Машинтай явж байгаад барилгаас унасан төмөрт цохиулж амиа алдав
Бид 12:00 цагийн үед осол болсон газар очиход Замын цагдаа, Шүүхийн шинжилгээний газар, онцгой байдлын газрын албан хаагчид хэргийн газар ажиллаж байсан бөгөөд зүүнээс баруун тийш чиглэх хөдөлгөөний урсгалыг хаасан байв.
Энэ үед ослын анхан шатны үзлэг явуулж байсан учраас хэвлэлийхэнд мэдээлэл өгөх боломжгүй байсан юм. 30-40 минутын дараа автомашиныг шинжилгээний төв рүү аваачсан. Харамсалтай нь сэтгүүлчид мэдээлэл авахад тийм ч нээлттэй байсангүй. Барилгын ажилчид өргөгч цамхаг дээр барилгын өнгөлгөөний хавтанг хийж байсан. Бэхэлгээний төмөр унахад дээр нь байсан хүмүүс хамгаалах бүстэй явсан учраас доош унаагүй гэж гэрчүүд хэлж байлаа.
Тиймээс бид ЦЕГ-т очин хэвлэл мэдээллийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс хэргийн талаар тодруулсан юм. Тэрбээр “”Макс өргөө” компанийн барилга дээр ажиллаж байсан туслан гүйцэтгэгч “Межик класс” компанийн барилгын материал дээш нь зөөдөг дамнуурга буюу өргөгчийн бэхэлгээ төмөр унаж, замын хөдөлгөөнд оролцож явсан нэг хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг гарлаа. Хохирогч анхан шатны тусламж авч чадалгүй нас барсан. Цогцсыг Шүүхийн шижилгээний үндэсний хүрээлэнд аваачсан. Хэдэн настай, хэн болохыг нь тогтоохоор ажиллаж байна. Түүний дараа ар гэрийхэнтэй нь холбоо тогтооно. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэс эрүү үүсгэн шалгаж байна” гэсэн. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй гэсэн учраас Шүүхийн шинжилгээний газраас дэлгэрэнгүй мэдээлэл авахаар очсон юм.
ШШҮХ-ийн Хяналт шинжилгээ, дотоод аудитын тасгийн дарга У.Болдбаатараас хэргийн талаар тодрууллаа.
-”Гэсэр” сүмийн уулзварын зүүн талд баригдаж байгаа “Макс өргөө” компанийн барилга дээрээс төмөр унаж хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг гарлаа. Хохирогчийг хэн болохыг нь тогтоосон уу?
-Манайд өнөө өглөө 10:55 цагт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт осол гарч хүний амь нас эрсдлээ гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу осол гарсан газар ШШҮХ-ийн бүрэлдэхүүн болон нийслэлийн шүүхийн шинжилгээний алба хамтран ажиллалаа. Цогцсыг хэргийн газар дээрээс 12:25 цагт ШШҮХ-гийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтэст авчирсан. Одоогоор цагдаагаас шинжилгээний тогтоол ирээгүй байна. Тогтоол ирсний дараа шинжилгээ хийнэ. Эхний үзлэгээр, хохирогч 36 настай эрэгтэй Б болох нь тогтоогдсон.
-Гэр бүлийхэнтэй нь холбоо барьсан уу. Ямар ажил хийдэг хүн байсан юм бол?
-Манайх энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Шүүхийн шинжилгээний газар нь тусгай чиг үүргийн байгууллага. Тиймээс эрх бүхий байгууллагын тогтоолоор бид шинжилгээ хийдэг. Шинжилгээний хариуг хүсэлт гаргасан байгууллага руу нь явуулдаг. Шинжилгээтэй холбоотой мэдээлэл хийх бол прокурорын зөвшөөрөлтэй хийдэг.
-Шинжилгээний хариу хэзээ гарах вэ?
-Хүмүүс шинжилгээний хариу удаж байж гарч байна гэдэг. Олон төрлийн шинжилгээ хийдэг, бие биенээ хүлээдэг учраас эцсийн хариу удаж байж гардаг. Энэ хохирогчийн шинжилгээний хариу 14-21 хоногийн дараа гарна.
“31-39″ УНР улсын дугаартай машин нь Эдийн засгийн хөгжлийн яаманд бүртгэлтэй байсан учраас тус яамны хэвлэл мэдээллийн ажилтан Сайхантуяагаас хохирогчийн талаар тодруулахад “Энэ машин манай яамны эзэмшлийнх мөн. Хохирогч нь ч манай жолооч байсан. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Хохирогч Эдийн засгийн хөгжлийн яамны Гудамж төслийн хяналтын инжнерүүдийн жолооч байжээ.
Хариуцлагагүй хэдэн хүн хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж ажиллаагүйгээс 36-хан настай, цэл залуу хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Өнгөрсөн онд барилгын есөн осол гарч есөн хүний амь нас хохирсон байна. Барилгын компаниудтай хариуцлага тооцдоггүйн балгийг ийн дахин амслаа.
Л.Одончимэг
URL: