Ж.Батзандангийн санаачилсан хууль “листний” улстөрчдийг шахаж эхэллээ

527-1381804597untitledН.ЗАЯА

УИХ-ын гишүүн Ж.Батзандан парламентад намын жагсаалтаар сон­гогд­сон гишүүнийг эр­гүүлэн татдаг болох тухай хуулийн төсөл санаачилж, удахгүй УИХ-ын даргад өргөн барина. Энэ хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ “УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар энэхүү зохицуулалтыг хийнэ. Энэ нь Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөхгүй бөгөөд харин ч  иргэний ардчилсан нийгмийг цогцлоон байгуулах чухал алхмын нэг нь энэ зүйл заалт байх болно” гэжээ.

Намын жагсаалтаас сонгогдсон гишүүнийг тухайн намын төлөөллийн төв байгууллага эргүүлэн татах тухай саналыг гаргах юм. Тухайн саналыг УИХ хүлээн авч дэмжсэн бол эргүүлэн татах шийдвэр хүчин төгөлдөр үйлчилдэг байхаар уг хуулийн төсөлд тусгасан байна. Ниргэсэн хойно нь хашхирав гэдэг шиг сонгуулийн шинэ хуулийн дагуу УИХ-д намын нэрээр орж ирсэн 28 гишүүний тухай асуудлыг яагаад одоо оруулж ирэх болов гэдэг сонин байна. Шулуухан хэлэхэд намын нэрээр УИХ-ын гишүүний сэнтийд суусан эрх дураараа аашилдаг, дөргүй гишүүдийн хэр хэмжээг тогтоож, хазаарлах гэсэн нэг төрлийн арга гэж олон нийтэд харагдаад байна. Одоогийн УИХ-д намын жагсаалтаар орж ирсэн гишүүдийн зарим нэгийг эс тооцвол  листнийхэн нам, намын шантаачид. Тэд амнаасаа гарсан хий, нүдэндээ харагдсанаа шүүмжилж, түүнийгээ улс төр хийж байна гэж эндүүрч яваа хүмүүс. Тиймээс намынхаа бодлогыг умартаж дур зоргоороо авирлаж яваа адаар гишүүддээ зориулсан тал бүрийн тохиролцоо бүхий хуулийн төсөл гэж хэлж болохоор байна. Ард түмний эрх ашгийг дээдэлсэн гэхээсээ илүү улс төрийн эрх ашгийг хөндсөн хуулийн төсөл болж байгаа учраас УИХ-д суудалтай намууд эл хуулийн төслийг өргөн баригдсан даруйд нь өлгөөд батлах далд захиалга байх магадлал өндөр байна.

Зарим эх сурвалжийн хэлснээр энэ хуулийн төсөл нэрэн дээрээ эрхэм гишүүн Ж.Батзандан санаачилсан харагдаж байгаа ч нидэр дээрээ Ерөнхийлөгч үүрэг болгосон гэх. Энэ хувилбар үнэн байх магадлал өндөр. Яагаад гэвэл листээр л биш бол өөр ямар ч аргаар УИХ-ын гишүүн хэмээх сэтэр зүүж чадахааргүй олон хүн өнөөдөр дураараа аашилж, Их хурлын даргад битгий хэл намдаа захирагдахгүй байгаа нь нам, намын шүдний өвчин төдийгүй нийтийн эрх ашгийг дээдлэх ёстой Ерөнхийлөгчийн зовлон болчихсон байна.

Наад зах нь Шинэчлэлийн Засгийн газрын сайд нарыг огцруулна, завсарлага авна гэх мэтээр улс орны эдийн засаг хүнд үед дөвчигнөх нь хэнд ч таалагдахгүй байна. Үүний цаана өнөөх тушаа болж буй жагсаалтын буюу “Ногоон гэрэл”-ээр орж ирсэн гишүүдийн нэрс дуулдана. Тиймээс барын зулзагыг бага дээр нь гэдэгчлэн “ногоон гэрэл”-ийнхнийг  нэг нэгээр няслах сэдлийг төрүүлчих шиг боллоо.

