн оновчтой хэлбэр байсан юм.

 

Чингис хаан өөрийн түшээг сонгохдоо тухайн хүний ухаан, ур чадвар, байгуулсан гавьяа, үнэнч байдлыг онцлон үзэхээс бус язгуур угсааг эрхэмлэдэггүй, ураг төрөл, танил тал хардаггүй байсан нь төрийн хэрэг цалгардахгүй байхын нэг үндэс байв. Энэ нь төрийн удирдагч хүний эрхэм чанарын нэг юм. Алтан ураг, төрийн зүтгэлтэн, цэргийн гавьяат жанжин хэн ч байсан хуулийн өмнө тэгш эрхтэй байсан нь төрийн хэрэг эмх цэгцтэй, цаг хугацаандаа, шударга хэрэгжих боломжийг бүрдүүлсэн юм.

 

Тэр үед үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой байв. Тиймээс ч Чингисийн Монголд бөөгийн, буддын, христосын, лалын олон шашин зөрчил тэмцэлгүйгээр зэрэгцэн оршиж, янз бүрийн угсааны бичгийн мэргэд, түшмэд, сайдууд монгол төрийн албанд төр зэрэгцэн зүтгэж байсан нь Их хааны онч мэргэн бодлоготой салшгүй холбоотой. Хархорумд олон шашны сүм хийд нэг дор зэрэгцэн оршиж байсан нь түүний баримт юм.

 

Чингис хаан өөрөө суут жанжин, удирдагч төдийгүй Монгол болон дэлхийн түүхэнд гайхагдсан алдарт жанжнуудыг төрүүлэн гаргасан юм. Чингис хаан Умард Алтан улс, Хорезмын хаант улс зэрэг тухайн үедээ хүчирхэг, хүн ам олонтой улс гүрнийг цөөн тооны цэргээр эзлэн авсан нь түүний цэргийн авьяаслаг жанжин байсныг харуулна. Түүний цэрэг удирдах, цэргийн жанжныг бэлтгэхдээ баримталж байсан гол зарчмыг дараах жишээнээс харж бално.

 

Цэргээ хайрлан захирдаг жанжин дэлхийн түүхэнд ховор. Чингис хааны гол зарчим нь олноос олон, цөөнөөс цөөн гарз учирна гэж маш нягт нарийн боловсруулсан стратеги, тактикийн ачаар дайн тулаанаас хохирол багатай гардаг байсан явдал юм. Энэ бол цэргийн жанжны гайхамшигт чадвар болно. Чингис хаан тулалдах этгээдээ сайтар тагнан мэдэж улс, хот бүрд тохирсон арга, тактик боловсруулан хэрэгжүүлж чаддагт түүний ялалтын нэг нууц байв.

 

Чингис хааны байлдан дагуулалтын үр дүнд бий болсон Монголын Эзэнт гүрэн нь дэлхийн эдийн засаг, харилцаа холбоо, анагаах ухаан, соёлын хөгжлийг урагш ахиулахад түлхэц өгч, дэлхийн соёл иргэншлийн түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээжээ.

 

Торгоны замыг Их хаад ивээл хамгаалалтдаа авснаар чөлөөт худалдаа эрчимжиж дэлхийн эдийн засгийн хөгжлийг урагш ахиулав. Гэхдээ аливаа байлдан дагуулал нь гарз хохирол дагуулдагийн адил энэ дайн эзлэгдсэн орны ард түмэнд төдийгүй монголчуудад ч зовлон зүдгүүр учруулсныг үгүйсгэж болохгүй.

 

Чингис хаан аргын тооллын 1224 оны 8 сарын 25-ны өдөр таалал төгсчээ.

ЭХ СУРВАЛЖ: www.bolod.mn


URL:

Сэтгэгдэл бичих