Үнэндээ нэгэнт өмнөх парламентийн бүрэн эрхийн хугацаанд ёс журмын дагуу баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хүрээнд бий болсон  УИХ-аа тарааж мэдэхээр ийм хуулийн төслийг санаачилж, батлуулахаар яригдаж байгаа нь цаг үеэ олоогүй мэт харагдана. Гэвч зайлшгүй шалтгаан улс төрийн хүрээнд байгаа бололтой.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж л гэхэд өнгөрсөн УИХ-ын сонгуулиар намынхаа жагсаалтад бичигдэж байхад эцсийн аргаа хэрэглэлээ гэх хүмүүс цөөнгүй байсан. Тийм ч байж мэднэ. Учир нь тэрээр Хууль зүйн сайдын албыг олон жил хашиж догширсон нэгэн. Ардчилсан намд битгий хэл ардын намдаа хэдэрлэж үе үеийн олигархиудын хар бараан, халтар хултар түүхийн амьд гэрчийн хувьд “бөмбөг” тэсэлж мэдэхээр байгаа. Хэвлэл мэдээллээр гарах нь элбэгшиж, хэлж ярих нь нэг л өөр болоод байгаа. Чухамдаа түүний энэ байдал нь намдаа, нэр бүхий төрийн өндөр албан тушаалтнуудад Нямдорж хэн бэ гэдгийг харуулах гэсэн сануулга, нөгөө талдаа нам нь болон мөнөөх нэр бүхий эрхмүүдэд Нямдоржоос яаж салах вэ гэдэг зовлон болж хувираад байгаа гэнэ.  Тэрээр сөрөх инстекцтэйн хувьд шинэчлэл ярьж буй Ерөнхийлөгч, шинэчлэлийн гэх Засгийн газрын эсрэг юу ч хэлж мэдэхээр байна. Хэрэв Ж.Батзандангийн хуулийн төслийг УИХ олонхиороо батлаад мөрдөж эхэлбэл Ардын нам нэн тэргүүнд Ц.Нямдоржийн асуудлыг чуулганд оруулах нь ойлгомжтой. Нэгэнт хэлэлцээд эхэлбэл АН ч тэр МАН ч тэр дуу нэгтэй түүнийг эргүүлээд татахад бэлэн харагдаж байна. Угаасаа МАН-ынхны олон жилийн туршид амжилттай хэрэгжүүлж ирсэн PR-ийн шалгарсан технологи нь хэн хэдэрлэнэ түүнийг ямар ч хамаагүй аргаар хазаарлаж чаддаг явдал.

Өөр нэг хэмжээгүй эрхээ хамаагүй бурах гээд ойлгочихсон нэг гишүүн УИХ-д нэг бус бий. Зарим гишүүний намынхаа бодлого шийдвэрээс хол зөрүүтэй зүйлсийг хамаа намаагүй ярих болсон нь МАХН төдийгүй “Шударга ёс” эвслийнхэнд таалагдахгүй байгаа сураг ч гарч байгаа. Намаасаа “хадуурч” давхиад байгаа улс  парламентад намын листээр сонгогдсон гишүүнийг эргүүлэн татдаг болох тухай хууль батлагдвал хамгийн эхэнд няслагдах хүний нэг байх магадлал өндөр байна.

Хааны алба халаатай гэдгийг мэдрүүлж нам нь гишүүн болгож чадсан, бас биш байлгаж чадна. Энэ мэтээр зовлонгүй олдсон гишүүний сэнтийгээсээ зуурдаар халих гишүүд нэлээд байна. Аль ч улс төрийн хүчний хувьд намдаа захирагддаггүй гишүүдээ “залхаан цээрлүүлэх” нь эхний ажил. Нөгөө талдаа төрийн тэргүүн улс орны нийтлэг эрх ашгийг ханган ажиллаж, УИХ, Засгийн газрын алдаа оноог засч залруулахад чухал үүрэгтэй учраас хүний өөрийн гэлтгүй хэн хэнийх нь шүдний өвчин болсон дархан эрхтэй гишүүдэд даруулга болох дээрх хуулийн төслийг санаачилсан байж мэднэ. Харин тэмцэгч, шударга имижтэй Ж.Батзандангаар сэлэм эргүүлүүлэх нь оновчтой хувилбар байсан байх. Хэрэв Ж.Батзандангийн өргөн барих хуулийн төсөл УИХ-аар олонхийн харж байгаачлан батлагдаад гарчихвал хамгийн эхний ээлжинд гишүүний сэнтийгээс няслагдах хүн нь Ерөнхийлөгчийн болоод намынхаа “хорхойтой араа”-нд зуугдаад байгаа эрхэм гишүүд хуруу дараалан байх бололтой.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих